Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд анх батлагдсан. Монгол улсад нийгмийн даатгалын бие даасан тогтолцоо бий болсоноос хойш 10 гаруй жил өнгөрч байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Энэхүү өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “УИХ-аас батлахдаа бусад салбарын хууль тогтоомжтой нийцүүлэх байдлаар нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газар хэлтсийн дарга нарыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилж чөлөөлөхөөр болсон. Үүнээс шалтгаалж нийгмийн даатгалын үйлчилгээг орон нутагт гардан хүргэх үйл ажиллагаа нь нийгмийн даатгалын мэргэжлийн байгууллагын удирдлагаас, бодлогоос хөндийрөх, орон нутгийн улс, төрийн захиргааны баримталж буй бодлогоос зөрөх хандлагатай болгосон юм. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай” гэв.
Энэхүү Нийгмийн даатгалын тухай нэмэлт өөрчлөлт оруулснаар төсөвт нэмэгдэл зардал гарахгүй гэнэ. Түүнчлэн Нийгмийн даатгалын газар хариуцсан, төрийн захиргааны байгууллага нь аймаг, орон нутгийн хэлтсүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, төсөв хөрөнгийг хуваарилах, нийгмийн даатгалын байгууллагуудын дарга нарыг томилж, чөлөөлөх үүргийг хүлээх аж. Энэ нь мэргэшсэн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, Нийгмийн даатгалын бодлогыг орон нутагт түргэн шуурхай, хүнд сурталгүй хэрэгжүүлэх нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хяналтыг зохистой хийх давуу талтай юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )