"Шилмэл загвар" ХХК-иас зохион байгуулсан “Mongolian beauty” тэмцээн өчигдөр “Богд хааны музейд” болж өндөрлөлөө. Уг тэмцээний гол зорилго нь Монгол улсын нэрийг дэлхийн загварын тайзнаа гаргаж чадахуйц бие, оюун ухаан, гоо зүйн мэдрэмжтэй чадварлаг охид хөвгүүдийг “Монголын гоо үзэсгэлэн” буюу “Mongolian beauty”-гээр тодруулахад оршсон.
Тэмцээн театрчилсан хэлбэрээр тавигдахын зэрэгцээ хүмүүсийн хамгийн их сонирхдог усны хувцастай үзүүлбэрийг музейтэй хэрхэн хослуулж болохыг харуулсан үзүүлбэрээр нээлтээ хийсэн юм.
Миссүүд алтлаг шаргал өнгийн толгойн гоёл, бадамлянхуа цэцгийн дэлбээг дүрсэлсэн хувцсаар гоёсон нь эмэгтэй хүний гоо сайхныг харуулаад зогсохгүй үнэхээр Дарь-Эх шиг харагдаж байсан.

Тус үзүүлбэрийн дараа “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид тэнд хуран цугларсан үзэгчдэдээ зориулан бурхан шашны зан үйлийн бүжиг болох "Цам харайх" үзүүлбэрийг үзүүлсэн юм.

“Топ”-ууд “Mongolian beauty”-гийн тайзнаа
Монголын гоо үзэсгэлэнг шалгаруулах тус тэмцээний нэгэн үзүүштэй үзүүлбэр нь "Шилмэл загвар" ХХК-иас төрөн гарсан тив дэлхийн олон тэмцээнд эх орныхоо нэрийг гаргасан чадварлаг моделиуд үндэсний хувцас болон өдөр тутмын хувцасны коллекцийг танилцуулсан юм. Тэдний алхаа гишгээ тайзны соёл, хувцас амилуулах зэрэг нь үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд байсан ба үзэгчид ч халуун алга ташилтаа тэдэнд харамгүй илгээж байлаа.

“Монголын гоо үзэсгэлэн”-гийн гэнэтийн бэлгүүд
Тус шоунд “Miss world-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн Х.Баярмаа “Шилмэл загвар” компаний загваруудыг үзэгчдэдээ сонирхуулсан юм. Эх орондоо ирснээсээ хойш анх удаа тайзнаа гарч буй мисс бүсгүйд үзэгчид халуун дотноор алга ташин баяр хүргэж байв. Мөн "Мотив" хамтлагийнхан өөрсдийн гаргасан цоо шинэ дуугаар тэмцээнд оролцож буй моделиуддаа амжилт хүссэн юм.

Тэмцээн үндэсний хувцасны үзүүлбэрээр цааш үргэлжилсэн.Тэд “Шилмэл загвар” ордны шилдэг дизайнеруудын урласан хувцаснуудыг тайзнаа амилуулж үзэгчдэд хүргэсэн нь хүмүүсийг үндэсний хувцсаараа бахархах сэтгэгдлийг төрүүлж байсан.
Ардын урлагийн гайхамшиг
Монголын язгуур урлагийг эх орондоо болон гадаадад сурталчлан таниулж яваа уран бүтээлчид ирж уран бүтээлээсээ толилуулсан юм. Үүнд “Тэнгэр” хамтлаг , “Сарны чулуу” чуулгын бүжигчид “Хос тайж” үзүүлбэр, "Бөртэ" хамтлагийн ятгачин Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар ирж уран бүтээлээсээ хүргэсэн юм. Тэдний тоглолт монгол хүн бүрийн сэтгэлийг огшоон үзэгчид халуун халуун алга ташилт нижигнүүлэн байлаа. Үнэхээр ч Монголын язгуур урлаг дэлхийд гайхагддаг. Энэ их өв соёлоо бид дээдлэн хүндлэх ёстой.
Торгон мөч
“Mongolian beauty-2012”-ийн ялагчид тодрох торгон мөч ирлээ. Тэмцээнд оролцсон 27 залуус өөрсдийн хүч хөдөлмөрийн үр дүнг үзэх цаг ойртож зүрхээ даран зогссон. Олон улсын тэмцээнүүдэд тавигддаг зураг авалт, алхаа гишгээ, илтгэх уран чадвар, хэлний мэдлэг гээд олон шалгуурыг давсан шилдэг моделиудыг "Шилмэл загвар" ХХК-ийн захирал Ч.Оюунцэцэг, топ моделиуд болох Э.Сэлэнгэ, Т.Туяамаа, О.Хулангоо болон “Fashion one” телевизийн Монгол дахь захирал Бат-Октьябр нар гоо үзэсгэлэн, хувцас загварын төлөөлөл болохуйц шилдэг 9 номинацийн эздийг шалгаруулснаар тэмцээн өндөрлөсөн юм.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )