Б.Лхагвасүрэн: Хүн чанар, мөн чанаргүй төрийн дор хүмүүн жаргадаггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Шинэ  Засгийн газар байгуулагдангуут Соёл урлагийн хорооны хувь заяа сөргөөр эргэв. Тиймээс тус хорооны дарга Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнг "Best of Best" булангийнхаа хойморт урилаа. Түүнтэй утсаар холбогдоход “Ах нь гармааргүй байна. Манайд хүрээд ир” гэв. Ингээд тэднийд очиход гэр бүлийнх нь хүн Н.Баасан гуай цай аягалж тавгийн идээ, шинэхэн чанасан хонины мах өмнө тавина. Энэ зуур Б.Лхагвасүрэн гуай “Хөгшин хэд хоногоос Өвөрхангайд байгаа хүүхдүүд рүү явах гэж байгаа юм” гэнэ. Би цай амсчихаад “Хоёулаа ярилцлагаа эхлэх үү” гэхэд “Гэрийн эзэн нь дархан эрхтэй болохоор чи намайг эхэлье гэхээр бол. Эхлээд наад хоолноосоо ид” гээд мах руу заагаад “Дийлэнх нь өөх байна. Өөхөнд хэр вэ. Одооны залуус харж байгаагүй юм үзсэн юм шиг “пөөх” гэдэг юм” гээд жуумалзана. Ингээд бидний яриа өрнөлөө.   

-Сонгуулийн өмнө таньтай уулзахад шинэ Төр гарах байх. Улс орон ч хөгжих болов уу гэж байсан. Одоо шинэ Засгийн газар байгуулагдлаа. Танд ямар санагдаж байна вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хороо хэдхэн хоногийн өмнө татан буугдлаа. Соёл урлагийнхны толгойны ганц өвчин бол өөрийн гэсэн яамтай болох юмсан гэсэн мөрөөдөл байсан. Уг нь БСШУЯ-нд гурван том хүчтэй байгууллагад соёл гэсэн үг хавчуулагдаж байлаа. Гэтэл одоо ч Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтарч байгуулагдлаа.

-Та энэ яамын ажлыг өмнөхөөсөө нэг их дээрдэхгүй гэж бодоод байна уу? 

-Яам байгуулсан нь их юм. Би засаг төрд баярлаж байна. Соёл урлагийн хороонд ажиллаж байгаа 17 хүн байдаг. Эдгээр хүнийг л яамандаа багтааж өгөөсэй билээ. Миний хувьд яах вэ, тэтгэвэртээ гарчихна. Үүнд өөрийнхөө төлөө санаа зовсон юм нэг ч алга. Нэг зохион байгуулалтаас нөгөөд шилжихээр юм гэдэг сонин болдог юм байна. Би үүнийг зүгээр нэг бужигнаан болох байх гэж бодож байсан. Гэтэл дэндүү хортой бужигнаан боллоо.

-Бужигнаан гэж та шинэ яам байгуулагдсаныг хэлж байна уу?

-Тийм. Энэ яамд хэн нэг нь “Би тийм зүйл хийж байсан. Танай яаманд ажилд орох гэсэн юм” гээд хавтастай цаас тэврээд гүйгээд байх юм. Зарим үед өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг нь ховлоно. Их малгайн дор толгойгоо багтаах гэж олон хүн хөл алдах юм. Тэр үед нь өнөө улстөрчид хүн чанар болон далд ухамсараа мартчих юм. Бусдыг үгүйсгэж өөрийгөө тодруулаад зогсохгүй 76-ийн тоонд багтвал бах нь ханадаг болчихож. Соёл урлагийн хороо жил бүр хийсэн тайлангаа ном болгодог байсан. Нэг үгээр хэлбэл цагаан дээр хараар тэмдэглэдэг. БСШУЯ-ны харъяанд байхдаа яамнаас ямар үүрэг хүлээнэ түүнийгээ биелүүлдэг байсан. Гэхдээ яам бол хамгийн их мөнгөтэй ажлыг нь хийсэн. Манай хороо өөрийн гэсэн хөрөнгө байхгүй байсан. Зөвхөн цалингаа л олгоно. Тусдаа уралдаан, тэмцээн зохион байгуулах гэж төсөв гаргуулж байгаагүй. Тиймээс би өөрийгөө улсын хөрөнгөнөөс бага хумсалсан гэж боддог.

-Танай ажилчдыг яам хааш нь шингээх гэж байгаа бол...

-Мэдэхгүй. Ямар ч тодорхой шийдвэргүйгээр нурман дээрээ сууж байна. Биднийг яах бол гэсэн янзтай. Шингээж болохгүй тоймгүй тооны хүн биш шүү дээ. Яамдаа авч болмоорсон. Гэхдээ тэр шинээр байгуулагдсан яам нь байртай ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хэчнээн орлогч, хэдэн зөвлөхтэй, ямар хэлтсүүдтэй байх нь тодорхойгүй байна.   

-Танай хороо байгуулагдаад дөрвөн жил болсон бил үү?

-Тийм. Манай ажилчид яаманд ажиллавал нэлээд чадваржсан.

-Танай байгууллагыг татан буулгахдаа өмнө нь ямар ч мэдэгдэл ирүүлээгүй юм уу?

-Ирүүлээгүй. Би уг нь ямар нэгэн зүйл өөрчлөгдвөл урьдчилан бодсон төсөөлөлтэй байх ёстой гэж боддог. Гэтэл биднийг гэнэт ийм байдалд оруулчихлаа. Тэр ч байтугай би жинхэнэ хүн төвтэй засаг төр бий боллоо гэж бодсон. Тэгсэн өөр юм. Би гайхаж байна. Хөгжихийн тулд хүн төвтэй л баймаарсан. Энэ байдалд нь миний хэдэн ажилчдаас эхлээд нэлээд хэдэн хүн хэлмэгдэх юм шиг байна.

-Таны бодлоор соёл урлагийн салбар алинтай хамтарвал зүгээр гэж бодож байна вэ?

-Аль ч улс шинжлэх ухаангүйгээр хөгжиж байгаагүй. Үүнийг манай улс орхигдуулаад байна. Шинжлэх ухаан, соёл урлаг хоёрыг нэгтгэж яам байгуулж болох байсан. Үйлчлэх цар хүрээ нь ч арай ойр. Гэтэл Спорт, Аялал жуулчлал гээд тэс өөр салбартай нэгтгэчих юм. Одоо би үүнийг яриад ч яах вэ дээ. Төр ингээд шийдчихсэн юм чинь төрийн дор амьдардаг бид дагахаас өөр арга алга. Гэхдээ бидний сэтгэл санаа тайван бус байна. Үхтэлээ адгаж яарсан хүмүүсийг харах надад хэцүү юм. Нам төвтэй төр бий болсонд харамсч байна. Уг нь би хүн төвтэй байх болов уу гэж горьдсон юм.    

 -Тэгвэл хүн төвтэй байх ёстой төрийг нам төвтэй төр болгосон нь сонгогчдийн алдаа юу?

-Би хүмүүсийн сонгох, сонгогдох эрхэнд халдахыг хүсэхгүй байна. Энэ бол иргэдийн ойлгосон, мэдрэмжийнхээ хүрээнд өгсөн ажил. Гэхдээ энэ сонгууль олонхи байхгүй олон гэсэн харьцаатай болсон. Одоо болтол МАН аль нэг хууль журам батлахад оролцож чадахгүй байна. Гэхдээ намайг МАН-ыг өмгөөлж ярихаар тус намын гишүүн байх гэж уншигчид маань бодох вий. Би нам бус шүү. Энэ үгийг төр, түмэн хоёртоо хэлэх үүрэгтэй иргэн хүнийхээ хувьд л ярьж байгаа юм.

-Та Ц.Оюунгэрэл сайдтай уулзаж байсан уу?

-Албан байгууллагын дарга нартай уулзалт хийхэд уулзсан. Түүнээс өмнө болон хойно нь уулзаагүй.

-Танай хорооны талаар ямар байр суурьтай байсан бэ?

-Та нар энэ салбарт багаар ажиллах чадвартай хүн бүрдүүлж ажиллавал яасан юм бэ гэсэн санаа хэлж байсан. Түүнээс би Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг хэчнээн төгрөгийн төсөвтэй, хэчнээн хүний орон тоотой байхыг асуугаагүй. Тэр хүн ч хэлэхийг хүсээгүй байх.   

-Сайдыг та энэ яамыг хэрхэн хөтөлж авч явна гэж бодож байна вэ?

-Хүнийг ажлаа хийснийх нь дараа дүгнэдэг. Дөнгөж хараад дүгнэнэ гэж байхгүй. Энэ хүн уг нь зохиолч юм билээ. Их л оюунлаг хүн гэж ойлгосон. Энэ утгаараа соёл урлагийг нэлээд хөгжүүлэх болов уу гэж найдаж байна. Би “Ногоон нүдэн лам” романыг нь уншсан. Хэлмэгдлийн тухай роман байсан. Гэхдээ олон ном уншдаг болохоор төөрсөн байх вий. Ямар ч байсан сайхан бүтээл болсон байна билээ.


-Саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар ДАШТ болон олимпоос медальт байрт шалгарсан тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгохоор болсон. Гэтэл урлагийн хүмүүс “Биднийг хайхрахгүй юм” гэж туниад байгаа. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Хэнч энэ яваа насандаа төрөх, үрэгдэх хоёрын хоорондох эгшний ялгаа өөр байх ёстой. Гэхдээ урлаг, спорт хоёр ижил байх хэрэгтэй. Нэг нь биеийн хүчээр ялалт байгуулж байгаа бол нөгөө нь оюуны болон уран сайхны мэдрэмжээр. Гэтэл манай улсын түшээд биеийн хүчнийхийг нь илүү анхаарах юм даа. Оюуны бүтээл төрүүлдэг хүмүүсийг огтхон ч хайхрахгүй юм. Би дээхнэ “Толгой үнэгүй болсон цаг” гэж хэлж байсан. Тэр л өнөөдөр биелэлээ олоод байна. Гэхдээ би оюуны хөдөлмөр эрхэлдэг болохоор өөрийгөө үнэлүүлэх гээд байгаа юм шиг ойлгогдож магад. Үгүй шүү. Манай улсад олон үнэлүүштэй толгой байгааг ойлгоосой гэж нэг толгой олон толгойн өмнөөс хэлж байна. Тамирчдад нэлээд өндөр цалин өгнө гэсэн. Манай улсын иргэний нэг нь ч гэлээ сайхан амьдарч байвал болох нь тэр. Хамгийн гол нь соёл урлагийн төлөө зүтгэж байгаа биднийг хатуу эцэгтэй учирсан дагавар хүүхэд шиг харьцаад байгаа нь муухай санагдаж байна.

-Шинжлэх ухаан бүр дарагдаад алга боллоо шүү?

-Тийм. Үнэлэгддэгүй зураач, сийлбэрчид яах вэ. Хөмсөг нүдний гадуур гэдэг шиг харьцаж болно. Тэд тэр байдалдаа дасчихсан. Хамгийн гол нь улсыг улс шиг байлгадаг нэг гол хүчин зүйл бол шинжлэх ухаан. Үүнийг дэлгэрүүлж байгаа хүмүүсийг үл ойшоож орхигдуулж яагаад ч болохгүй. Уг нь үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Харж үзнэ, танай хорооноос нэг ч хүн хасахгүй, нэмэхгүй” хэлсэн. Гэтэл байдаггүй. Өнөөдөр олон хүн ажилгүй болж байна. Тэдний ар гэрийнхэн яах юм. Үүнийг ойлгож л байгаа даа. Миний хамгийн дургүй зүйл хэн нэгэн ярьсан зүйлээ хүн бүрт хүргэсэнийхээ дараа буцах.

-Танай ажилчид одоо яаманд оруулах байх гэсэн бодолтой байна уу?

-Үгүй. Яах учираа олохгүй л байна. Борооноор нүхээ олохоо байсан шоргоолж шиг болоод байгаа. Хүн чанаргүй хэн нэгний шийдвэрээр ажилгүй болсон болохоор яамны ам сонсчихоод “Та нар хэрэггүй” гэвэл амьдрахын тулд өөр ажил хайх байх даа.

-Танай хороо ажлынхаа байрыг түрээсэлдэг үү?

-Түрээсэлдэг. Соёлын төв өргөөний байр шүү дээ.      

-Танай хороо өнгөрсөн жилүүдэд ер нь ямар ажил хэрэгжүүлсэн бэ?

-Бариад унших номон дээр тайлагнаад гаргачихсан байгаа. Зарим нэгийг нь хөндвөл ардын урлаг, өсвөрийн морин хуурчдийн наадмыг зохион байгуулсан. Мөн “Эх урлаг” нэртэй сэтгүүл гаргасан. Энэ сэтгүүл 1990 оноос өмнө гурван өөрт нэртэйгээр гарч байсан. Улиралд нэг дугаар гарах юм. Зарим хүн өөрийгөө магтуулах гэж хийсэн бүтээлээ яриад л байдаг юм билээ. Хэрвээ би тийм бодолтой байсан бол ярьмаар байна. Дургүй болохоор хойш нь тавъя.

-Та ямар ажил төлөвлөөд байсан бэ?

-Төлөвлөсөн ажил байлгүй яах вэ. Ирэх оныхоо төсөв, төлөвлөгөө гаргачихсан байгаа. Түүнд бий.  

-Соёл урлагийг хэрхэн ажиллуулавал одоогоос илүү хөгжинө гэж бодож байна вэ?

-Би Боловсролын яамны хөтөлбөрөөс хүнийг хүмүүжүүлэх гэдэг үг олдоггүй. Үүнтэй адил аль ч намаас соёл гэсэн үг уншиж байгаагүй. Ийм байхад яаж хөгжих вэ дээ. Хэлээд ч нэмэр алга. Гэхдээ би ямар нэгэн зүйлийг бүхлээр нь үгүйсгэх дургүй. Зарим нүдээ олсон сайд нь томилогдоод ажлаа хийгээд эхэлчихсэн байна. Манайх л хоцроод байх юм.  Одоо яая гэх вэ. Миний хийж амжаагүй ажлыг яам яваандаа гүйцэтгэх байлгүй.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top