”Хятадын соёлын өдөр”-ийн циркийн тоглолт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Монгол Улсын “Соёлын сар” арга хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Бээжингийн үндэсний музейд нээлтээ хийж байсан билээ. Морин хуурын чуулга язгуур урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн Хятадын ард түмний талархлыг хүлээж байсан. Соёлын сарын гол зорилго нь Хятад, Монголын харилцааг улам бэхжүүлэхэд оршдог. БНХАУ-ын Соёлын Яам болон Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам хамтран өчигдөр СТӨ-д зохион байгууллаа. Тэд циркээр голлож, ардын дуу, монгол дуу, ардын хөгжимийн номеруудаар үзэгчдэд бэлэг барьсан. Тоглолтын талаар найруулагч, тус багийг ахалж буй Яан Гүй Читэй ярилцахад “Бид 35 хүнийн бүрэлдэхүүнтэй ирсэн. Улсынхаа үндэсний дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид. Өмнө нь АНУ, Англи, Сингапур зэрэг оронд тоглосон. Танай улсад анх удаа ирж тоглож байгаадаа баяртай байна. Бид олон улсын тэмцээнд дээрх тоглолтуудаараа медальт байрт шалгарч байсан аж. Тоглолтын дараа танай улсын уран бүтээлчидтэй уулзалдана. Тэр үед туршлага солилцохоо ярилцана” гэв. Тоглолтыг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, Монгол Улсад суугаа Хятад Улсын Бүрэн эрхэт элчин сайд Ван Шау нар үг хэлж нээсэн юм. Харин олны танил уран эрхэмүүдээс Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, соёлын гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа нар тухлан сонирхож байсан юм. Ингээд уншигч танаа тус тоглолтын фото сурвалжлагийг хүргэж байна.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top