Өнгөрсөн сарын 24-нд “Жигүүр гранд” группын захирал Д.Баттөр тус компаниас нэг тэрбум орчим төгрөгөөр байр, үйлчилгээний төв худалдан авсан иргэн Ж.Энхболдыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авъя хэмээн очиход нь хамгаалагч нараараа бариулж байгаад зодсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан билээ. Д.Баттөр захирлын эзэмшдэг “Жигүүр Гранд” группын хувьд барилгын салбарт 23-н жил тасралтгүй ажиллаж байгаа,үндэсний цөөн тооны компаниудын нэг. Байранд орох хүсэлтэй олон иргэн “Жигүүр Гранд”-ын барьсан байруудаас сонголт хийдэг. Энэ нь ч учиртай. Ашиглалтанд оруулсан орон сууцнуудын талаар гомдол гардаггүйгээс гадна тус компанийн барьсан “Гранд плаза” Монгол улсаас анх удаа Дэлхийн шилдэг 100 барилгын нэгээр шалгарч байсан удаатай. Чанар өндөртэй, хэрэгцээ ихтэйн хувьд үнэ нь ч бусдаас харьцангуй өндөр байдгийг мэдэхгүй хүн үгүй биз.
Тус группын захирал Баттөрд зодуулсан гэх иргэн Ж.Энхболдын хувьд “Гранд Плаза” үйлчилгээний цогцолбор болон “Лакшири зайсан виллаж”, “Хос жүрж” зэрэг орон сууцны хотхонуудаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан байна. Тэрбээр тухайн хотхонуудад 2-5 жил амьдарч, “Гранд Плаза цогцолбор”-т бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ тухайн обьектуудынхаа ашиглалтын зардал буюу СӨХ-ийн зардлыг төлөлгүй өнөөг хүрчээ. Хамтран ашиглагчид нь дундын хуримтлалын мөнгөөрөө түүний өрийг төлж амь аргацаасаар өнөөг хүрсэн байна.
Иргэн Ж.Энхболдод “Жигүүр Гранд” Группын холбогдох ажилтнууд “Төлбөрийн үлдэгдэлтэй тул тооцоо нийлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авна уу” хэмээн мэдэгдсээр байтал компанийн ажилтнуудыг хооронд нь зохилдуулан 1ш Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байна. Үүндээ амтшин үлдсэн 1ш гэрчилгээг иймэрхүү хэлбэрээр аргаар гартаа оруулахыг хүссэн бололтой. “Жигүүр Гранд” группээс “Хэрэв та манай байгууллагын барьсан барилгуудаас үл хөдлөх хөрөнгө худалдан авсандаа сэтгэл ханамжгүй байвал, манай компанид буцаагаад өгч болно” гэсэн саналыг удаа дараа тавьсан боловч буцаан өгөхийг хүсдэггүй байсан гэнэ. Мөн тус компанийн барьсан “Хунгийн хотхон”-оос дахин байр худалдан авах хүсэлт гаргаж байсан юм байна. “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөрд зодуулсан гэх Ч.Энхболдын эхнэр н.Норжинсүрэн хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд доорх мэдээллийг өгч байсан билээ.
“Энэ сарын 24-ний өдөр манай нөхөр / Ж.Энхболд/ над руу утсаар яриад “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр намайг зодчихлоо” гэсэн. Тэр даруй намайг очтол энгэр нь шороо болчихсон зогсч байсан л даа. Тэр өдөр нөхөр маань “Жигүүр гранд”-аас хоёр жилийн өмнө худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахаар явсан юм. Энэ компаниас нийт тэрбум орчим төгрөгийн орон сууц, үйлчилгээний объект худалдан авсан. Гэвч гэрчилгээ одоо болтол гараагүй. Энэ асуудлаар Ч.Энхболд тус компанийн менежертэй уулзахаар явсан юм. Энэ үед захирал Д.Баттөр бие хамгаалагчдын хамт нөхрийг маань хүсэлт тавьсных нь төлөө, ажлын өрөөндөө чирч оруулан, жолооч, бие хамгаалагчаар бариулж байгаад зодсон байна лээ. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дүгнэлт нь хараахан гараагүй байгаа” гэж ярьсанаас гадна 08 сарын 31-ний өдөр дахин хэвлэлийн бага хурал зарлан, өөрийн нөхөртэй холбоотой асуудал ярьж байгаад гэнэт “Жигүүр Гранд Групп”-ийн захирал Д.Баттөр 20-30 хамгаалагчаараа СБД-ийн 16-р хорооны 5 айлын гэрийг нураалган хөгшин настай хүнийг гэмтээсэн. Жалганд айлуудын эд хөрөнгийг нь булсан. Ганц манай нөхөр энэ хүнд зодуулаагүй. Жирийн иргэдийг хүртэл зодож танхайрсан” хэмээн мэдээлсэн билээ.
Харин энэ мэдээллийн дагуу “Төгс зам” компани “Жигүүр Гранд" групп, захирал Д.Баттөрөөс уучлал хүссэн албан бичиг явуулснаас гадна дээрх мэдээлэл ор үндэслэлгүй худал гүтгэлэг болохыг албан ёсоор мэдэгдсэн бичгийг цагдаагийн газраас ирүүлсэн байна.


Ж.Энхболд худалдаж авсан барилгынхаа ашиглалтын зардал буюу СӨХ-ийн мөнгийг өнөөг хүртэл төлөөгүй хэрнээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахыг санаархсанаас энэ хэрэг үүдсэн бололтой. Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, ажил хийж байгаа хүмүүс рүүгээ увайгүй хэн нэгний үгээр далимдуулж дайрч байснаас үндэсний цөөхөн хэдэн компанийхаа үйл ажиллагааг дэмжээд явбал эх орны маань хөгжилд хэрэгтэй гэдгийг хаа хаанаа санах нь зүйтэй биз ээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )