Өнөөдөр Олон улсын бичиг үсгийн өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Олон улсын бичиг үсгийн өдөрт ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал, Ирина Боковагийн илгээлт 2012 оны  есдүгээр сарын  найман ЮНЕСКО-гийн Олон улсын бичиг үсгийн өдөр энэ жилийн сэдэв агуулгыг бичиг үсгийн боловсрол, энх тайван хоорондын харилцан уялдаанд хандуулж байна.

Энэ сэдэв нь өнөөдөр бидэнд нүүрлээд байгаа хүнд бэрх цаг үетэй шууд утгаараа холбогдож байгаа юм. Дэлхий дээрх хүчирхийлэл зонхилсон улс орнуудад бичиг үсгийн түвшин ихээхэн доогуур байдаг. Улс орнуудад гарч байгаа зэвсэгт мөргөлдөөн нь Бүх нийтийн Боловсрол, Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд саад болж байгаа томоохон бэрхшээлүүдийн нэг юм. Дэлхий дээрх дунд сургуулийн насны сургууль завсардсан нийт хүүхдийн 40 хувь нь мөргөлдөөнд нэрвэгдсэн улсад байгаа юм.

Бид хүмүүсийг бичиг үсэгтэн болох боломжоо зэвсэгт мөргөлдөөнөөс болж алдахыг яав ч зөвшөөрч болохгүй. Бичиг үсэгт тайлагдах нь хүний үндсэн эрх хийгээд бүх шатны боловсрол, насан туршийн боловсролын суурь билээ. Бичиг үсэг нь хүмүүсийн амьдралыг өөрчилж зөв сонголт хийх боломжийг өгдөг бөгөөд хувь хүнийг өөрчлөлт шинэчлэлтийн эзэн болоход нь тусалдаг. Энх тайвнаар орших нь бичиг үсэгтэй иргэдийн хөгжил, бүх нийтийн боловсрол эзэмших боломжоос хамаардаг. Дэлхийн олон оронд өрнөж байгаа хүчирхийлэл, улс төрийн үймээн самууны тоосонд бичиг үсгийн мөр бүдгэрэлгүйгээр улс үндэстэнд энх тайвныг цогцлоох хүчин зүйл нь болох ёстой.

Энх тайван хийгээд тогтвортой хөгжил нь харилцан хамааралтай байнга бэхжиж хөгжиж байх ёстой. Бичиг үсэг нь нийгмийг тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгодог хөгжлийн хурдасгуур юм. Бичиг үсгийн хөтөлбөр нь ирээдүйн хөгжлийн стратегийн түлхүүр болж хүмүүст ур чадвар, шинэ боломжыг нээж өгдөг. Энэ бүхэн Бүх нийтийн боловсрол, Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд амин чухал ач холбогдолтой.

2015 оны бичигтэн болох зорилтуудад хүрэх дэвшилттэй алхамууд хийгдэж байгаа хэдий ч хүнд хэцүү даваанууд бидний өмнө байсаар байна. Эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад 2000 онд Дакарын уулзалтаар дэлхийн улс орнууд өгсөн амлалтаа ажил хэрэг болгоход олон улсын зүгээс шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна. ЮНЕСКО-гийн тооцоогоор дэлхий дээр бичиг үсэгт үл тайлагдаагүй нийт 775 сая насанд хүрэгсэд, тэдний 122 сая нь залуус бий. Эдгээр хүмүүсийн бараг гуравны хоёр нь охид эмэгтэйчүүд юм. Маш их боломжийг бид алдаж байна.

Бид хамтаараа энэ байдлыг эцэслэж болно. Эх дэлхийдээ бид эрдэм ном, бичиг үсгийг дэлгэрүүлэх нэгэн зорилготой билээ. Бүх нийтийн боловсролын зорилтуудын биелэлтийг дүгнэх 2015 он ойртож байгаа энэ үед бид шинэ эрч хүчийг олж аваад байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “ Нэгдүгээрт боловсрол” санаачлага энэ сарын сүүлээр албан ёсоор гарах гэж байгаа нь энэ асуудлыг олон улсын тавцанд дээд хэмжээнд авч үзэхэд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

ЮНЕСКО-гийн Бичиг үсгийн олон улсын шагналын энэ жилийн ялагчид нь бичиг үсгийн хөтөлбөрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж болох жишээг харуулсан байгаа. Эдгээр шагналтан нь хэрхэн бичиг үсгээр дамжуулан хүний эрх, хүйсийн тэнцвэртэй байдал, мөргөлдөөнийг зогсоох, соёлын олон талт зүйлийг дэмжиж болох талаар бодит амьдрал дээр үзүүлсэн хүмүүс юм.

Би өнөөдөр та бүхнээс бичиг үсгийн чанартай боловсролыг олгох нөхцөлийг бүрдүүлэхэд хамтын ажиллагаагаа сайжруулахыг уриалж байна. Бичиг үсэг нь хүмүүст боломжийг жинхэнэ утгаар нь олгодог тул бичиг үсгийн хөтөлбөрийг энх тайван, хүний эрх, иргэний нийгмийн үнэт зүйлстэй холбон заах нь нэн чухал юм. Бичиг үсэг нь энх тайван, хөгжлийн эх булаг нь байж болох юм. Энэ бүхнийг хамтаараа хурдан ажил болгоцгооё!

                                  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu