Х.Ариунчимэг: “БҮҮХ” ХХК-иас хоног тутамд 0,05 хувийн алданги тооцно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Хороо нь иргэдийн хандах хамгийн ойр бөгөөд анхан шатны төрийн байгууллага юм. Нийслэлийн хэмжээнд 152 хороо байдаг аж.  Нэгэн үе орцны нэг давхар, хувийн болоод төрийн өмчит байр, орон сууцны орон зайн хязгаарлагдмал байдлаас хамааран тусдаа байрлаад байсан хорооны Засаг даргын тамгын газар, эмнэлэг зэрэг нь нэг цэгийн үйлчилгээнд шилжиж, ээлж дараалан шинэхэн байртай болоод буй. Өмнө нь хорооны барилгын санхүүжилтийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас дүүрэгт хуваарилан, дүүрэг өөрөө гүйцэтгэгч компаниа шалгаруулан санхүүжүүлж, хянадаг, хүлээн авдаг байжээ. Гэтэл одоо барилга баригдаж эхлэхээс хүлээн авах хүртэлх эрх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт бүрэн шилжсэнээр дүүргийн зүгээс баригдаж буй барилгад хяналт тавих эрх нь байлаа ч гүйцэтгэгч компани тоож үздэггүй болжээ. Учир нь дүүрэг мөнгөө өгч, хянаж, хүлээж авах биш гэсэн байдлаар ханддаг болсон хэмээн ажлаа аваад удаагүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Үнэнбат хэллээ. Иймээс тус дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж, есдүгээр сарын 1-нд хүлээн авах байсан хорооны нэг цэгийн үйлчилгээ бүхий барилгын ажил гүйцэтгэгч компани суурь цутгалтаа ч бүрэн гүйцээгээгүй байна. Тус хорооны барилгын ажлын захиалагч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ юм. Харин барилгын зургийг “Билгүүн шонхор” ХХК гаргаж, гүйцэтгэгчээр “БҮҮХ” компани ажиллаад байгаа. Ингээд барилгын ажил удаан явагдаж, хүлээлгэн өгөх хугацаандаа өгөөгүй шалтгааныг тодруулахаар дүүргийн ЗДТГ-ын даргатай уулзахад бидэнд мөнгө нь ирэхээ больсон болохоор хянах, шалгах эрх хүчгүй байна гэлээ. Иймд санхүүжүүлэх, хянаж шалгах, хүлээн авах эрх бүхий Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Хан-Уул дүүрэг дэх барилга, бүтээн байгуулалт хариуцсан инженер Х.Ариунчимэгтэй уулзаж, ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж эхэлсэн нэг цэгийн үйлчилгээ бүхий хорооны барилга яагаад цагтаа дуусаагүй, гүйцэтгэл муу байгаа юм бэ?

-Хорооны барилга барих тухай гэрээндээ дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хугацаанд барьж дуусган, хүлээлгэж өгөх нөхцөлтэй байсан. Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн ЗДТГ-т тендер шалгаруулах эрх нь шилжиж “БҮҮХ” гэдэг компани шалгараад гэрээ байгуулах мэдэгдэл ирсний дагуу дөрөвдүгээр сарын 20-оос есдүгээр сарын 1 хүртэл хугацаатай гэрээ байгуулсан юм. Ингээд гэрээгээ хийгээд улаан шугам тавиулах гэтэл хажууд нь ХУД-ийн цагдаагийн алба хаагчдын орон сууц барих гэж байна гээд хорооны барилгын ерөнхий төлөвлөгөөний байршил дээр таарчихсан тул “Барилгаа азнаач. Манайх эхлэх гэж байна. Танайх цаашлуулаад барьчих” гэж албан ёсоор бус амаар буюу утсаар яриад байсан. Харин бидний зүгээс “Цаашлуулж болохгүй, 2008 оны захирамжтай барилга. Танайх зөвшөөрөлгүй, одоо батлуулаагүй зураг” гэхэд “Манайх ингээд болчихно оо” гэсээр “БҮҮХ” компанийн ажлыг эхлүүлэхгүй сар орчим болсон юм. Ингээд цагдаагийн алба хаагчдын барилга гүйцэтгэж байгаа “Энх тэргүүн” ХХК өөрийнхөө ажиллаж байсан машин, механизмаар хорооны барилгын суурийг цаашлуулаад ухчихсан байсан тул “Бүүх” компанийг ажилдаа орох шаардлага тавихад “Зай талбай байхгүй” гэсэн. Учир нь хоёр барилга таван метр хүрэхгүй ойр зайтай. “Энх тэргүүн” ХХК бүх материалаа хураачихлаа. Иймд манайд вагончиг болоод барилгын материал хураах зай алга гэсэн. Хашааг нь сунгаад барья гэхэд орон сууц тулаад байв. Цагдаагийн газартай яриад ажил явуулах зай гаргаж өгөөд барилгын ажил тавдугаар сарын 21-нд буюу гэрээ байгуулснаас хойш сарын дараа эхэлж байгаа юм. Гэтэл “БҮҮХ” компани өөрсдөө ажлаа эхлэхгүй,  шаардлага тавихаар маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр гэж байгаад сууриа, зоорийн хананы арматурын ажлаа хийгээд л зогсчихсон. Учрыг тодруулахад, нягтланд хандаж, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаад 30 хувийн урьдчилгаа авсан байдаг юм. Үүний дараа ажил мөн л явдаггүй. Ингээд ХУД-ийн ЗДТГ-ын дарга, “БҮҮХ” ХХК-ийн захиралтай хамт уулзаад үүрэг өгөөд, үргэлжлүүл гэхэд “Бетон зуурмаг байхгүй. Гэрээ хийсэн узель бетоноор хангахгүй байна” гэж байгаад бетоноо хийгээд л алга болсон доо. Үндсэндээ дахиад сар орчмын хугацаа алдсан. Хамгийн сүүлд ХУД-ийн ИТХ-аас бичиг, иргэдээс гомдол ирээд дахин бид “БҮҮХ” ХХК-ийн захирлыг дуудаж уулзаад аравдугаар сарын 15-нд дуусна гэсэн график өгчихөөд явлаа. Одоо графикийн дагуу барилгын ажил явж байна. Талбай дээр 7-8 хүнтэй бригад ажиллаж, өчигдөр очиход зоорийнхоо арматурчлалыг хийгээд бетон авна гэж байсан. Одоо сааталгүй явна гэж амлаад байна.

-Аравдугаар сарын 15-нд хүлээлгэн өгнө гэхээр богино хугацаанд барилга босно. Хэр чанартай босох бол?

-Энэ тал дээр анхааруулсан байгаа. Хурлын хөтлөлтөд ч бичигдсэн байгаа. “15-нд арай амжихгүй биш үү. Бэхжилт гэхэд 28 хоногийн дараа бэхжилтээ авна. Технологийнхоо үе шатыг бодоход” гэхэд “Бид амжина харж байгаарай” гээд байгаа. Тэгээд компани амжуулна гээд байхад бид амжихгүй гэж болохгүй шүү дээ.

-Барилгын компанийг ажлаа 100 хувь гүйцэтгэсний дараа мөнгийг нь өгдөг болсон гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Зүгээр зарим гүйцэтгэгчид хэтрүүлж ярьдаг л даа. Түүнээс гүйцэтгэлээр нь урьдчилгаа олгодог. Харин шууд гэрээ байгуулчихаад урьдчилгаа олгоно гэж байдаггүй. Гэрээний нөхцөлд төлбөрийн баталгааг үндэслээд урьдчилгаа олгоно гэсэн байдаг юм. Энэ нь урьдчилгаа төлбөртэй тэнцэх мөнгөн дүнг банкинд байршуулсан эсвэл түүнтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж авдаг гэсэн үг. Түүнийхээ дагуу бичиг баримт бүрдүүлсний үндсэн дээр манайх урьдчилгаа өгсөн.

- Хэдэн төрөгний төсөвтэй барилга вэ. Урьдчилгаа хэдэн төгрөг авсан бэ?

-350 сая төгрөгийн гэрээтэй. Үүнээс 100 саяыг нь авчихсан байгаа.

-Гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүйн төлөө ямар нэг шаардлага, алданги тооцож байгаа юу?

-Гэрээнд нэг хоног хэтрэхэд 0,05 хувийн алданги тооцно гэж заасан. Энэ нь тусгай нөхцөл буюу 46.1 дэх заалт. Тэгэхээр энэ компанийн хугацаа хойшлох тусам алданги тооцуулна л гэсэн үг. Бид хяналт тавиад ойр ойрхон очоод байна.

-Одоо ахин цагдаагийн алба хаагчдын барилгын ажлаас шалтгаалж ажил хойшлох болов уу?

-Байхгүй. Одоо цэвэр “БҮҮХ” ХХК-иас шалтгаална.

 “БҮҮХ” ХХК өөр дүүрэгт давхар ажил авсан гэсэн. Ингэж давхар ажил авч болдог юм уу?

-Чингэлтэй дүүрэгт мөн хорооны барилгын ажил гүйцэтгэж байгаа гэсэн.

-Компани урьдчилгаа 100 сая төгрөгөө Чингэлтэй дүүргийн барилгын ажилдаа зарцуулчихсан гэж захирал өөрөө мэдэгдсэн гэлүү?

-Оруулсан гэж гүйцэтгэгч хэлээд байгаа. Чингэлтэй ч гэсэн тусдаа гэрээтэй шүү дээ. Энэ барилга нь 70 орчим хувьтай явж байгаа юм билээ. Чингэлтэй дүүргийнхээ барилгын урьдчилгааг ч гэсэн авсан. Нэг барилга нь явагдаад, нөгөө нь явахгүй байсан байгаа юм л даа. Ингээд тодруултал манайх мөнгөө нөгөө барилга руу оруулчихсан юм гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг барилгын мөнгийг нөгөө барилга руу оруулна гэдэг цэвэр тухайн компанийн менежтентийн асуудал байх даа.

-Өмнө нь санхүүжилт дүүргээр дамждаг байсан бол одоо нийслэлийн мэдэлд оччихсон тул дүүргээс хяналт тавиад үнэ цэнэгүй байна гэх юм?

-Энэ асуудлын тухайд дээрээс тавигдсан бодлого тул бид мэдэхгүй л дээ. Өмнө нь бол санхүүжилт Нийслэлээс дүүрэгт, дүүргээс гүйцэтгэгч компани руу шилждэг байсан л даа. Тэгээд одоо бол бүх санхүүжилт нийслэлээс гардаг болсон.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top