Филиппини эмэгтэй манай улс руу хар тамхи зөөвөрлөдөг байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 14-нд ирсэн Филиппиний иргэн 45 настай Т тээшиндээ их хэмжээний герион авч яваад саатуулагдсан. Тэрээр 4-5 удаа манай улсад жуулчин маягаар ирчихээд, тэр шөнөдөө буцаад явдаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Тэрээр ингэж ирэх болгондоо хар тамхи зөөж, авчирч байсан бололтой. Филиппин эмэгтэй нь Зүүн өмнөд Азид хууль бус үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлийн гишүүн хар арьст залуугийн эхнэр бөгөөд нөхрийнхөө зараалаар манай улсад брэндийн хувцас нэрээр мансууруулах бодистой чемодан хүргэж өгөхөөр ирсэн нь батлагдаад байгаа юм байна.

Цагдаагийнхан шалгалтын явцад түүнийг тосож, барааг нь авч, өөр хүнд дамжуулдаг байсан А гэх Монгол бүсгүйг ч саатуулжээ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хорьж буй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл 192.3.5 тавд зааснаар мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газраас “Уг хэрэгтэй танилцаж эхэлж байна. Хуулийн хугацаандаа танилцаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь тодорхой болно” гэв.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top