Монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр “Монгол хүний амь ямар үнэтэй вэ” энэ талаар Стратегийн өмгөөлөл хуульчдын холбооныхон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Стратегийн өмгөөлөл”-Хуульчдын холбоо нэртэй мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага ажлаа “Монгол хүний амийг үнэлдэг эрх зүйн системийг бий болгохын төлөөх үйл ажиллагаа”-гаар эхлүүлжээ. 

Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд “Эрүүл мэндийн эдийн засаг” гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм. Улс орнууд өөр өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр монгол хүний амийг үнэлэх томъёоллыг тус холбооныхон санал болгож байгаа аж.

Энэ нь  VSL буюу “Value of Statisical Life” “Хүний амьдралын статистик үнэ цэнэ”-ийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасаж амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тоонд үржүүлэн гаргадаг гэлээ. Энэ томъёоллоор Австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрдэг байна.

Дээрх томъёоллоор Монгол хүний үнэлэмжийг одоо байгаа ДНБ-ээр бодоход 100 саяас 300 сая болох боломжтой юм байна. Энэ нь манайд одоо үйлчилж буй практик болох нас барсан нэг хүнд буруутай этгээдээс төлдөг оршуулгын 300.000-1.000.000 төгрөгтэй харьцуулахад том дэвшил гэж тэд онцолж байлаа.

Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатар хотод нэг хоногийн зайтай 7-10 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдлаа. Өнөөдөр Монголд хүний амь нас хамгийн үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа. Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрдөг жишиг манайд бий. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй.

Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлчилдэг юм байна. Тиймээс монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй вэ, үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох, эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл”-Хуульчдын холбооны хуульчид дээрх санаачилгыг дэвшүүлжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top