“Corprate” зочид буудалд өнөөдөр “Fashion Channel” олон нийтийн телевизийн хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд дээрх телевизийн захирал Г.Мөнхбаяр, дизайнер С.Ариунаа, Д.Овдогмид, Б.Биндэръя, продюсер Ч.Сүхбаатар нар хүрэлцэн ирсэн байв. Манай улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр зуун хувь дагнасан телевиз байдаггүй. Тиймээс тус телевиз нь үүгээрээ онцлог болж байгаа юм. Түүнчлэн Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос цацалтын албан ёсны тусгай зөвшөөрөлтэй Монголын загварын суваг гэдгээрээ гадаадын загварын сувгуудаас ялгаатай.
-Энэ үеэр тус телевизийн захирал Г.Мөнхбаяраас дараах асуултад тодруулга авсан юм.
-Танай телевизийг үзэх бүрийд загварын ертөнцөөр аялна гэж ойлгож болох уу?
-Болно. Загварын ертөнцөд хамаарах 20 гаруй булантай бөгөөд Монголын загварын салбар, дэлхийн загварын ертөнцийн мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш цацна.
-Та бүхэн телевизээ нээхийн тулд гурван жил судалгаа явуулсан гэсэн. Хэр ирээдүйтэй санагдаж байна вэ?
-Манай улсын зах зээл үнэхээр жижиг. Гэхдээ бид өөрсдөө олох гэхээсээ илүү улсынхаа загварын чиг хандлагыг дэлхийд таниулахын тулд яах ёстой вэ гэсэн бодлогыг баримталсан. Тэр бодлого нь тусгай сувагтай телевиз байгуулах байсан. Тэгээд ч өөдрөгөөр харж байна.
-Азийн загварын хотод ч сувгаа цацна гэсэн үү?
-Тийм. Гэхдээ ирэх оны сүүлчээр. ХонгКонг, Шанхай, Сингапурт Монголынхоо загварын ертөнц хэрхэн хөгжиж байгааг танилцуулна.
-Манай улсын загвар өмсөгчид олон улсын тэмцээнд оролцоход танай телевиз газар дээрээс нь шууд дамжуулж байх уу?
-Дамжуулна. Манай улсын хоёр загвар зохион бүтээгч бүтээлээ дэлхийд таниулж байна. Гэтэл тэднийг өөрийн улсаас нь таних хүн цөөхөн юм. Иймд энэ мэтчилэнгийн зүйлд бид маш их анхаарч байгаа.
-Хөрөнгө оруулалтаа хэрхэн зохицуулсан бэ?
-Би нэг зүйлийг онцолж хэлье. Гадаадын аль нэг компаниар ивээн тэтгүүлээгүй. 100 хувь Монгол Улсын хөрөнгөөр байгуулагдсан. Гадуур ташаа мэдээлэл гарсан байна билээ. Тийм биш шүү.
-Энэ сарын 8-нд Нүхтийн аманд нээлтээ хийнэ гэсэн. Энэ өдрийг яагаад онцлов?
-Монгол хүн аливаа зүйлийг сайнаар хүлээн авч, билгэшээдэг шүү дээ. Энэ өдөр намрын дунд сар эхэлж байгаа болохоор бэлгэдэж сонгосон.
-Нээлтийн үеэр хэчнээн хүн цуглах вэ. Ямар үйл ажиллагаа болох вэ?
-600 хүн цуглана. 300 нь урилгаар оролцоно. Энэ өдөр олон улсад танигдсан манай улсын дизайнерууд, модель, зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн болно. Мөн хамгийн том буюу дөрвөн митер туфль, оймс, дотоожийн үзэсгэлэнгээр үзэгдчдээ алмайруулна. Түүнчлэн Art, Fashion, video art, Fashion show Designers, Models, Fashion party болно. Уран бүтээлчид ч ая дуугаа өргөнө.
-Нээлтэд гадаадын загварын агентлагаас урилгаар хүн ирэх үү?
-Франц, Италийн төлөөлөгчид ирнэ. Мөн Хятад, Солонгосын элчин сайд оролцоно. Та Франц, Италийн орныг загварын ертөнцийн өлгий нутаг гэдгийг мэднэ шүү дээ. Тиймээс эдгээр улсын төлөөлөгчдийг урьж байгаа нь нэр хүндийн хэрэг.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )