2008 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр намуудын зүгээс амласан иргэн бүрт олгох “Эх орны хишиг”-ийн мөнгийг сар бүрд 21000 төгрөг хэлбэрээр энэ оны 6-р сар хүртэл олгоод зогсоосон билээ.
Энэхүү мөнгийг банкны гадаа халуун нар, хүйтэн жаварт хэдэн цагаар, бүр хэд хоногоор зогсч, дээр доороо орохоос наагуур юм болж байж авдаг байсан хэдий ч амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ядуу буурай амьдралтай олон мянган өрх түүний ачаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй байж, түлээ нүүрсээ залгуулдаг байсан гэхэд хилсдэхгүй.
Тухайн үед энэ мөнгөтэй холбоотой “ард иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна, архичингуудад төрөөс архины мөнгө тарааж байна” гэхчлэн олон янзын шүүмжлэл өрнөж байсан билээ. Үнэхээр ч нийгмийн зарим салбарт үүнээс улбаатай сөрөг үзэгдлүүд ажиглагдах болсон байна. Жишээ нь: зүгээр хэвтэж байгаад мөнгө авах боломжтой байсан учраас зарим иргэдийн ажил төрөл эрхлэх сонирхол багасан, ажлын байр ихэсэн, ажиллах хүчний хомсдол үүсч эхэлсэн, архинд дуртай нэг нь үхэн хатан оочерлож байж аваад хэд гурваараа нийлэн архиддаг байсан, малчдын наад захын бэлэн мөнгөний хэрэгцээг хангачихаад байсан тул малаа зарах шаардлагагүй болон махны хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хадсан... гэх мэт.
Гэвч 21000 төгрөг олгогдохоо болиод 1-2 сар болоход л түүнийг үгүйлсэн орон зай эдийн засаг, бизнесийн салбарт ажиглагдаж эхэлжээ.Ялангуяа ажлын байр гэхээр юмгүй хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал ахуйд илүүтэй мэдрэгдэх болжээ. Өмнө нь 5-6 ам бүлтэй айл гэхэд хүний хөгжлийн мөнгө 100 гаруй мянган төгрөг сардаа аван хоногийн хоолоо боломжийн залгуулчихдаг байсан, мөн энэ хэрээр худалдаа наймаа эрхлэгчдэд ахиухан ашиг орлого ордог байсан гээд 21000-ын үр өгөөж бас их байжээ.
Харин одоо шинэчлэлийн Засгийн газраас 0-18 насны хүүхэд бүрт сард 20000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь энэхүү “үгүйлэгдсэн орон зайг” нөхөхөд бага ч атугай нэмэр болох нь дамжиггүй.
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )