Нийслэл хотын автозамын түгжрэлийг багасгах талаар цогц арга хэмжээ авч эхэлсээр хэдэн өдөр өнгөрөхөд нийтийн тээврийн автобус нийслэлийн хамгийн хурдан унаагаар тодроод байгаа билээ.
Харин өнөө өглөө хичээл сургуулийн эхлэл жигдэрч ачаалал ихэссэнээс болсон уу, нөгөө “магтсан хүүхэн хуримандаа унгав” гэгчээр зарим чиглэлийн автобусанд бөөн асуудал үүсэж байгаа нь анзаарагдав.
Өглөөний байдлаар “Ган хийц-ХМК-Үйлдвэр-Зайсан” гэсэн чиглэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Зайсан ордог ганц шугам гамшгийн байдалтай байсан гэхэд хилсдэхгүй.
Автобус хоорондын гаралтын хугацаа 3-4 минутын зайтай байх болно гэсэн эрхэм хотын даргын амлалтыг энэ шугамынхан зөрчин өнөө өглөө 30-40 минутын хугацаанд зорчигчдоо хүлээлгэн чирэгдүүлэв. Энгийн үедээ л бараг социализмын үеийн автобусыг санагдуулам явдаг энэхүү чиглэл өнөө өглөө бүр хэрээс хэтрэн, эхний 3-4 буудлаас пиг дүүрсэн учраас дараагийн буудлуудаа зогсолгүйгээр алгасан орхиж, араас нь хүмүүс хаалгыг нь нүдэн хөөн гүйж бөөн юм болцгоов.
Энэ ганц шугамаар Хан-Уул дүүрэгт оршдог нилээн хэдэн хувийн их дээд сургууль, Зайсангийн ХААИС-ийн оюутнууд мөн тус дүүрэгт орших үйлдвэр албан газрын ажилчид болох маш олон хүмүүс зорчдог бөгөөд өглөөдөө ачааллаа дийлж ядан асар бэрхшээлтэйгээр үйлчилгээ үзүүлж байна.
Байнга пиг чихээстэй явдаг учраас зорчигчдын хооронд “шахлаа, түлхлээ, хөл гишгэлээ” гэсэн хэрүүл маргаан үл тасран, гарын булчингаа чангалан сайн тулахгүй бол цонх, хананд нялуулчих гээд бөөн стресстэй хүмүүс өглөө ажил, сургуульдаа очицгоож байна. Энэхүү стрессийн уур амьсгал нь ажлын бүтээмж, хичээлийн ойлгомжит байдал зэрэгт сөргөөр нөлөөлдөг байж болохыг үгүйсгэх аргагүй.
Иймд ард иргэдийнхээ тав тухыг бодолцон иймэрхүү асуудалтай чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлэх, эсвэл бага оврын микробусын шинэ шугам нээхэд анхаарах шаардлагатайг сонордуулахаас аргагүйд хүрлээ!
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )