Өнөөдөр Монголын их, дээд сургуульд элсэн орж буй оюутны тангараг өргөх ёслол болж өндөрлөлөө. Энэ хичээлийн жилд бакалаврын түвшний боловсролд нийт 44 мянган оюутан элсэн суралцаж байна. Уламжлал ёсоор эмч, багш, цэрэг, цагдаа, хуулийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэн орж буй оюутнууд тангараг өргөв.



Тангараг өргөх ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, зарим их дээд сургуулийн багш нарын төлөөлөл болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Төрийн өндөрлөгүүд их, дээд сургуульд элсэн орж тангаргаа өргөж байгаа залууст мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн бөгөөд ёслолыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ “Оюутан байх гэдэг их сайхан цаг, үе шүү. Би МУИС-д Физикийн ангид таван жил суралцаж биофизикч болж төгссөн. Намайг элсэх үед гадаадын их, дээд сургуулиудын хуваарь байсан ч МУИС-даа элсэж биофизикч болсондоо баярлаж байдаг. Ингээд сургуулиа төгсөөд сургуульдаа арван жил багшилсандаа баяртай байна. Би та нарыг Монгол улсынхаа их, дээд сургуулийг сонгож Монголдоо боловсрол эзэмшье гэсэнд мөн их баярлаж байгаа. Баяр хүргэе та бүхэндээ. Хоёрдугаарт оюутан байхад хүн олон найз нөхөдтэй болдог. Миний хувьд тэдний нэг нь НЗД Э.Бат-Үүл юм. Зөвхөн сурах биш хөдөлмөрлөх явдал чухал шүү. Сайхан найз нөхөдтэй болгож өгдөг оюутан нас бол хүний амьдралд мартагдашгүй юм. Та бүхнийг олон сайхан найз нөхөдтэй болж их зүйлийг эх орондоо хийж бүтээхийг хүсэн ерөөе. Баяр хүргэе. Гуравдугаарт та бүхэн олон төрлийн мэргэжил сонгож байгаа. Ямар ч мэргэжлийг сонгосон байсан түүнийхээ төлөө хичээн зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөж мэргэжлээ сайн эзэмшээрэй. Монголд мэдлэг чадвартай боловсон хүчин, өөрийнхөө болон эх орны өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдэж чадах эрч хүчтэй залуус үгүйлэгдэж байна” гэлээ.
Ингээд хичээлийн анхны хонхыг Ерөнхий сайдын хамт ЭМШУИС-ийн оюутнууд цуурайтуулж, оюутнууд “Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон ОЮУТАН-БИ эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авъяас чадвартай, ѐс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй,эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая” хэмээн тангаргаа өргөлөө.

Мөн энэ үеэр зургаан оюутанд сургалтын тэтгэлэг олгох батламж гардуулсан юм.

1. “Эм Ай Юү” дээд сургуулийн Компьютерийн программ хангамжийн ангийн оюутан С.Азсайхан
2. МУИС-ын Худалдааны сургуулийн Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутан С.Азбаяр
3. МУИС-ийн Япон хэл-орчуулагчийн анги Б.Номин-Эрдэнэ
4. Улаанбаатар их сургуулийн Япон хэл- судлалын анги Б.Нандин-Эрдэнэ
5. МУИС-ийн Бизнесийн удирдлагын анги Б.Баярмаа
6. МУИС-ийн Бизнесийн удирдлагын анги А.Гансүх
Үүний дараа оюутан залуус зориулсан соёл урлагийн арга хэмжээ үргэлжилж Мотив, Дижитал зэрэг хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )