Манай улс Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон ХӨСҮТ-д сайн дураар Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг 11-15 насныханд хийсэн билээ. Гардасил вакцины нэг дэх тунг 10757 охинд тарьж 76,4 хувь, хоёрдугаар тунд 10537 охиныг хамруулж, өмнөхөөсөө буурсан буюу 74,9 хувийн үзүүлэлттэй байна. Харин вакцины сүүлийн тун буюу гурав дахь тун энэ сарын 10-наас эхлэх юм. Ийнхүү охидыг хамруулах болсон нь бэлгийн харьцаанд ороогүй байхад нь хамруулах бөгөөд үр дүнтэй байдаг ажээ. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд түгээмэл илрэх болсон хавдаруудаас уг вакцин сэргийлнэ гэж үзээд буй.
Өнөөдөр “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв” нэртэй төрийн бус байгууллагад ирсэн хүсэлтийн дагуу тус төвийн тэргүүн Б.Цэрэндорж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Энэ төвд есдүгээр сарын 4-ний өдөр иргэн Э.Мөнгөнчимэгээс “Би 12 настай охиноо уг вакцинд хамруулсан. Гэтэл Европ дахь “Гал үндэстэн холбоо”-ноос хийсэн мэдэгдэлд “гардасил” нэртэй энэ вакцинаас мөнгөн ус, химийн хорт бодис илэрсэн гэж мэдээлсэн. Иймд уг вакцинаас ийм төрлийн хорт бодис илэрсэн үгүйг тогтоон, хууль хяналтын байгууллагад хандаж өгнө үү” гэсэн хүсэлт иржээ. Мөн одоогоор уг вакцинтай холбоотой найман гомдол энэ төвд ирсэн гэлээ. Ингээд түүнээс цөөн зүйл тодрууллаа.
-Яагаад энэхүү вакцины асуудлаар хэвлэлийн хурал зарлах болов?
-Улс төрийн нөхцөл байдалтай холбохоос өөр нөхцөл байдалгүй болжээ гэж харсан юм. Энэ вакцинтай холбоотой Европ дахь “Гал үндэстэн холбоо” мэдээлэл, иргэдийн өргөдлийн дагуу мэдээлэл хийж байна. Бид ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзсан байгаа. Яг энэ цаг мөчид ХӨСҮТ, ДЭМБ-тай хамтран мэдээлэл хийж байгаа. Энэ вакцинд нийгмийн сэтгэл зүй чухалчилж хандаж байна. Манайд иргэн Э.Мөнгөнчимэгээс өргөдөл ирсэн байгаа. Өргөдөлдөө “12 настай охин минь "гардасил" вакцинд хамрагдсан. Гэтэл Европ дахь Гал үндэстэн холбоо гэдэг байгууллагын мэдээлснээр энэ вакцинаас мөнгөн ус, өөр химийн бодис илэрсэн гэлээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг холбогдох газруудаар нь шалгуулан бидэнд хариу өгнө үү” гэсэн. Үүнээс уншихаар охидын биед мөнгөн ус орчихсон юм байна гэсэн сэтгэл зүй байгаа юм. Үнэндээ бол ДЭМБ вакциныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Би эмч хүн биш учраас өвчнийг мэдэхгүй. Манай улсад хоёр шат нь явчихсан, удахгүй гурав дахь шат нь эхлэх гэж байна. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол, ажил албан тушаалын сонирхол, халаа сэлгээтэй холбоотой юм болов уу гэж бодоход хүрээд байна. Ийм зүйлийн төлөө бол хүний эрүүл мэндийг орхиж болохгүй шүү дээ. Бүхэл бүтэн ДЭМБ зөвшөөрчихсөн байхад асуудал үүсээд байгаа нь анхаарал татаж байна. Зөвхөн Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн захирал юм уу хэн нэг нь үүнийг батламжилж, зөвшөөрсөн бол өнөөдөр энэ нийгэмд гараад байгаа хардлагууд гарч болох юм. Гэтэл ДЭМБ-ын суурин төлөөлөгч нь ямар нэг бодисгүй, хор нөлөөгүй гэж байр сууриа илэрхийлээд байхад ийм асуудлууд гараад байгаа нь нэг талаар эрүүл мэндийг улстөржүүлээд байгаа юм болов уу гэж ойлгогдож эхэллээ. Хэрэв эцэг, эхчүүд нь эхний хоёр шатны вакциныг охиндоо хийлгэчихсэн л бол гурав дахь тунг хийлгэхгүй бол үүнээс ямар нэг үр дүн харахад хэцүү болж байгаа юм л даа. Нийгмийн сэтгэл зүй рүү хандана гэдэг бол ноцтой юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчтэй уулзчихаад ахин мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Нэг хүн мэдээлэл хийхэд ард түмэн хямарч байдаг байдлаасаа салах хэрэгтэй.
Асуудлын гогцоо нь хоёр шатны вакцин хийлгээд ямар нэг ноцтой зүйл илрээгүй. Одоо ингээд гурав дахь тун хийгдэнэ. Мөн тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь харагдах байх л даа. Мөн ДЭМБ болоод суурин төлөөлөгч нь сөрөг нөлөөгүй гэдгийг илэрхийлээд байхад нийгэмд хар мэдээ байгаад байгаа нь улстөрийн ямар нэгэн ажил, албан тушаал, халаа сэлгээний төлөө байж магадгүй юм. Эсвэл үнэхээр ямар нэг бодис байхыг өнөөдрийн байдлаар үгүйсгэх аргагүй байна. Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ, Гал үндэстэн холбооны алинд нь буруу байгааг бид мэдэхгүй. Иймд алдаа хаана гарсныг тогтоогоод тухайн байгууллагыг шүүхэд өгнө.
-Яагаад энэ вакцинд анхаарал хандуулж ажиллах болов? Өөр ямар ажлууд хийдэг юм вэ?
-Яг энэ асуултыг ойрын хэд хоногт надад их тавьж байна. Хүмүүс манайхыг цагдаагийн байгууллага ч гэж ойлгоод байдаг юм. Холбоо таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчин, эрүүл мэнд, хууль эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн халамж үйлчилгээ гээд салбар болгонд тодорхой мэргэжлийн хүмүүс ажилладаг. Энэ вакцины тухайд улстөржүүлчихээд байгаа юм болов уу гэж үзсэн. Ийм зүйл илрээгүй гэдгийг суурин төлөөлөгч илэрхийлээд байгаа. Харин бид одоо суурин төлөөлөгчөөс ч, Гал үндэстэн холбооноос ч нотолгоо шаардах болно. Тухайлбал, хаана ямар шинжилгээнд ороод нотлогдсон юм бэ гэдгийг тодорхой болгоно. Одоогоор Гал үндэстэн холбоотой холбогдох гэсэн боловч утас нь болохгүй байна.
-Танайд ирж байгаа өргөдлүүдийн дийлэнхийг аль салбарт хандсан байдаг вэ?
-Төрийн хүнд сурталтай холбоотой байдаг. “Бид ийм газар, ийм бичиг өгсөн. Гурван сар боллоо. Хариу ирэхгүй байна” гэдэг. Гурван сар болоод хариу бичиг ирэхгүй тийм төртэй байгаад яах юм бэ.
-Таны тэргүүлж байгаа байгууллага “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв” гэдэг нэртэй ТББ. Гэтэл өнөөдөр энэ вакцинаас болоод нийгэм гэмт халдлагад өртчихжээ. Сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Бид сэргийлэх гэхээсээ илүү ирсэн өргөдөлдөө дарагддаг болохоор өөр салбар гаргаад үйл ажиллагаа явуулах гэхээр үнэндээ санхүү, мөнгө хүрэлцдэггүй. Тандалт, судалгаанд хамтарч оролцдог маань бас л нэг сэргийлэх хэлбэр юм болов уу. Жишээлбэл архидалтын эсрэг хоёр хүн ажиллаж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )