Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын газар ерөнхий газраас “Нийгмийн хамгааллын хамралтыг өргөтгөх нь” сэдэвт олон улсын ахндугаар бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд Монгол, Япон, БНХАУ, БНСУ зэрэг орны нийгмийн даатгалын салбарын төлөөлөгч, Олон улсын Нийгмийн хамгааллын Ассоциацийн төлөөлөгч, ДЭМБ, НҮБ-ын төлөөлөл зэрэг нийт 50 гаруй хүн оролцлоо. Хуралдаанаар олон улсын хамгааллын салбарын чиг хандлагыг судлах, харилцан солилцож туршлага судалсан бөгөөд “Монгол дахь тэтгэврийн шинэчлэл хамрах хүрээг өргөтгөх нь”, “Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх БНСУ-ын туршлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг хурлын үеэр хэлэхдээ “Манай орон Олон улсын нийгмийн хамгаалал ассоцийн гишүүн. Тиймдээ ч энэ хурлыг зохион байгуулахад бэрхшээл бага гарлаа. Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу нийт хамрагдвал зохих хүний 61 хувийг 2011 онд нийгмийн даатгалд хамруулж чадсан. Үүнээс үзвэл манай байгууллага өнгөрсөн хугацаанд хийх ёстой ажлаа сайн гүйцэтгэсэн” гэжээ. Түүнчлэн цаашид энэ амжилтаа хэвээр хадгалж, нийгмийн хамгааллыг сайжруулахын тулд ирээдүйн тэтгэврийн нөөц сан болгож тэтгэврийн сангийн балансыг сайжруулах, нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа малчид, албан бус секторт ажиллагчдын даатгалын шимтгэлийг түр хугацаанд төлөх зориулалт бүхий сантай болох, Монгол улсад 1990-1993 оны хооронд ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэлийн тасалдлыг нэг удаагийн арга хэмжээгээр нөхөн төлөх арга хэмжээг авах зэрэг бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг онцолж байсан юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )