Төрийн сангийн зээлээр гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр жил бүр гадаадын шилдэг их сургуулиудад магистр, докторант суралцуулдаг. Гадаадад 2012 оны эхний сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарлан зохион байгуулсан бөгөөд дараагийн сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 21-нд зарласны дагуу өчигдөр бүртгэл нь эхэллээ.
Бүртгэл 2012 оны есдүгээр сарын 9-ний өдрийг дуустал МУИС-ийн нэгдүгээр байрны 202 дугаар өрөөнд явагдах юм байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 30 хүнд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах эрх олгох аж. Зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн болон экологи байгаль хамгаалал, байгалийн суурь шинжлэх ухааны чиглэл голлож байгаа гэнэ.
Түүнчлэн өмнөх шатны боловсролын дипломын голч дүн 3.25-аас дээш байх, гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн байх зэрэг нэмэлт шаардлагууд тавигдаж байгаа аж.

Уг сонгон шалгаруулалтад оролцохыг хүсч байгаа иргэд Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах сургууль, мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон сонгон шалгаруулалтад оролцох өргөдлийн маягтыг БШУЯ-ны www.mecs.gov.mn вэб хуудаснаас авч болох юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top