Ц.Энхжаргал: Надад итгэл хүлээлгэвэл би алтан медаль хүртэж чадна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII ДАШТ энэ сарын 27-29-ний өдрүүдэд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд болно. Тамирчид маргааш хүлгийн жолоо залахаар бэлтгэж байна. Гэвч өнөөдөр гавьяат тамирчин Ц.Энхжаргал Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууддаа хандаж хэвлэлийн хурал зарласан юм. Учир нь түүний барилддаг 48 кг-ын жинд өмнө нь 51 кг-д барилддаг байсан ОУХМ, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Даваасүрэн оролцохоор болоод байгаа юм. Хурлын гол учир нь зөвхөн үүнд биш юм. Энэхүү тэмцээнд жин тус бүрээс шилдгийн шилдэг нэг тамирчин оролцох эрхтэй. Тэр эрхийг сорилт тэмцээн зохион байгуулсны дараа аль ялсан нь онооныхоо илүүгээр оролцох байсан. Гэвч чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дүрмээ зөрчиж сорилт тэмцээн хийлгүй Б.Даваасүрэнг оролцуулахаар болсонд тэрбээр маш их гомдсоноо илэрхийлсэн. Сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нулимсаа хүртэл барьж чадаагүй нь өөртөө ямар их итгэлтэй байсан нь илт харагдаж байв. Дашрамд дуулгахад тус тэмцээнд манай улсаас Б.Даваасүрэнгээс гадна 51 кг-д ОУХМ, ДАШТ-ийн мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа, 63 кг-д ДАШТ-ийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 67 кг-д ОУХМ Ц.Баярзаяа, 72 кг-д ОУХМ Б.Одончимэг нар оролцох гэж байгаа билээ. Манай улсын чөлөөт бөхийн барилдааны бүсгүйчүүд тус тэмцээнд 11 дэх удаагаа оролцож, нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Хурлын үеэр Ц.Энхжаргалтай ярилцлаа.

-Та хурал хийх шийдвэрээ хэзээ гаргасан бэ?

-ДАШТ-д оролцох тамирчдын нэрс энэ сарын 12-нд тодорсон. Тэр үед намайг явуулахгүй болсныг нь мэдэхэд сэтгэлд минь маш хүндээр туссан. Өөрийгөө энэ тэмцээнд оролцоно гэж зуун хувь итгэж байсан болохоор тэр л дээ. Би тэр үед сорилт тэмцээн болно тиймээс Б.Даваасүрэнг ялах юм чинь энэ жилийн ДАШТ-д оролцоно гэж бодож байлаа. Гэтэл сорилт тэмцээнээ зохион байгуулалгүй намайг хассанд би харамсч байна.  

-Таны бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Хангагдсан. Би энэ тамцээнд оролцвол дөнгөж мөнгө, хүрэл медаль авахгүй ээ. Шууд алтан медалиар энгэрээ гоёж, эх орныхоо эгшиглэнт төрийн дууллыг энгэртээ зүүсэн медальтайгаа өнгө соёмботой нь хослуулж гялалзуулна.

-Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөл танд энэ талаар ямар хариу өгч байна вэ?

-“Бид залуу тамирчнаа дэмжиж Б.Даваасүрэнг оролцуулах гэж байна” гэсэн хариу л өгсөн. Би энэ жил улсдаа болсон тэмцээнүүдэд түрүлж, дундад Азийн орны тэмцээнд Японы тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Энэ бүхнээс харахад би дэлхийд жиндээ бараг нэг номерт бичигдэж байна. Гэвч ийм амжилттай тамирчинг манай холбоо яагаад оролцуулахгүй байгаад нь гайхаж байна.

-Та өөрийнхөө биеийн болон сэтгэлзүйн бэлтгэлийг Б.Даваасүрэнгээс илүү хангагдсан гэж дүгнэж байна вэ. Түүний бэлтгэл муу байгаа хэрэг үү?

-Б.Даваасүрэнгийн амжилт хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медальтай. Бэлтгэлийнх нь хувьд сар хүрэхгүй хугацаанд хийсэн. Тэгэхээр тэр хүн хэрхэн оролцох нь харагдаж байгаа биз дээ. Харин би энэ жил гадаадын тэмцээнд оролцоогүй ч бэлтгэл сайн байгаа.

-Тамирчид маргааш тэмцээндээ явна. Өнөөдөр шийдвэр гаргахгүй бол та амжихгүй нь. Холбооныхон таныг энд хэвлэлийн хурал зарлаж байгааг мэдсэн үү?

-Мэдсэн байх. Маргааш явах гэж байгаа болохоор нь л би өнөөдөр амжуулах гэж энэ хурлыг хийж байна. Зөв шийдвэр гаргаж аль хүчтэйг нь явуулна гэдэгт итгэлтэй байна. Холбоо хэрвээ сорилт тэмцээнээ зохион байгуулж би ялагдсан бол өнөөдөр энд ингээд усан нүдлээд суухгүй. “Үнэндээ би Б.Даваасүрэнг дийлэхгүй юм байна” гэж бодоод үлдэнэ. Гэтэл холбоо намайг үл ойшоож байгаа юм шиг хандаж байгаад нь гомдож байна.

-Та Б.Даваасүрэнтэй барилдаж байсан уу?

-Би 12 жил барилдаж байна. Тэр миний дайны дов үзээгүй. Түүнтэй өмнө нь гурав барилдахад хоёр ялж, нэг ялагдсан. Түүнтэй одоо ч барилдсан би ялна. Үүнийг итгэлтэй хэлнэ.  

-Б.Даваасүрэн өмнө нь 51 кг-д барилддаг байсан. Энэ удаа жин хасч таны жинд орж ирлээ. Жин хасч барилдсан тамирчин амжилт үзүүлэхэд муугаар нөлөөлдөг. Та ямар бодолтой байна вэ?

-Мэдээж муугаар нөлөөлөх нь тодорхой.

-Та энэ удаагийн ДАШТ-д оролцвол хэд дэх удаагаа хүч үзэхээр болоод байсан бэ?

-Ес. Надад туршлага ч бий.

-Олимпийн жилд бусад орон энэ тэмцээнд залуучуудаа ихэвчлэн оролцуулдаг. Тэр жишгээр танай холбоо ийм шийдвэр гаргасан юм болов уу?

-Үгүй байх. Хамгийн гол нь гаргасан шийдвэр, дүрмээ хэрэгжүүлэх л ёстой. Тэгээд ч миний жинд дандаа залуу тамирчин оролцоно гэж бодохгүй байна. Өрсөлдөгчдөө ч сайн судалсан.  

-Таны нас тамирчин хүний хувьд ахмад талдаа орно. Энэ удаа таныг холбоо тань ингээд үлдээсэн нь цаашид нэг мөсөн татамигаас чинь буулгах гэсэн оролдлого байх вий?

-Үгүй байлгүй дээ. Би бэртээгүй болохоор үгүй байх гэж бодож байна. Эдгэшгүй бэртэл авсан тамирчин л татамигаа орхидог шүү дээ. Нас нэмсэн гэж шалтаглаж байгаа бол энэ бэртэл биш.  

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top