Хотын мээрийн шийдвэрээр автозамын хөдөлгөөнд оролцох машиныг номерынх нь төгсгөлийн тоогоор долоо хоногт нэг удаа өнжөөдөг журам тогтоод буй. Энэхүү журам нийслэлчүүдийн амьдралд томоохон дэм боллоо. Хүнээсээ олон машин хөлхсөн Улаанбаатарын гудамжинд машины түгжээ гэж мангас хөгжлийн чиргүүл болж байгаа нь маргаангүй үнэн. Авто тээврийн хэрэгслэлийг хотын төв замаар явуулах хязгаарлалт хийсний дараа түгжрэл багасч, тэр дундаа нийтийн тээврийн хэрэгслэлийн нэвтрэлт сайжирсан нь илт мэдрэгдэж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр гараждаа гурваас дөрвөн машинтай баячууд, ер нь хоёр машинтангууд номероо солиулах их аяныг өрнүүлж эхэлжээ. Авто тээврийн газраас машины номерыг солихгүй гэсэн шийдвэр гаргасан ч хэрэгжилт нь ноль байгааг энэ үйл явдалд давхар нотоллоо. Дөнгөж өчигдөрхөн, уржигдархан хоёр дахь машиныхаа номероо солиод “Хишиг өдөр”-ийн хүндрэлийн ард эрсдэлгүй гарсан жолооч нар хаа сайгүй л тааралдаж байна гэх. Энэ Авто тээврийн газар хэмээх 10 ширхэг цифрээр хамгийн ашигтай бизнес хийж байгаа газрыг хувьчлаад авто дугаар зардаг компани болгочих ёстой юм биш үү. Хамгийн тодорхой, хамгийн нүдэнд ил авлига энэ газар л явагдаад байгаа. Ганцхан баримтаар үүнийг баталж болно. Том биетэй, өндөр үнэтэй машин бол сайхан номер л зүүж байна, давжаа биетэй, даруухан өртөгтэй машин бол тооны цуглуулга нааж байна. Авто тээврийн газрын даргын тайлбарласнаар машины номер санамсаргүйгээр сонгогддог болсон гэсэн. Тэгвэл том машины жолооч очихоор аз таараад, мань мэт нь азгүй юм байна л даа. Тэр санамсаргүй сонголт хийдэг программ хамгийн дургүй хүрмээр бялдууч, үзэн ядмаар ялгаварлан гадуурхагч этгээд байгаа биз. Программ хүртэл ядуусыг дээрэлхэх юм даа энэ Монголд, новш гэж.
Ө.Мэргэндүү

Сэтгэгдэл ( 0 )