Хоногт нэг хүн амиа хорлодог болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Улс орон хөгжихийнхөө хэрээр мөхөл рүүгээ явж байдаг гэсэн онч үг байдаг. Нээрээ ч тийм юм шиг. 1990-ээд онтой харьцуулахад өдгөө аливаа хэрэглээ, мэргэжил боловсрол эзэмших, орчин тойрон гээд өөрчлөгдөж, нэг үгээр хэлбэл хөгжсөн. Гэтэл энэ хөгжлөөс үүдэн олон сөрөг үзэгдлүүд нийгэмд ажиглагдаж буй. Тухайлбал, эмэгтэйчүүд, хүүхдийн тамхидалт нэмэгдэхийн зэрэгцээ залуужиж, хар тамхи хэрэглэгчид олширч, урьд өмнө төрж байгаагүй гажигтай хүүхэд мэндэлж, амиа хорлолт ч ихсэв.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар хоногт нэг хүн амиа хорлодог гэжээ. Харин  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37,8 хувиар буурсан судалгаа гарсан ч сүүлийн хэдэн сар эрс нэмэгдэж эхэлжээ. Тэдний дийлэнх хувийг 18-30 насныхан, 60 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлж буй нь амиа хорлолт эрэгтэйчүүдэд элбэг байгаагийн дээр залуу насныханд түгээмэл байгааг илтгэж байна. Түүнчлэн, он гарсаар өсвөр насны хүүхэд амиа хорлосон тохиолдол тав гарсан бол наймдугаар сарын 15-ны байдлаар гурван өдөр л амиа хорлосон хэрэг бүртгэгдээгүй юм.

Өсвөр насныхны хувьд ноцтой шалтгаан байдаггүй ч эцэг, эхдээ загнуулж, зодуулснаасаа болж амиа хорлодог байна. Эцэст нь амиа хорлох шалтгааныг тогтооход тийм ч хүнд, хэцүү шалтгаан биш байдаг нь олон залуу шалихгүй асуудлаас болж алтан амиа өргөх нь их болжээ гэдэг тодорхой юм.

Харамсалтай нь амиа хорлосон хүмүүсийг архи ууснаасаа болж  амиа хорлосон гэдэг ч үнэндээ архи ууснаас болоогүй эртнээс бодож төлөвлөсөн байдаг. Зарим тохиолдолд гэр бүлийнхэн нь архи уугаад зүрх нь зогсож, хаагдаж нас барлаа гэж мэдүүлдэг болсон. Учир нь амиа хорлосон тохиолдолд оршуулах газар олдохгүй гэж эмээдэгтэй холбоотой. Тодруулбал, залуучууд гэнэт зүрх нь хаагдаж, даралт нь ихсэж нас барах болсон тухай яриа чих дэлсэх ч угтаа дийлэнхдээ л амиа хорлосон байдаг ажээ.

Харин амиа хорлох аргын дийлэнхийг тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсэн нас баралт эзэлдэг. Ийм төрлийн эмийг эмчийн жорын бичгээр өгч байх ёстой. Гэтэл тэр болгон эмчийн жороор эм худалдаалдаг эмийн сан бараг байхгүй. Энэ тохиолдолд эргээд эмийн сан болон худалдагчтай нь хариуцлага тооцох хууль, эрх зүйн үндэс бүрдэхгүй байгаа нь жоргүй эм худалдаалах орчин нөхцлийг дэмжээд байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top