Авто замын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулж, тээврийн авто хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулах, мөн нийтийн тээврийн хэрэгслийг Офицеруудын ордноос 25 дугаар эмийн сан хүртэл замын нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн нийтийн тээврээр зорчих зорчигчдын тоо 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврээр өдөрт 600-620 мянган хүн зорчдог байсан бол одоогийн байдлаар 650-680 мянга болж нэмэгдсэн гэсэн үг. Нийтийн тээврээр зорчих хүний тоо өссөнөөр зарим газруудын автобус ачаалалтай болсон. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнгөрсөн сарын 27-ноос эхлээд 47 чиглэлд 90 гаруй автобус нэмж явуулсан байна. Тухайлбал, Үйлдвэр долоон буудал, Их наран буюу Толгойтын чиглэл, Яармаг, Дарь эх, Амгалан зэрэг чиглэлд өглөөний ачаалал ихтэй үеэр буюу 07.00-10.00 цагийн хооронд 10 гаруй автобус нэмсэн бөгөөд нийтдээ 119 автобус үйлчилгээнд явж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар нийтдээ 62 чиглэлд 868 автобус иргэдэд үйлчилж байгаа юм. Мөн 19 чиглэлд 240 микро автобус үйлчилж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газрын диспетчерийн албаны дарга Г.Доржпалам хэлэхдээ “Нийтийн тээврийн хэрэгслийн тоо хүрэлцэхгүй байх зовлон алга байна. Гэхдээ зарим нэг онцгой анхаарах ачаалалтай чиглэл байгаа. Уг чиглэлүүдэд бид судалгаа хийж байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл автобусны тоог цаашдаа нэмэх бүрэн боломжтой” гэжээ.
Мөн Нийтийн тээврийн газар, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна үйлчлүүлэгчдэд үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Өнгөрсөн сарын 25-27-ны хооронд Нийслэлийн засаг даргын захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад чанар, соёлыг дээшлүүлэх хоёр сарын уралдаан зарласан байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )