“Улаанбаатар дулааны шугам, сүлжээ" компаниас жил бүр дулааны шугам өргөтгөх, шинэчлэн засварлах ажил хийдэг. Энэ хугацаанд дулааны шугам, сүлжээнд холбогдсон хорооллуудад тодорхой хугацаанд халуун усны хязгаарлалт хийдэг билээ. Одоогийн байдлаар lX магистралын засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд Нисэх, Толгойт орчимд халуун ус хязгаарлаад байгаа. Энэ ажил есдүгээр сарын 6 гэхэд дуусч халуун усаа өгч эхлэх юм байна. Эдгээрээс бусад газрууд халуун усанд холбогдсон байгаа аж.
Харин дөрөвдүгээр магистралын шугамд наймдугаар сарын сүүлээр гэмтэл гарсан байна. Энэ шугам даралт өндөртэй шугам учраас яаралтай засвар хийхгүй бол өвөл ачааллын үед аваарын байдал үүсч бусад олон сүлжээнд гэмтэл гарах магадлалтай гэнэ. Уг нь тус шугамыг энэ жил засах төлөвлөөгүй байсан ч засварын ажлыг хийж эхлээд байгаа юм. Энэхүү шугам нь Хүнсний нэгийн хойд тал, Зоос гоёл, СУИС, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг орчмын газрууд хамаарах бөгөөд засварын ажил есдүгээр сарын 10-нд дуусна.
"Улаанбаатар дулааны сүлжээ" ХК 2012 онд нийтдээ 3.9 тэрбум төгрөгийн засварын ажил хийх ёстой. Үүнээс одоогийн байдлаар давхардсан тоогоор 22 магистралын шугам, цэгт 3.7 тэрбум төгрөгийн ажлыг хийж дуусаад байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )