|
|||||
|
|||||
Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох орчин тааруу, хүүхдийн цэцэрлэг хангалттай биш болсныг хүн бүхэн мэдэж буй. Үүнд хүн бүхэн дор бүрнээ дүн тавьчихаад байгаа. Тэгвэл өнөөдөр дутагдаж гачигдаад байгаа цэцэрлэгийн хангамжийг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт өнөөг хүртэл хариугаа нэхсээр. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гарцыг УИХ-ын гишүүд олсон байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн асуудлыг шийдэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар илгээжээ. Хууль санаачлагч гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй энэ талаар ярилцлаа.
-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн барилга стандартын шаардлагад нийцэж байгаа юу? -Цэцэрлэгүүдийн олонхи нь шаардлага хангахаа больсон нураах шатанд орсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм арга хэмжээ авахгүй бол хэзээ мөдгүй хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ. Ер нь, үзүүлээд эхэлчихсэн л байгаа шүү дээ. Хана туурга нь хагарч, чийг дааж, мөөгөнцөр үүссэн тийм л нөхцөл байдалд байгаа. -Тэгэхээр гэрээр хүүхэд асрах хууль гарах юм байна. Үүнийг дагаад цалин хөлс, асаргааны нөхцөл, хяналт, хэчнээн хүүхэд нэг дор авч болох гэх мэт зүйл яригдах нь дамжиггүй? -Ажил хөдөлмөр эрхлээгүй, нярай хүүхдээ асарч байгаа эх, гэртээ суугаа нэг хүн зургаан хүүхэд аваад ажиллах боломжтой. Тэгэхээр нэг багшид үүнээс илүү хүүхэд ногдохгүй гэсэн үг. Мөн өнөөдөр цэцэрлэгийн насны нэг хүүхдэд ногдох төсвийн дагуу хөрөнгө мөнгөө төрөөс авчих юм. Тодруулбал, цалингийн зардалд 70-80 мянга, хоолонд нь 40 орчим мянган төгрөг өгдөг. Иймд нэг хүүхдийн зардал гээд 120 орчим мянган төгрөг авна. Үүнээс гадна хүүхэд асарч байгаа байрны ам метрт тааруулан түрээсийн болон дулаан, цахилгаан, усны зардлыг улсаас олгох болно. Бас эцэг эхчүүдээс нэмэлт төлбөр авах боломж нь нээлттэй байх юм. Ингээд бодохоор нэг багш сардаа 500 мянган төгрөгийн цалинтай ажиллах тооцоо гарсан. Ер нь, зөвхөн хүүхэд сурч боловсрох эрхээ эдлээд зогсохгүй таван мянга орчим хүн ажлын байртай болно. Өнөөдөр 45-50 насны эмэгтэйчүүдэд ажил олдохгүй, амьдрал нь хэцүү л байгаа шүү дээ. Тэдэнд ажил эрхлэх боломжийг нээн өгч байгаа хэрэг. -Хоол унд, орчны ариун цэврийн асуудал гээд шүүмжлэл дагуулах зүйл олон бий? -Үүнийг хэн хүнгүй хэлж байна. Айлд хүүхдээ үлдээчихээд аюулгүй байдалд нь санаа зовохгүй суух хэцүү, хоол ундны чанар хэр байх бол, эрүүл ахуйн нөхцөлд нийцэх үү, эрсдэлтэй алхам бий гээд л яриад байгаа. Тэгэхээр монголчууд эрт үеэс л гэрээр хүүхдээ асарч, хүмүүжүүлж ирсэн түүхтэй улс. Яахав, уламжлалт ёс маань л сэргэж байгаа явдал. Түүнээс цоо шинэ зүйл ч биш. Мөн өнөөдөр ажиллаж байгаа цэцэрлэгийн байдал ч тийм аюулгүй цэвэр орчин биш. Нэг ангид 40-50 хүүхэд хүмүүжиж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл дор хаяж 30 орчим нь хүнд, хөнгөн байдлаар халдвар авдаг. Тэгвэл 6-10 хүүхэдтэй нөхцөлд өвчлөл бага. -Ийм замаар явах боломжтой байх. Гэхдээ хүн бүр зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй ийм төрлийн ажил эрхлээд эхэлбэл яах вэ. Хяналтаа хэрхэн тогтоох бол? -Тухайн гэр цэцэрлэг зөвшөөрөлтэй үгүйд эцэг эхчүүд л хяналт тавина. Гэрээ хийх үедээ шалгаж, ариун цэврийн байдал, хүүхдийн унтах ор, тоглох тоглоомын аюулгүй байдлыг хянана. Өнөөдрийг хүртэл эцэг эхчүүд огт хариуцлага хүлээж байгаагүй. Ямар хоол идэж, аюулгүй орчинд байна уу гэдгийг ч хянахгүй яваа. Ийм үйлчилгээ гарч ирснээр зургаан хүүхдийн 12 эцэг, эх 100 хувь хяналт тавина. Үүнд тусгайлсан байгууллага байх ч шаардлагагүй биз. Хэрвээ ямар нэгэн зөрчил дутагдал илэрвэл, хүүхэд аюултай байдалд орох нь гэж үзвэл мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж болно. -Яагаад ийм чиглэлд илүү анхаарч байна вэ? -Сургуулийн өмнөх боловсрол гэдэг маань хүүхдийг хүнтэй харилцаж сургах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах зорилготой. Гэртээ суугаа хүүхэд яаж өөрийгөө илэрхийлж сурах юм бэ. Тэр 80 мянган хүүхэд ийм чадварт суралцахгүй бол ирээдүйд өөртөө итгэлгүй хүн болж төлөвшинө шүү дээ. -Мэргэжлийн багшийг дөрвөн жилээр сургаж байгаа. Ийм хугацаанд лав багш бэлтгэхгүй байх? -Тийм. Маш богино хугацаанд арга барил эзэмшүүлж, хүүхэдтэй хэрхэн харилцах, хэрхэн хандах талаар заана. Ерөнхийдөө түргэвчилсэн, курсуудээр багш бэлтгэнэ дээ. - Гэр цэцэрлэг байгуулах хүсэлтэй олон хүн гарч таараа. Гэтэл бүрдүүлэх бичиг баримт нь олон, дээр нь хэд хэдэн газраар орж тамга тэмдэг даруулах шаардлага гарах болов уу. Үүнээс нь залхах хүн ч цөөнгүй гарна? -Төрийн хүнд суртал их гэдэг л дээ. Тиймээс ч бүрдүүлэх бичиг баримтыг нь багасгаж, болж өгвөл нэг газраас зөвшөөрлөө авах боломж бүрдүүлж, журмаар зохицуулах болно. Гэртээ нярай хүүхдээ асарч байгаа эх олон газраар орж, бичиг цаас хөөцөлдөх боломжгүй гэдгийг маш сайн харж байгаа. Иймд нэг цэгээс бүхнийг хийх талаар ажиллана. Энэ хууль удахгүй төрөн гарахаар бүх зүйл тодорхой болно. Ямар нөхцөлд, хэчнээн хүүхэд хүлээн авч болох, зөвшөөрлөө хаанаас авах гээд бүгдийг заах юм. Ирэх есдүгээр сараас өмнө бэлтгэл ажлаа базааж дуусгах санаатай байгаа. Э.Хүслэн Эх сурвалж: http://democrats.mn
|
Сэтгэгдэл ( 2 )
Erkhem gushuun tand MGL-d kheregtei wm khiij bolokhgyi bna uu jookhon khuukhed khuurch bgaa wm shig tsetserleg arkhi tamkhi gesen l wm khiikh wm uuniig chini arai tanaas baga garuud sanaachlaad khiij bolmoor wm ene ajliig khariutsaj bgaa yam tamgiin gazar Zasgiin gazaraaraa damjuulaad khiij chadakh baikh tand bol arai bagadaj bna
цэцэрлэгийн асуудал хүнд байнаа хүүхэд, багш нарын ачаалалгээд л ажилдаг бол доошоо нэг хармаар л байна шүү