Хан-Уул дүүрэгт газрын маргаан тасрахаа байсан гэдгийг иргэд нь нотолдог. Өөрөөр хэлбэл хууль бус газар олголтоороо тэргүүлж, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг хөсөр хаяж, эрх мэдэл бүхий компаниудад дүүргийн болоод Нийслэлийн газрын албаныхан, бусад эрх мэдэлтнүүд өгөх болсныг дүүргийн иргэд хаана ч бардам хэлдэг. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 120 мянгатын 18 болон 19-р байрны голд нэг цэгийн үйлчилгээ бүхий хорооны хоёр давхар барилга барих нэрийдлээр хашаа барьсан ч удалгүй тэнд мөн цагдаагийн алба хаагчдын барилга барьж эхэлсэнд хорооны иргэд дургүйцлээ илэрхийлээд байсан юм. Иргэд хорооны барилга барихад тэгтлээ их дургүйцээгүй юм билээ. Учир нь тус хороонд нэг цэгийн үйлчилгээ бүхий байр шаардлагатай байсан аж. Угаас өөр олгох газар ч энэ хороонд олдохооргүй хомсдсон. Ингээд түрүүлж хороо барих гэж хашаа хатгасан бол яваандаа цагдаагийн алба хаагчдын барилга лавтай зургаан давхар болтлоо сүндэрлэж, харин хорооны байрны суурь гүйцэт цутгагдаагүй байх юм. Нэгдүгээр хорооны барилгын захиалгыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХУД-ийн Засаг даргын тамгын газар захиалж есдүгээр сарын 1-нд хүлээн авах байсан ч суурь нь ч бэлэн болоогүй байна. Угтаа бол гурван сар орчмын өмнө барилгын ажил эхэлсэн юм. Ингээд энэ тухай тодруулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Үнэнбаттай ярилцлаа.
-ХУД-ийн нэгдүгээр хорооны нэг цэгийн үйлчилгээ бүхий хорооны байрыг есдүгээр сарын 1-нд хүлээн авах байсан ч барилгын суурь цутгалт ч гүйцээгүй байна. Ямар учраас барилга төлөвлөсөн хугацаандаа дууссангүй вэ?
-Би ажлаа аваад 10 хонож байна. Ажлаа авсны дараа дүүрэгт явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаад бүх хороодынхоо Засаг дарга, иргэд, тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компанийн захирлуудтай уулзлаа. Иргэдийн хамт уулзсан нь улс, нийслэл дүүргийн оролцоотой баригдаж буй бүтээн байгуулалт иргэдэд ил тод байх ёстой гэж үзсэн. Иргэд хяналт тавих нь илүү үр дүнтэй гэдэг үүднээс иргэдийг оролцуулъя гэдэг санаачлагыг би гаргасан юм. Ингээд ажлын явцтай танилцахад үнэнийг хэлэхэд хангалт муу байлаа. Ялангуяа анхаарал татсан асуудал бол нэгдүгээр хорооны нэг цэгийн үйлчилгээний барилгын асуудал байсан. Ашиглалтад орох хугацаа нь есдүгээр сарын 1 байсан юм билээ. Газар дээр очиход зөвхөн суурийн цутгалтын шатанд л явж байна. Ингээд гүйцэтгэгч компани болох “БҮҮХ” ХХК-ийн захирал энэ ондоо багтаагаад хүлээлгэж өгнө гэсэн амлалт өгсөн ч амлалт авах нэг асуудал. Дээр нь одоо дуусаагүй барилгыг хоёр, гурван сарын хугацаанд чанартай гүйцэтгэж, хүлээлгэн өгөх нь юу л бол. Тийм учраас бид чанарт нь хяналт тавина. Уг барилгын захиалагч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар байдаг. Дүүргийн бүтээн байгуулалтын хувьд санхүүжилт дүүрэгт ирж, хяналтаа тавиад явдаг байсан. Одоо дүүргээр санхүүжилт дамжихаа больж нийслэл дээрээ төвлөрчихсөн. Өөрөөр хэлбэл захиалагч нь, санхүүжилт, хяналт, хүлээж авах нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байдаг. Бид нэгэнт дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа учраас төр захиргааны байгууллага хяналт тавьж байгаа. Гэсэн ч бидний хяналт үнэгүй болчихсон. Учир нь биднээс мөнгө авахгүй. Ийм болохоор дүүргийн хэмжээнд ажлын явц муу, хангалтгүй байгаа. Хуучин бид өөрөө мөнгөө өгдөг, хяналт тавьдаг байсан болохоор асуудалгүй байжээ. Би Засаг даргын орлогч гурван жил хийж байгаад жил гаруйн хугацаанд завсарлаад сая энэ ажлаа авахад ингэж өөрчлөгджээ. Үүний дээр компаниудад энэ ажлыг 100 хувь хийсний дараа мөнгөө өгөх шаардлага тавьдаг болж. Тухайлбал, сая компаниудтай уулзахад санхүүжилт хэрэгтэй байна. Гүйцэтгэл бичихэд 100 хувь хийж мөнгөө ав гэсэн шаардлага тавиад байна гэсэн. Энэ асуудлаар Хөрөнгө оруулалтын газар очиход дарга нь сая мөн солигдоод өөр даргатай болсон тул мэргэжилтнээ дуудаж уулзтал манайхаас тийм шаардлага тавиагүй гэлээ. Ингээд техник хүн хүч нь боломжтой хэрнээ санхүүгийн бага зэрэг хүндрэл учирч болно. Харж байхад том компаниуд нийслэл дээр томоохон ажлыг нь авчихдаг, дүүргийн хэмжээний ажлуудыг жижиг компаниуд гүйцэтгээд байна. Ажлаа сайн гүйцэтгэдэг компани байгаа ч хөрөнгийн хувьд тэр болгон сайн биш. Ингээд 30-50 хувь гүйцэтгээд мөнгө авах гэхээр 100 хувь гүйцэтгээд мөнгөө ав гэсэн шаардлага тавьж байна.
Хорооны барилга 350 сая төгрөгийн өртөгтэй юм билээ. Гүйцэтгэгч “БҮҮХ” ХХК нь урьдчилгаа 100 сая төгрөгийн санхүүжилт авсан ч энэ хэмжээний ажил хийгдээгүй байна. Асуудлыг тодруултал Баянгол дүүрэгт манай компани давхар ажил хийж, удаашралтай байсан тул 100 сая төгрөгийг Баянгол дүүргийн ажилдаа зарцуулсан юм гэсэн. Одоо ингээд хөрөнгө оруулалт байхгүй, зогсчихсон гэсэн үг. Энэ асуудалд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцлагагүй хандаж байгаа байхгүй юу. Давхар ажил авч байхад хяналт тавиагүй байгаа юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын шинэ дарга Хан-Уулынхан ажлаа хийхгүй байна гэсэн. Үнэндээ бидэнд хяналт хийх эрх байхгүй байна шүү дээ. Бидний хамтарсан хуралд энэ ажлыг хариуцсан Хөрөнгө оруулалтын газрын инженер н.Ариунчимэг оролцуулан хөрөнгө оруулалтыг Баянгол дүүрэгт өгснийг асуухад дуугарахгүй л байгаа байхгүй юу.
-Хорооны засаг дарга уулзалтад оролцсон гэлээ. Засаг дарга болоод компанид ямар шаардлага тавив?
-Биднээс илүү хорооны Засаг дарга барилга явагдаж байгаа газар ойр байна. Мөн Засаг дарга тэргүүтэй хорооныхон тэр байранд орж ажиллах гэж байна шүү дээ. Иймд санаачлага гаргаад ажиллах хэрэгтэй. Бараг хорооноос илүү иргэд хяналт тавьж байна шүү. Хорооны засаг дарга байтугай дүүрэг нь иймэрхүү эрх мэдэлтэй байхад хорооны Засаг даргыг хэн ч тоохгүй л дээ. Цаашдаа нийслэлийн шинэ удирдлагын хүрээнд энэ асуудал яригдах байх гэж бодож байгаа. Мөнгө болоод хяналтын эрхийг дүүрэгт өгмөөр байна. Давхар хөрөнгө оруулалтын газар хяналтаа тавьж болно шүү дээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )