Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хурлын танхимд “Агаарын бохирдлыг бууруулах талаар хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид тавих зорилтын тухай” зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга нар, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан, НЗД-ын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа нар оролцлоо. Уг уулзалтаар өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж эхлээд буй “Цэвэр агаар төсөл”-ийн үр дүнг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх алхмаа тодорхойлсон юм. Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол, утаа багассан гэж үзэж буйгаа Засаг дарга нар илэрхийлэхийн зэрэгцээ тулгарч байсан асуудлаа хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ажлаа тайлагналаа. Тус дүүрэг 35033 өрх, 20 хороотой. Нийт өрхийн 27103 нь буюу 77,3 хувь гэр хороололд хамаарагддаг ажээ. Ингээд 20 хорооны есөн хороонд төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Төслийн хүрээнд Мянганы сорилт сангийн өлзий болон хас зуух, утаа бага гардаг, бүрэн шаталттай түлш, эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж, хэрэгжүүлжээ.
Харин Сүхбаатар дүүргийн хувьд 8000 гаруй өрх төсөлд хамрагдаагүй үлдсэн. Шилжилтийн нөхцөл байдалд бид зуух болон түлш хэрэглэж байгаа гэж ойлгож байгаа. Цаашдаа дэд бүтцэд шилжих нь чухал юм хэмээн яриагаа өндөрлөсөн.
Үүний дараа Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан дүүрэгтээ авч хэрэгжүүлж, тулгамдаж байгаа асуудлаа нэлээд тодорхой тайлагналаа. Тэрээр хэлэхдээ “Манай дүүрэг зуух тараагаагүй. Боловсруулсан түлш, гэрийн дулаалга, цахилгаан халаагуур, цахилгааны хөнгөлөлтийн хүрээнд ажиллалаа. Төслийг хэрэгжүүлэхэд хүн хүч их дутагддаг юм байна. Ингээд таван хүн авч ажиллуулахын дээр 56 хэсгийн ахлагч нараа 50000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан. Төсөл үр дүнтэй байхаар байна. Гэтэл манай дүүрэгт 14 мянган тонн боловсруулсан түлш хэрэгтэй байсан бол 7.4 мянган тонныг л нийлүүллээ. Энэ нь хангалтгүй байна. Коксжуулсан нүүрс, үртсэн түлш үйлдвэрлэдэг МАК болон Шарын гол компаниас төлөөлөл ирсэнгүй. Тэдэнтэй хэлэлцэж, нийлүүлэлтийг тодорхой ярих хэрэгтэй байлаа” гэсэн юм.
Хан-Уул дүүргийн хувьд Нисэхийн 9, 10-р хорооны 2377 өрхөд төслөө хэрэгжүүлжээ. Ингэхдээ 257 өрхөд гэрийн дулаалга, 1910 өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ өвөл Яармаг, Нисэхийн бүх хороодоо хамруулахаар ажиллаж байгаа аж.
Нийслэлийн хамгийн их хүн ам, гэр хороололтой дүүргүүд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг байдаг. Өнгөрсөн өвөл БЗД-ийн 6 хороо 13833 өрх цэвэр агаар төсөлд хамрагдсан бол ирэх өвөл нэмж 23 хороо хамрагдах юм байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны 13-т нь буюу 22900 өрхөд зуух тараажээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд 35 мянган тонн нүүрс хэмнэжээ. Мөн эрчим хүчний хөнгөлөлт, дулаалга зэргийг тараасан гэв. Харин дахин 9 хорооны 16600 өрхийг хамруулах төлөвлөгөөтэй аж. Тус дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирэх өрх их байдаг онцлогтой. Харин мөн л боловсруулсан түлш хүртээмжгүй байсан байна.
Ингээд дүүргийн Засаг дарга нарын нэгдсэн санал боловсруулсан түлшний нийлүүлэлт муу байсан, төсөл хэрэгжүүлэх ажиллах хүч хэрэгтэй байдаг, зуух авахад олон хоног зарцуулдаг зэрэг асуудлууд тодорхойлогдсон юм.
Иймд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан засаг дарга нарт дараах байдлаар ажиллахыг зөвлөлөө.
Тэрээр: "Ажлаа зөв төлөвлөж, эргээд хянадаг байх хэрэгтэй. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Цэвэр агаарын төсөл хэрэгжих ажлыг хойш тавьж болохгүй. Намар сэрүүний улирал дөхмөгц дулаалгын компанит ажил зохион байгуулах, цахилгааны хэмнэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах хэрэгтэй" хэмээн сануулахын дээр хариуцлага санаачлагаа нэмэгдүүлж дулааны хэмнэлттэй гэр, байшингийн шалгаруулалтыг дүүрэгтээ зохион явуулах, агаарт бохирдолгүй дулааны бусад эх үүсвэрийг нэмэгдүүлж ажиллахыг уриаллаа.
Мөн 2013-2014 онд тараах байсан Мянганы сорилтын сангаас хэрэгжиж буй хас, өлзий зуух 50000 мянган ширхэг байгаа. Энэ 50000 мянган зуухаа энэ өвөл тараах боллоо. Иймд энэ өвлийг “Зуухжуулах жил” болгоё. Энэ их хэцүү ажил. Гэхдээ эрч хүчээ алдахгүй, хамтдаа ажиллая гэсэн Үндэсний хорооны даргын үгээр уулзалт өндөрлөсөн юм.
Ийнхүү энэ өвөл нийслэлийн 50000 өрх утаагүй, түлшний хэмнэлт бүхий зуухтай болох ажээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )