Намар болохоор хөдөө орон нутгийн оюутнуудын хотыг зорьсон хөл хөдөлгөөн эхэлдэг. Тэд шинэ хичээлийн жилийнхээ бэлтгэлийг базаахаар захуудаар явдаг. Энэ үеэрээ тэд халаасны хулгайчдын өгөөш болох явдал их гардаг юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэгч Цагдаагийн ахмад Ц.Чимэддагваас тодруулахад “Олны хөл ихтэй газруудад хулгайн хэрэг их гардаг. Тухайлбал, Нарантуул, Бөмбөгөр, Хархорин захууд, Багшийн дээдийн буудал, III IV хороолол, зэрэг газруудаар халаасны хулгайн гэмт хэрэг их гардаг. Түүнээс гадна Хичээлийн шинэ жил, төгсөлтийн баяр, Цагаан сар, Шинэ жил, гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр тогтмол өсч байгаа нь анзаарагддаг” гэв.
Мөн “Хулгай ихээр гардаг обьектуудыг камержуулах ажил хийгдэж байна. Түүнчлэн халаасны хулгайчийн апьбомыг бий болгосон. Үүнд давхардсан тоогоор 700 гаруй хулгайчийн зураг багтсан. Иргэдэд ээ анхааруулж хэлэхэд түрүүвчиндээ бүх бичиг баримтаа авч явдгаа болих хэрэгтэй гэж захимаар байна. Хэрэв бичиг баримтаа алдсан бол виза картаа хамгийн түрүүнд хаалгах хэрэгтэй. Томоохон супер маркетууд нууц дугааргүйгээр гүйлгээ хийдэг болсон. Тиймээс хулгайчид виза картаар худалдаа хийж, их хэмжээний хохирол учруулах байна. Хамгийн сүүлд гэхэд алдагдсан виза картаар 2 сая төгрөгийн худалдаа хийсэн хэрэг бүртгэгдсэн иймд иргэд сонор сэрэмжтэй явах хэрэгтэй" гэсэн юм
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )