Зуурмаг зуурагч кран 12 настай хүүхэд дээр нурж амь насыг нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Өнөөдөр Саппорогийн тойргоос хойшоо, Ард аюушийн өргөн чөлөө рүү Гэмтэл согогийн эмнэлэг явах замд ноцтой осол гарсан байна. Саппорогийн тойргоос 3, 4 хороололын чигт явган хүний замд  ээж, эгчтэйгээ 12 настай охин явж байсан аж. Гэтэл  барилгын зуурмаг дамжуулагч кран   хүүхдийн дээрээс унасан бөгөөд хүүхэд газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн нэг суудлын авто машин дайруулж жолооч нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.   
Хэргийг тодруулахад, Баянгол дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг П.Н.Шастины нэрэмжит lll эмнэлэгийн баруун талд байрлах “Од хийморь”, “Буянт” гэсэн нэртэй хувийн эмнэлгүүдийн голын жижиг зайд орон сууцны барилга барьж байсан аж. Энэхүү барилгын ажлын явцад 18 цагийн орчимд барилга дээр ирж байсан зуурмаг цутгадаг өндөр хоолой бүхий хүнд даацын машин траншейны нүхэнд бүдэрч урагш тонгойн хүнд биеэ дааж чадалгүй төв зам тэгнэн унажээ. Ингэхдээ зам хөндлөн гарч байсан 12 настай охиныг дарж унасан байна. Зургаан давхарт зуурмаг шахах гэж өргөгч каран хоолойгоо сунгаж байгаад осолдсон хэмээн ойр орчимд цугласан иргэд ярьж байв.      

Одоогоор тус хэсгийн замыг хааж, ОБЕГ, ЦЕГ-ын ажилтнууд хэргийн газар дээр ажиллаж байгаа юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top