Охины аминд хүрсэн ”Төгсбүрэн” ХХК-ийн барилгын ажлыг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн нар мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Нийслэлийн III эмнэлгийн баруун талд орон сууц, эмнэлгийн барилгад ажиллаж байсан зуурмаг шахагч машины тулгуур цөмөрсний улмаас ээж, эгч хоёртойгоо зам хөндлөн гарч байсан 12 настай охины дээрээс нурж, амь насыг нь хохироосон билээ. Иймд хотын удирдлагууд талийгаачийн ар гэрээс албан ёсоор уучлал гуйж, эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдлээ.

Уг барилгын газар эзэмших гэрчилгээг иргэн н.Батболд энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн тавдугаар хороонд эмнэлэг, орон сууц барих зориулалтаар авчээ. Ингээд уг газарт “Тоёокиро студио” компани барилгын зураг гаргаж Улаанбаатар хотын захиргаанд уламжилсан аж. Гэтэл зургийг мэргэжлийн комиссоор батлуулаагүй, барилга барих Засаг даргын захирамж гараагүй, ерөнхий архитектороор албан ёсоор батлагдаагүй байхад барилгын ажил эхэлсэн байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгөөгүй ажээ. Өөрөөр хэлбэл уг барилга хууль бусаар баригдаж эхэлжээ. Барилгыг “Төгсбүрэн” ХХК гүйцэтгэж байсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард барилга баригдаж байхад хууль бус эхэлсэн энэ барилгыг зогсоох талаар мэдэгдэл өгсөн боловч гүйцэтгэгч компани мэдэгдлийг тоолгүй энэ сарын 3-ныг хүртэл 13 давхар барилгын долдугаар давхар болтол барьжээ. Үүний дээр компани техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчжээ. Тодруулбал, уг түрээсээр ажиллаж байсан зуурагч албан ёсоор техникийн үзлэгт ороогүй, зөвшөөрөлгүй механизм ашиглаж байсан нь осол гаргах хүчин зүйл болсон байна.

Ийнхүү ээжтэйгээ зам хөндлөн гарч байсан охины амь эрсдсэнд хотын удирдлагууд болон мэргэжлийн байгууллагын удирдлагатай зөвшилцөн, дараах үүрэг даалгаврыг өгчээ. Нэгдүгээрт, нийслэлд зөвшөөрөлгүй эхэлсэн 60 гаруй барилга байгууламж байдаг бөгөөд эдгээр барилгын ажлыг бүрмөсөн зогсоохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт үүрэг болгожээ. Мөн хууль бусаар баригдаж байгаа болон баригдсан барилгуудыг цахилгаан дулаан, цэвэр, бохир усаар хангахгүй байхыг хангагч байгууллагуудад Улаанбаатар хотын удирдлага үүрэг болгосон байна. Есдүгээр сардаа багтаан барилгын ажил гүйцэтгэж буй компани болоод хувь хүмүүсийн бүх машин, механизмд үзлэг хийж, гэрчилгээжүүлэх ажлыг хийж дуусгахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор үүрэг болгожээ.

Наймдугаар сарын 1-нээс эхлэн ямар ч барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн цагдаагийн газар болон мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байгаа ч амралтын өдөр тааруулан барилгын ажил эхэлж байгаа талаар иргэд мэдээлэл өгч байгаа ажээ. Жишээлбэл, бямба гаригт 45-р дунд сургуулийн хашаанд барилгын ажил эхлүүлсэн бол даваа гаригт Вокзалын хойно арктай шар барилгуудын дунд барилгын ажлаа эхлүүлсэн байна. Ийм хууль, шийдвэрийг зөрчсөн барилгуудыг шууд зогсоох болно хэмээн НИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдлээ.

 Ирэх долоо хоногт НИТХ хуралдан Улаанбаатар хотын газарх олголтын байдалд дүн шинжилгээ хийж, газар олголтыг цаашдаа хэрхэн цэгцлэх талаар томоохон зарчмын шийдвэр гаргахаар болжээ. Мөн НИТХ-ын даргын хэлж буйгаар хотын удирдлагууд энэ мэт хэргийг гарсан хойно биш гарахаас өмнө эрчимтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top