Төрийн албаны тухай хуулинд “Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй сургах” тухай заалт байдаг. Тэгвэл уг заалтыг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 тоот тогтоолоор хасаж, хүчингүй болгосон байна. Тухайлбал, энэ жилээс эхлэн их дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудын хувьд төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамрагдах боломжгүй болж байгаа юм. Харин төрийн албан хаагчийн тэтгэлгээр одоо суралцаж буй оюутнууд төгсөх хүртлээ тэтгэлэгтээ хамрагдах гэнэ.
Энэ жил оюутнууд хоёр янзын тэтгэлэгт хамрагдах бөгөөд нэгдүгээрт, сургалтын төлбөр, хоёрдугаарт, сургалтын төлбөрийн зээл олгох юм. Сургалтын төлбөрийг бакалаврын зэргээр өдрийн ангид суралцаж байгаа бүтэн өнчин, суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан/ эцэг эх нь хоёулаа/ гишүүнтэй өрхөөс суралцаж байгаа оюутнууд авна. Харин сургалтын төлбөрийн зээлийг авахын тулд шинээр элсч буй оюутнууд ЭЕШ-д 600 болон түүнээс дээш оноо авсан шинээр элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараах суралцагчид олгоно. Мөн хагас өнчин, малчин өрхийн суралцагч, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь бүсийн амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид авах боломжтой ажээ.
Энэхүү тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд бүрэн дунд боловсролын үнэмлэх, ЭЕШ-ын батламжийн хуулбар, эцэг эх харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар, зохих журмын дагуу БСШУЯ-наас олгосон томилолтын хуулбарыг авчрах юм байна. Түүнчлэн зарим оюутнууд нэмэлт элсэлтээр ороод сургуулийн томилолттой байдаг. Энэ нөхцөлд тэтгэлэг олгох боломжгүй бөгөөд зохих журмын дагуу яамнаас олгосон томилолттой байж тэтгэлэгт хамрагдах юм.
Эдгээрээс гадна мөн тухайн оюутан ямар төрлийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэйгээ тодорхойлсон өргөдөл бичих бөгөөд нэмэлт бүрдүүлэх материал ч бас бий. Тодруулбал, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой нэн ядуу өрхийн оюутнууд Засаг даргын тодорхойлолт, гэрээт цэргийн алба хаасан албан бичиг сум дүүргээс авсан байх шаардлагатай гэнэ. Мөн бүтэн өнчин хүүхдүүд эцэг эх нь нас барсныг гэрчлэх тодорхойлолт зэргийг бүрдүүлээд ирэх сарын 1-ний дотор тухайн элссэн сургуульдаа өгөх ёстой юм байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 1 )
ааааааааааааааа ааааааааааааааа аааааа