120 мянгатын тойргоос Зайсан чиглэл дэх явган зам шороон болж, бороонд автсаар хоёр сарыг үдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Нийслэлийн Хан-Уул дүүрэг 120 мянгатын тойргоос урагш Зайсан чиглэл дэх явган хүний замыг хуулаад хоёр сар орчим болоод буй. Зайсан чиглэл рүү явдаг нийтийн тээвэр гарын таван хуруунд багтахаар цөөхөн явдаг тул ихэнхдээ энэ чиглэлд амьдарч, ажиллаж, сурдаг иргэд 120 мянгатаас алхдаг. Тодруулбал, 3,4-р хороолол-Зайсан, Зайсан-11-р хороолол, Зайсан-Дэнжийн мянга, Ган хийц-Зайсан гэсэн цөөхөн чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг. Хичээлийн шинэ жил эхэлмэгц олон мянган оюутан суралцдаг ХААИС-д суралцагчид энэхүү явган замаар зорчдог. Тус сургуулийн оюутны байр хүрэлцээгүй байдгаас энэ чиглэлд зорчих оюутны тоо мөн их байна гэсэн үг.

Наадмын үеэс явган замыг хуулж хашлагагүй болсонтой холбоотойгоор нэг эгнээгээр зорчих автомашинууд хоёр эгнээгээр зорчин явган замын хэсэг рүү хэлбийснээс нарийн шороо, тоос хэт их бужигнаж амьсгалахад бэрхшээлтэй болжээ. Мөн борооны улиралтай давхцан ийнхүү хуулсан нь үргэлжилсэн бороо ороход автозам болоод явган замаар гарах гарцгүй болтлоо усанд автдаг болсоор хоёр сар гаруй боллоо.


Сураг тавибал дулааны шугам сүлжээ тавьж байгаа, автозамыг өргөсгөнө хэмээж буй. Гэтэл энэ хугацаанд замыг ч өргөсгөсөнгүй, дулааны шугам сүлжээ ч тавигдсангүй. Ингээд хэдэн борооноор ойрын онд засвар авалгүй эвдэрч гүйцсэн автозам нь бүр ч доройтлоо. Эхэндээ ч засна залруулна хэмээн ойлгосон иргэд дуугүй байсан ч сүүлдээ ийн удахад бухимдал төрөөд буй. Өөр замаар тойроод алхъя ч гэсэн бетонон хашаа барьсан барилгууд сүндэрлэсэн тул боломжгүй аж.


Энэ тухай тодруулахаар Хан-Уул дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн Тохижилт,СӨХ хариуцсан мэргэжилтэн н.Алтангэрэлтэй уулзах гэсэн боловч энэ долоо хоногт ээлжийн амралтаа аваад явсан гэлээ. Өөр энэ талаар тодорхой мэдээлэл өгөх албаны хүн олдсонгүй. Ээлжийн амралтаа авсан ажилтан ажилласан жилээсээ хамаараад сар орчим ч амралттай байх нь бий. Ямартаа ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөх албаны хүн нь байхгүй байна гэдэг энэ зам ахин сар орчим энэ хэвээрээ байж магадгүй бололтой. Угтаа бол явган болоод автозам бороотой ч, бороогүй ч зорчиход бэрх байна.


Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top