“Хүний хөхөнцөр вирус”-ын эсрэг гурван тунт вакцинжуулалттай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Вакцинжуулалтыг “Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 10-наас эхлэн сүүлийн гурав дахь тунг хийх гэж байгаа юм.
ДЭМБ-ын мэргэжилтэн Др.Луо.Дапенгээс дараах асуултанд хариулт авлаа.

-Хүний хөхөнцөр вирусын эсрэг гардасил вакцины талаар сөрөг мэдээлэл гарах боллоо. Энэ тухай таны байр суурийг сонсмоор байна?
-Хүний папилома вирусын ужиг халдвар явсаар умайн хүзүүний хавдар үүсгэдэг гэдгийг шинжлэх ухаан нотолсон юм. Анх вакцины 2006-2007 онд чанарын аюулгүйн шаардлага хангаж байна гэдгийг хоёр жил дараалан тогтоосон. Ингээд зөвшөөрөл гаргахаасаа өмнө дэлхийн олон оронд энэхүү вакцины талаар эмнэл зүйн туршилтыг 10 мянга гаруй эмэгтэйчүүдэд хийсэн. Туршилтын үр дүнд энэ вакцин нь чанарын хувьд аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдэг дүгнэлт тогтоогдсон л доо. Өөрөөр хэлбэл, бидний мэдэх А гепапит, улаан бурхан зэрэг вирусын эсрэг вакцинтай адилхан л гэсэн үг.
-Вакцины зөвшөөрлийг хэдэн оноос олгож эхэлсэн юм бэ?
-2006 оноос вакцины зөвшөөрөл олгож эхэлсэн шүү дээ. ДЭМБ дотооддоо болон олон улс орнуудын эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй олон удаагийн хэлэлцээр, хуралдааны дүнд вакцины талаарх байр суурийг албан ёсоор илэрхийлсэн. Үүний дараа 2009 оноос хүний папилома вирусын эсрэг вакцины баримтлах байр суурийг гишүүн улс орнууддаа хүргүүлэхдээ дараах шаардлагыг хангасан тохиолдолд вакциныг нэвтрүүлэх зөвлөмж олгодог юм. Үүнд умайн хүзүүний хавдраас сэргийлэх нь тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон, дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих боломжтой санхүүгийн тогтвортой байдал хангагдсан, вакциныг нэвтрүүлэхдээ эдийн засгийн үр ашигтай байх гэсэн шаардлагыг хангасан тохиолдолд хэрэглэхийг зөвлөмж болгодог. ДЭМБ-аас баримталж буй бичиг баримтад юу илэрхийлдэг вэ гэвэл вакциныг аюулгүй, үр дүнтэй, яаж хэрхэн хэрэглэх вэ, хэдэн насны хүүхдэд тарих уу зэрэг нарийн мэдээлэл бүгд байдаг.
-Энэхүү вакцинаар хичнээн улс дархлаажуулалт хийсэн байдаг вэ?
-Одоогоор дэлхийн 37 улс дархлаажуулатын хөтөлбөртөө хамруулж хийсэн байгаа. Эдгээр улсуудын ихэнх нь хөгжсөн улс, орнууд байдаг.
-Европын орнуудад Гардасил вакциныг хэрэглэхээ больсон гэсэн мэдээлэл гарч байна?
-Өглөө Европын орнуудын мэдээллийг олж уншлаа. Уг мэдээлэлд Европын холбооны 27 улсын 19 нь гардасил вакциныг нэвтрүүлжээ. Тэгэхээр вакциныг үр дүнгүй гэдэгт эргэлзэх шаардлагагүй гэж хэлмээр байна.
-Вакциныг мөнгөн усны найрлагатай тул үргүйдэлд хүргэдэг гэх боллоо. Иймд вакцины найрлагыг хэлж өгч болох уу?
-Вакцин ямар найрлагаас бүрдсэнийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний хэлж чадах ганц зүйл байна. Энэ бол ямар ч мөнгөн ус агуулаагүй. Үйлдвэрлэгчийн мэдээлэлд мөнгөн ус орсон гэж бичигдээгүй байдаг. Үүнийг эмнэлгийн суурь мэдлэгтэй хүмүүс л унших хэрэгтэй. Мэргэжлийн бус хүн уншихаараа буруу ташаа зүйл ойлгох тал бий. Одоогийн байдлаар шинжлэх ухааны талаас нь батлаад энэ вакцин нь үргүйдэлд хүргэдэг гэсэн нотлох баримт байхгүй байгаа.
О.Дашпагма: 66 охинд хөнгөн хэлбэрийн урвал илэрсэн
Хурлын үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас зарим асуултад тодруулга авлаа.
-Гардисал вакциныг хийж эхэлснээс хойш сөрөг нөлөөтэй гэх мэдээлэл их гарах боллоо. Энэ тухай салбарын даргын хувьд тодруулахгүй юу?
-Энэ вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан, АНУ-ын хүнс болон эмийн үйлдвэрээс зөвшөөрөл авсан юм.
-Гардасил вакцинаас Европын орнууд татгалзсан тухай “Гал үндэстэн” холбооны Европ дахь гишүүд мэдээлээд байгаа?
- Одоогоор татгалзсан гэсэн албан ёсны мэдээлэл ДЭМБ-ын вэб сайт болон Америкийн өвчний хяналт, судалгааны төвөөс мэдээлэл хийгээгүй байна. Бидэнд ч ДЭМБ-аас ийм мэдээлэл ирээгүй. Сайдын тушаалын дагуу III-тунг хийнэ. Вакцины дараах хөнгөн хэлбэрийн урвал 66 охинд тохиолдсон байгаа. Энэ нь хүнд хэлбэр биш. Арьс улайх, хавдах, халуурах урвал бол хэвийн үзэгдэл шүү дээ.
-Умайн хүзүүний хорт хавдраар 50-60 насны эмэгтэйчүүд өвчилдөг тул өсвөр насны охидод хийх нь буруу гэх юм?
-Энэ чиглэлээр манай улсад судалгаа хийгдсэний үндсэн дээр дархлаажуулалт үргэлжилж байгаа. Халдвар авдаг нас нь 15-19 эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарсан. Ингээд 25 наснаас дээш болохоороо өвчилж эхэлдэг. Гардасил вакцин ДЭМБ-ын шаардлага хангасан гэх бүх бичиг баримтыг ч үзүүлж болно.
Х.Даваанаа
Сэтгэгдэл ( 0 )