Эх амьтан

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Хотын нэгэн орон сууцны гурван өрөөний хамгийн жижиг тасалгааны буланд цав цагаан сагсгар үстэй хав нохой их л гуниглангуй хэвтэнэ.
Жерри одоогоос 15 жилийн өмнө энэ айлд амар, амгалан амьдралын билэг тэмдэг болон ирж байсан бол

эдүгээ өтөлж, өмнөх замаа ч харахгүй шахам харалган, нэг үгээр хэлбэл насны наран хэлбийсэн үүлгэр хөгшин нэгэн болжээ. Хоёр сар гарны өмнө гөлөглөж яг өөртэйгөө адилхан цорын ганц охин гөлөг төрүүлжээ. Үхэх нь дөхсөн эм нохой ганц гөлөг гаргадаг гэсэн яриа байх. Жерри бүх л амьдралынхаа туршид гурван удаа гөлөглөсөн бөгөөд хамгийн анх дутуу төрөн амьгүй дөрвөн гөлөг гаргах үедээ идэр залуу байж. Амьгүй төрсөн тэдгээр бяцхан амьтдыг харж эх нь болсон хойно нулимсаа урсган урсган гашуудахад эзэд нь ихэд өрөвдөн түүнийг огт загнахаа больж билээ. Хаа очиж зан сайтай айл таарсных өлсөх цангах, загнаж зодуулахыг барагтай үзээгүй гэхэд болно. Балчир насандаа туршлагагүйтэж хэд хэдэн удаа гэр дотор жогорхойгоо гаргаснаас болж хэдэн удаа шавхуурдуулж түүнээс хойш гэрт болохгүй гадаа, цагтай нартай юм байна гэдгийг ухаарсан юм. Гэрт нь тэр үед бага насны хүүхэд байгаагүй болохоор тэр айлыг хөгжөөгч ганц амьтан нь Жерри. Жаахан гөлөг байх тэр үед хүн бүхэн түүнийг булаацалдан өхөөрдөж их л эрхлүүлнэ. Жаргалтай цаг байж дээ. Гэрийнхээ бүх хүмүүсийг өөрийн эзэн гэж боддог ч ахлах ангид сурдаг хүүд нь арай илүү хандаж түүнийг л дагаж гүйнэ. Магадгүй түүнтэй хамгийн их тоглож зав гаргадаг хүн нь тэр хүү байсан биз. Харин хүү сургуулиа төгсөөд гадаадад дээд сургуульд явахад эзэн хүнээ хүлээхийн хэцүүг анх үзжээ. Удтал хүлээлгэсэн эзэн нь ирэхдээ эхнэр хүүхэдтэй болоод ирэв. Тэр л цагаас эхлэн түүнийг эрхлүүлэн тоглохоо бараг больсон юм. Энэ шинэ, хүйтэн гэмээр харьцаанд гайхан гомдовч түүнийг хэн ч үл анзаарна. Хаа нэгтээ эздийгээ илэн эрхлүүлэхэд ихэд хөөрөх авч аяндаа л энэ бүхэнтэй эвлрэхээс өөр аргагүйг бас л ухаарсан хэрэг. Харин өөрөө эзнийхээ бяцхан хүүхдийг саатуулан баясгах ажилтай болсон ба үүндээ ч өөрөө дуртай. Одоогоос таван жилийн өмнө Жерри гөлөглөж дөрвөн хөөрхөн цагаан гөлөгнүүд гаргав. Нүдээ нээгээгүй ч хэнхдэгт нь зүүгдээстэй тэр бяцхан амьтдыг хараад ямар хичнээн жаргалтай байсан юм бэ дээ? Арьс яс үсийг нь салгах шахан өвтгөж, гасалж гийнэн тэлчилж тэлчилж энэ хэдэн өхөөрдөм хөөрхөн амьтдыг өөрөөсөө унагаажээ. Гөлөгнүүд нь хэдхэн хоногийн дотор торнин нүдээ нээцгээн өрөө өрөө дамжин паацганан гүйлдэх болов. Нялх амьтад болохоор цагаар салхилахдаа хөнгөрнө гэж мэдэхгүй болохоор хаа яваа газраа л илүүдлээ гаргачихна. Үүнээс болж эзэд уурлах вий гэхээс Жеррийн ёстой л яс нь хавталзана. Тиймийн учир гөлөгнүүдээ нүд салгалгүй ажиж, дуслын төдий шээсийг нь эздээ харахаас өмнө нүд ирмэхийн зуургүй харайн очиж хэлээрээ долоон цэвэрлэнэ. Өтгөнийг ч ялгааагүй.
Гөлөгнүүд нь сар хүрсэн өдрөөсөө нэг нэгээрээ цувран алга болж эхлэв. Үнэрлээд үнэрлээд, хайгаад хайгаад олдсонгүй. Хаалгаар л гараад явчихаж. Хаана очсон юм бүү мэд. Нэг л мэдэхэд тэрээр ганц охин гөлөгтэй л үлдсэн байлаа. Хэзээ л үүнийг минь аваад явчих бол гэхээс маш их зовж, хүн л ойртвол ярдаглан архирч эздэдээ зэмлүүлэх нь олшров. Хэд хоног нам тайван өнгөрлөө. Арав, хорь, сар боллоо. Ямар ч болов бусад гөлөгнүүд шигээ алга болохгүй нь хэмээн ойлгосон Жерри ч муухай аашлахаа больж тайвшраад байж байтал үлдсэн ганц гөлгийг нь өршөөлгүйгээр түүнээс аваад явчихав. Түүнийг эзэнтэйгээ дэлгүүр орж салхилаад орж ирэх хооронд л тэр шүү дээ. Дээшээ тэнгэр хол гэгч болж дэндүү их сэтгэлээр унасан Жерри гурав хоног хоол ч идсэнгүй, ган ч хийж хуцсангүй. Эзэд нь сандран хоол унд өмнө нь тавьж өгөн, илж таалан эрхлүүлсэн ч удтал тайвширч чадахгүй байв. Шөнө унтаж байгаад гөлөг нь хөхийг нь хөхөж байх шиг санагдан, бяцхан гөлгөө үнэрлэн долоож, эрхлэн тоглож байна гэж зүүдлээд сэрчихнэ. Сэрмэгцээ хий хоосон зайд арга нь барагдан шаналсаар… Уйлан гасалж гангинаж болохгүйг мэдэх болохоор энэ их зовлонг ганцхан биеэрээ цээжиндээ л зүрхээ сэмэртэл гашуудан өнгөрөөсөн юм.
Тэгэхэд тэр ганц юмыг л сайн ойлгож, амьдралын хатуу хуулийг сөрж чадахгүй юм гэдгийг мэдэж авчээ. Нэг айлд нэг нохой байхаас, дөрөв, тав тэр ч бүү хэл хоёр ч нохой байх учиргүй. Ерөөсөө хувь тавилан нь л тийм байж. Яая гэх вэ дээ?
Тэр цагаас хойш бас л таван жил өнгөрөхөд Жерри гөлөглөсөнгүй. Эзэд нь ч түүнийг дахин зовоохоос эмээн гөлөглүүлье ч гэсэнгүй. Ер нь түүний хувь заяаг эзэд л мэднэ. Тэсвэр тэвчээрийг нь шалгасан он жилүүдийг үдэж. Нэгэнт байгалийн хуулийг байнга зөрчөөд байх аргагүй нэг шалтгааны улмаас дөрвөн сарын өмнө төрж цорын ганц охин гөлөгтэй болов.
Насны наран хэвийж яваа үед нь олдсон ганц гөлгөө Жерри бүх юмнаас, өөрийнхөө сүүдрээс хүртэл харамлан урд хожид үзэгдээгүй ааш авирыг гаргах болжээ. Урьдын хагацлыг мартаагүй байгаа болохоор үүнийг минь хэзээ л аваад явах бол хэмээн өдөр шөнийн алинд ч унтаж чадахыг байв. Эцсийн амьсгалаа тасартал энэ л гөлгөө харж байхын тулд орон гэрээсээ оргож босоод, орчлон хорвоогоор гэрээ хийсэн золбин нохойн амьдралыг сонгохоос ч буцмааргүй санагдана. Хоёр сар өнгөрлөө. Эрхлэн тоглох гөлөгнийхөө гишгэдлийг гүйцэхгүй ганц шарвалтанд нь бүдчин биеэ татаж амжилгүй уначихна. Үр нь болсон бяцхан гөлөгнийх нь шүд ургаж, эхийнхээ сүүг хөхөхөөргүй хоолонд орсон ч туж хамт байсан юм болохоор юм л бол хөхөх гэж зүтгэлнэ. Хөгширч сульдсан биен дээр нь өдрөөс өдөрт өсөн чангарч буй гөлөгнийх нь хөхөлт гэж арьс махыг нь өм өм зулгааж байх шиг. Цагтаа дөрөв таван гөлөг хөхүүлээд ажирдаггүй хөх дэлэн нь одоо ганц гөлөгний ая даахгүй хага хага үсрэн хавдан бэлцийжээ. Заримдаа энэхэн амьдралынх нь утга учир болсон ганц гөлгөө хөхөх гээд ирэхээр өөрийн эрхгүй эмзэглэн түлхэж хаячихаад төдөлгүй өөрөө урд нь гараад дээшээ харж хэвтээд, шүд зуун байж хөхүүлнэ. Тэвчихгүй гээд яах вэ дээ? Тэр үүний төлөө л амьд яваа юм чинь.
Өнөөдөр ийнхүү гуниглан хэвтэхийн учир урд шөнө түүнийг гөлөгнөөс салгахыг оролдов. Гадагш нь авч яваагүй гэртээ байгааг нь мэдсэн хэр нь одоо л үрээс минь салгах нь гэхээс эздэдээ загнуулж цохиулахаас ч эмээлгүй шөнөжин гөлөгнийхөө байгаа өрөөний үүдэнд уйлан гасалж хоножээ. Аргаа барсан эзэд нь хар үүрээр шахам гөлгийг нь өмнө авчирч тавихад баярлаж бахардсандаа золтой л амь тавиагүй билээ.
Амьтны зөн совингоор өөрийгөө удаан амьдрахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор үлдсэн мөч бүхнээ өөрийн бяцхан гөлөгтэйгөө л өнгөрөөж чадвал түүнд энэ ертөнцөөс хүсэх юм даанч үгүй. Ил учраа өөрийн бүхий л үйл хөдлөл, ааш авираараа энэ хүслээ илэрхийлж байв.
Нялх балчир цагтаа том болсон хүүхдүүдийнх нь, өтөл насандаа үр ачийнх нь амьд тоглоом зугаа нь болж явсныг минь ойлгож, хөгшин эх намайг ганц гөлөгнөөс минь битгий салгаач хэмээн мянгантаа залбиран гуйж байх шиг байлаа.
Үлдэж буй тоотой хэдхэн насных нь гэрэл гэгээ бяцхан үрээсээ салан хагацах тэр өдөр аргагүй л ирэх нь тэр. Энэ удаа Жерри амьдралын хатуу хуулийг хүлцэж өнгөрөөх биш, сөрж тэмцэхээр сэтгэл шулуудсан байлаа. Гэрт нь ирсэн хоёр зочин жижигхэн хөөрхөн гөлгийг өхөөрдөн энхрийлэн авч явах болж эхийг нь өөр өрөөнд оруулан хаалгыг нь хаав. Тэрээр өчүүхэн дуу чимээг ч алдалгүй сонсохыг хичээн хаалганы дэргэдээс алхам ч холдсонгүй. Ингэхдээ ганц ч ган хийсэнгүй. Өрөөний хаалга онгойхыг л тэвчээртэй хүлээнэ. Гадаа хаалга дуугаран ирсэн зочид мэдээж үрийг нь аваад явав бололтой. Төдөлгүй өрөөний хаалга онгойход Жерри үүд рүү очиж нэг үнэрлээд хар хурдараа гал тогооны өрөөнд гүйн орж ганц үсрэн цонхны тавцан дээр гараад бүхийл хүчээрээ цүнхыг хага зүсэн гурван давхрын өндрөөс үсрэх нь тэр! Тэвдэж сандарсан эздээ гүйн хүрэхэд Жеррийн цээжинд төө хэртэй шил зоогдоостой хэдийнэ амь тавьсан байлаа.
Бэлтгэж оруулсан: Д.Шинээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Хас(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

Та юу бодож байна? Би одоо уйлж байна.

3  |  0
Top