Дэлхийн хэмжээнд загварын чиглэлээр цацагддаг гурван телевиз байдаг ажээ. Тэдний нэг болох “Fashion ONE TV” нэртэй телевиз ирэх сарын 9-нд Монголд салбараа нээх гэж байна. Нээлтийн ёслолд Монголын шилдэг загвар өмсөгч, дизайнеруудын бүтээлийг хүргэхээс гадна DJ, үндэсний хөгжмийн хамтлагууд оролцох юм.
Энэхүү суваг нээгдсэнээр Монголын загварын ертөнцийн мэдээ, мэдээллийг дэлхийн 60 сая үзэгч сонирхох боломж нээгдэх ажээ. Иймд монголын шилдэг 20 орчим модель, зургаан загвар зохион бүтээгч, үндэсний хөгжмийн хамтлагууд, Гоёо, Алтай кашмер, Шилмэл загвар зэрэг үндэсний хэмжээний компаниудтай хамтарч нэвтрүүлгүүдээ бэлтгэхээс гадна реалити нэвтрүүлгүүдийг хүргэхээр төлөвлөсөн байна. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Монголын загварын ертөнцийг шилдэг дизайнеруудынхаа бүтээлээр дэлхийд харуулах, сурталчлах зорилготойг онцлон тэмдэглэж байв.
Шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Катя Зол “Мода Монголоор дуусдаг цаг ард хоцорсон. Иймд шилдэг дизайнеруудтайгаа хамтарч Монголынхоо загварын ертөнцийг дэлхийд таниулах болно” гэлээ.
Тус телевиз нь загварын ертөнц, энтертайнмент болон онцгой амьдралын хэв маягийг тодорхойлогч суваг юм.
Дашрамд дурдахад энэ сувгийг эхний ээлжинд “Univision”-ээр хүлээн авч үзэх боломжтой аж. Гэхдээ цаашид сувгаа цацах эх сурвалжаа нэмэгдүүлэхээр компаниудтай ярилцаж байгаа юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )