Өнгөрсөн жил багш нь шавиа загнаж аашилсан тухай бичлэг телевизүүдээр цацагдаж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ асуудал Нийслэлийн Баянгол дүүргийн 40-р сургууль дээр гараад байсан юм. Тус сургуулийн багш Б.Оюунцэцэг өнгөрсөн хичээлийн жилд 1а ангийг авч, хичээл эхлээд удаагүй байхад нэг сурагчийн ээж багш хоёрын хоорондох маргаан, үл ойлголцлоос үүдэн хэрэг даамжирч, цэнхэр дэлгэцээр цацагдахад хүрчээ.
Тэдний маргаан ийнхүү даамжирч байх явцад сурагчийн ээж охиныхоо цүнхэнд дуу хураагуур хийн явуулсан байна. Тэр өдөр багш эгшиг үсэг таниулах хичээл орж байхдаа багш “Хичээлээ хэн уншиж ирсэн бэ. Хэн хариулах вэ” гэхэд хүүхэд болгон гараа өргөсөн аж. Ингээд асуугаад хэлэхгүй болохоор “Чи худлаа гараа өргөлөө. Хуурсаар хуурсаар худалч болох нь уу. Хумсалсаар хумсалсаар хулгайч болох нь уу. Хулгай хийвэл шоронд ордог юм” хэмээн загнажээ. Энэ явдлаас хойш багшид таван тооны арга хэмжээ аваад байсан ч ээж, багшийн маргаан тасрахгүй байсан тул өнгөрсөн тавдугаар сарын 31-нд багшийг ажлаас халж, өөр сургуульд сэлгэх тушаал сургуулийн захиралд ирсэн байна. Ингээд Б.Оюунцэцэг багш 28-р сургуульд гуравдугаар анги аван хичээл нь эхлээд байтал өмнөх 1а ангийн эцэг эхчүүд сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлжээ. Шаардлага нь "Сайн багшийг үндэслэлгүй халлаа. Иймээс багшийг эргүүлж ажилд нь ав. Тэгэхгүй бол бид хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй” хэмээгээд өчигдрийн байдлаар 2а ангийн сурагчид хоёр өдөр хичээлдээ яваагүй байсан юм.
Иймд өчигдөр Нийслэлийн боловсролын газарт асуудлыг хэлэлцэж үзээд багшийг эргүүлэн 40-р сургуульд нь томилохоор болжээ. Ингээд 2а ангийн сурагчид Б.Оюунцэцэг багшийнхаа хамтаар өнөөдөр 13.40 цагаас хичээлээ эхлэх нь ээ.
40-р сургуулийн захирал Л.Долгоржаваас цөөн зүйл тодрууллаа.
-Энэ сургуулийн сурагч, багшийн аль алиных нь захирлын хувьд үнэн бодит мэдээллийг өгөхгүй юу? Оюунчимэг багшийг яагаад ажлаас халах болсон юм бэ?
-Энэ асуудал 2011-2012 оны хичээлийн жилд буюу өнгөрсөн хичээлийн жилийн намраас эхэлж асуудал үүссэн юм билээ. Би энэ сургуульд 2012 оны дөрөвдүгээр сараас томилогдон ажиллаж байгаа. Анх ажлаа аваад хоёр хонож байхад нэгэн сурагчийн ээж н.Цолмон гомдол гарган, өргөдлөө өгсөн юм. Өргөдөлтэй танилцахад Б.Оюунцэцэг багшийн ээлжит цагийн хичээлийг шүүмжилсэн, багшийг хүүхэдтэй болон надтай ёс бусаар харьцсан тухай өргөдөл байсан. Иймд ээж хүүхдийнхээ цүнхэнд дуу хураагуур хийж явуулсан юм билээ. Ингээд багшийн хичээлийг хүүхэд нь бичиж очоод, Мэргэжлийн хяналтын газар өргөдөл гаргасан байв. Асуудлыг судалсны үндсэн дээр багшийн ээлжит хичээлийн элемент алдагдсан буюу заах арга дээр алдаа гаргасан гэж үзээд 30 мянган төгрөгний торгууль ногдуулсан.
Багшийн арга барил янз бүр л байдаг. Ингээд энэ асуудал жил тойрч байна даа. Өвөл цагаан сарын дараа дөрөв, тав хоног хичээлд нь явуулснаас хойш явуулаагүй юм билээ. Дөрөвдүгээр сарын 1-нд би ажлаа авч ирсэн даруйд үүрэг өглөө. Хүүхдийг н.Азбилэг багшийн ангил оруул гэсний дагуу бид бэлтгээд байлаа. Гэтэл сурагч маань хичээлдээ ирэхгүй л байлаа. Хэд хэдэн удаа нийгмийн ажилтан “хүүхдээ ирүүлээрэй” хэмээн утсаар ярьсан боловч ирүүлэлгүй хавар болоход н.Цолмон хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилгуулна гэсэн юм. Ингээд бид хичээлийн хуваарь гаргаж, багш нараараа тавдугаар сарын 31 хүртэл давтлага хийлгүүлсэн. Зарим үед сурагч өвчтэй байгаад ганц, хоёр хоног ирээгүй үе байсан.
Сурагчийн ээж н.Цолмон надад 4-5 төрлийн шаардлага тавьсан. Сургуулийнхаа бүх багш нарт бидний болоод байгаа үйл явцыг үнэнээр ойлгуулж миний болоод гэр бүлийн нэр төрийг сэргээх, мөн 1а ангийн эцэг эхийн дунд миний болон гэр бүлийн нэр хүндийг сэргээ гэсэн. Багшийн боловсролын яамны жуух бичиг, шинэ цагийн боловсрол үүссэний 90 жилийн ойн медаль, өнгөрсөн хичээлийн жилийн сургуулийн Заах аргач аварга багш цол зэргийг буцааж, хүчингүй болго. Манай хүүхдийн нийгэмшихүйн болоод сэтгэл санааны хохирлыг Б.Оюунцэцэг багшаар барагдуулж, чин сэтгэлээс нь уучлалт гуйлга гэсэн шаардлага бүхий бичиг өгсөн. Үүний дагуу сурагчийн ээжийг болон том охины хамт байлгаж бид багш нарын зөвлөгөөний хурал хийж, багшийг шүүмжилж тэдний нэр төрийг хангалттай сэргээгээд байв. 1а ангийн эцэг, эхийн хурал хийж нэр төрийг нь мөн л сэргээсэн. Шагналын тухайд миний захирлын албан тушаал авснаас өмнөх шагнал байсан тул буцаах эрх надад байхгүй. Тэгээд ч багшийн шагналууд нэг жилийн хөдөлмөр биш ээ. 28 жилийн хөдөлмөр учраас шагналаа авах ёстой. Харин өнгөрсөн хичээлийн жилийн сургуулийн оны тэргүүний заах аргач цолыг хүчингүй болгосон юм.
Б.Оюунцэцэг багш тавдугаар сарын 31-нд охинд бэлэг бэлдээд уучлал гуйж байх тэр үед ээж н.Цолмон, Боловсролын хэлтсийн дарга, бага ангийн менежер бид энэ асуудлаар хурал хийж байсан. Энэ үед сурагчийн ээж уучлал гуйгаагүй гээд хэлж байсан юм. Энэ хооронд би багшаас уучлал гуйсан уу гэж асуутал “Би уучлал гуйсан. Охин их баярлаж байна. Надаас их айдаггүй юм байна” гэсэн. Тэгээд давтлага хийж байгаа ангиар ортол охинд багш нь бэлэг өгчихсөн их баярласан шинжтэй байсан. Цүнхэнд зүүдэг бамбарууш бэлэглэж л дээ. Цүнхэндээ бамбаруушаа зүүчихсэн ээждээ шивнээд бэлэг, бамбарууш руугаа заагаад баяр хөөртэй байгаа харагдсан шүү. Охин одоо н.Азбилэг багшийн ангид өөрийнхөө саналаар ороод хичээлдээ явж байгаа. Маш сэргэлэн, IQ өндөртэй, хичээлдээ нямбай охин бий. Тухайн үед багш бага анги аваад ажил ихтэй байхад ийм асуудал байсхийгээд үүсээд байсанд бухимдан “Өөр олон анги бий. Тэр ангид оруул” гэсэн юм билээ. Үүний дараа багш уучлал гуйж, сурагчид давтлага өгье, зуны гурван сар давтлаганд явуул. Би төлбөрийг нь даая гэж буулт хийж, буруугаа ойлгосон. Багшийн хувьд хүүхдийг “шоронд орно шүү” хэмээн айлгаж загнасан нь ёс зүйн алдаа болж байгаа юм.
Энэ хугацаанд багшид мэргэжлийн хяналтаас торгууль ногдуулсан, дүүргийн ёс зүйн хороогоор орж, захирлын хувьд цалингийн 20 хувиар гурван сар торгууль ногдуулаад байв. Яг энэ өдөр дүүргээс багшийг ажлаас чөлөөлж, хүүхдийг дуртай ангид нь оруул гэсэн тушаал ирсэн л дээ. Гэхдээ багшийг бүрмөсөн халалгүй 28-р сургуульд ажиллуулах боломжийг Боловсролын газраас зохицуулсан юм билээ.
Ингээд энэ хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нд “1а” ангийн эцэг эхчүүд “Б.Оюунцэцэг багшийг үндэслэлгүй ажлаас халлаа. Бид багшийг эргэж иртэл хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй. Хичээл хаялаа” гэдэг мэдэгдэл өгсөн.
-Одоо 2а ангийн сурагчид хичээлдээ ирэхгүй байгаа. Асуудлыг хэрхэн шийдэж байна?
-Нийслэлийн боловсролын газарт хуралдаад “Тэндээс багшийг буцаагаад ав. Хүүхэд өөр ангид орсон юм чинь эргүүлээд ав” гэж шийдвэрлэсэн. Боловролын хэлтсийн төр захиргааны удирдлага 28-р сургуульд мэдэгдэнэ гэсэн. Тэгэхээр тушаал гарч эргүүлэн авна. Өнөөдөр “2а” ангийнхан хичээлдээ явж эхэлнэ дээ. Б.Оюунцэцэг багшийг сонгож Зүүнсалаа, Шархаднаас хүүхдүүд хичээлдээ явдаг. Жил бүрийн төгсгөсөн анги нь сайн чанартай төгсдөг гэсэн. Ерөнхийдөө сургууль гэдэг олныг хамарсан байгууллага шүү дээ. Гэтэл мэдээллийн хэрэгслүүд багшийг буруутган, нэг талыг гаргаж байдаг тал ажиглагддаг. Мөн боловсролыг тэр чигт нь харлуулж боддоггүй баймаар байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )