Боловсролын шинэ сайд Лу.Гантөмөр хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө салбарынхантайгаа уулзахдаа арван жилийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нд багшдаа цэцэг барьж очдогийг болиулна. Монголд эх захаа алдаад байгаа авлигын бас нэг жижиг хэлбэр, үүнээс болж багшдаа цэцэг авах боломжгүй ядуу айл өрхийн хүүхдүүд анги дотроо гадуурхагдахад хүрдэг хэмээн тайлбарласан билээ. Энэ ч үнэний ортой бололтой. Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн нээлт орон даяар болж өнгөрлөө. Цэцэрлэг, сургуулиуд нэгэн зэрэг нээлтээ хийж хүүхэд багачууд маань баяр хөөрөөр дүүрэн байна. Өнгийн цэцэгс шиг гоёмсог хувцасласан хүүхдүүд зуны хэдэн сар уулзаагүй ангийнхан хийгээд багш нартайгаа уулзахаар сургууль, цэцэрлэгийн зүг яарна. Оройгүй эрдмийн охь ундаргыг шавь нартаа зааж сургахад бүхий л цаг заваа зарцуулдаг багшийн алдрыг магтаад баршгүй ч тэдэн дунд тоон дундах үсэгнүүд ганц нэг байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа.
Зуны хэдэн сар багштайгаа уулзаагүй бяцхан охин баяртай нь аргагүй цэцэрлэгийн зүг элдвийг шулганан явна. Амттанд дурлах насандаа яваа тэр нүдэнд харагдсанаа өөрөө авахуулахын оронд үүнийг ч багшдаа өгнө, түүнийг ч багшдаа өгнө хэмээхэд үнэхээр эцэг эхийг орлохуйц сайн багштай юм байна даа гэж сэтгэлдээ баяртай явсныг нуух юун. Тэр үнэхээр баяр хөөрөөр дүүрэн цэцэрлэгтээ ирсэн. Авъяаслаг багачуудын урлагийн тоглолтыг шимтэн үзэхийнхээ завсар ангийн багшаа нүдээрээ эрэлхийлнэ. Охин насны сэвлэгээ үргээсэн түүний толгойг харсан багш нь харин тун янз муутай дохих нь тэр. Учрыг олоогүй тэр багшийнхаа зүг хий л инээмсэглэх аж. Нээлт дууссаны дараа эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт анги ангидаа орцгоов. Багш нь бүртгэлээ хөтлөн зав муутай харагдах ч өөрт нь цэцэг набор өгсөн хүүхдүүдийг энхрийлэн үнсэж зуны турш юу хийснийг нь асуухаа үл мартах аж. Бяцхан охин ээлжээ хүлээн хэсэг зогссоноо гэнэт санасан бололтой цүнхээ уудалж зорьж авчирсан чихрийн цуглуулгаа багшдаа өгөв. Нүдэнд нь торохгүй байсан шавь сая нэг багшийнхаа нүдэнд өртөж үнсүүлэх эрхээ олж авах нь тэр. Хажууд нь зогсоод байхад огтхон ч анзаараагүй багш гарыг нь цайлгасаны дараа зан ааш нь сайхан болж байна гэж жигтэйхан. Тэр даруй дүр төрх, дуу хоолойгоо өөрчилж буйг харахад хэр баргийн жүжигчний уран чадвар юу биш ч санагдсаныг нуух юун. Багшдаа бүгдийг өгнө хэмээн ярьдаг бяцхан охин гарыг цайлгасан цагт өөрт нь сайн ханддаг учраас тэгдэг байсан бололтой. Багш та ардын үрсийг алагчилалгүй хайрлаж мэддэг бүхнээ заах буянтан биш билүү. Үнэхээр багшдаа үнсүүлэх хүртэл үнэтэй болсон цаг ирсэн гэж үү.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 2 )
mongoliin bolobsrol unen goloosoo huuhdee surgah bish zubhun aar saarhan zuileer oroldoh boljde argagui de muis tugssun huniig chi bagsh bish gecheed hubiin surguuli tugssun hulduu tolgoitnuudaa bagsh geed baihaar yaj ene bolobsrol chin hugjih bede
mongoliin bolobsrol unen goloosoo huuhdee surgah bish zubhun aar saarhan zuileer oroldoh boljde argagui de muis tugssun huniig chi bagsh bish gecheed hubiin surguuli tugssun hulduu tolgoitnuudaa bagsh geed baihaar yaj ene bolobsrol chin hugjih bede