“Бодоход л инээдтэй зүйл олон. Заримдаа өөртэйгөө ч хамаагүй яримаар санагддаг тийм сайхан бодол байдаг шүү” гэж эртний нэгэн яруу найрагч хэлж байсан удаатай. Тэгвэл тэрхүү мэдрэмжийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар үзэгчидтэйгээ өчигдөр УДЭТ-т хуваалцахаар цаг товлолоо. Тэр энэ бодлоо тойруугаар биш шууд “Бодоход инээдтэй шүү” гээд хэлчихсэн. Үүнийг сонссон үзэгч “Гүрээ юу бодсондоо инээгээд байгаа юм бол” гэсэн шиг тус театрыг зорино. Тоглолт 19:00 цагт эхлэх байсан ч 30 минутын дараа тайзны гэрэл ассан. Учир нь үзэгчдийн бүрэлдэхүүнийг хүлээсэн хэрэг. Тайзны араар орвол тоглолтын эзэн хувцсаа өмсөж байв. Тус тоглолтыг найруулсан УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найраг Г.Мөнхцэцэг, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ, хийлч Ч.Дэлгэрцэцэг нараас гадна Гүрээгийн уран бүтээл болон гэр бүлийн дотны анд соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав эхнэртэйгээ ирсэн байв. Ш.Гүрбазар тоглолтынхоо бэлтгэсэн номерыг хянаж байсан бол Н.Наранбаатар станцаар “Арын хөшиг нээгдэхээр тайзны голд гэрэл өгөөрэй. Одоо Г.Мөнхцэцэг даргыг үг хэлэхээр хөгжмөө авна шүү” гэнэ.

Ингээд тоглолт эхэллээ. Үзэгчид чив чимээгүй. Уг нь тоглолт эхлэхэд тэд ийм нам гүм байдаггүйсэн. Ямартай ч тайлбар аваагүй болохоор хариулт нь өөрсдөд нь үлдээсэн. Магадгүй Гүрээгийн бодлыг сонсох гэсэндээ тэд хэн хэндээ тээг болохгүйг хичээсэн биз. Тоглолтыг Г.Мөнхцэцэг дарга үг хэлж нээсэн юм. Тэрбээр “Би яруу найрагчидтайгаа ойр байхыг хичээдэг. Гүрээ ах надад урилга хүргүүлсэнд нь талархаж байна. Намайг тэр урилгыг хүлээж авахад хамгийн түрүүнд “Юу бодсон юм бол” гэсэн асуулт толгойд буусан. Харин одоо сонсох л үлдлээ. Танд амжилт хүсье” гэв.

Түүний дараа хийлч Дээгий “Бороо” хэмээх аялгуугаараа хур буулгасан. Ингээд бидний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Тэр цагаан цамцанд мөн адил өнгийн цэцгэн зангиа сонгож, саарал судалтай хар костюмоор гангарсан байлаа. Чадварлаг хөтлөгчдийн нэг болохоор түүнд хөтлөгч шаардлагагүй нь мэдээж. Нэвтрүүлэгч С.Чимгээ Г.Мөнхцэцэгийг урих гэж тайзнаа гарч ирсэн. Өөр үүрэг түүнд байсангүй. Гүрээ тайзнаа гарч ирээд “Би та нарт чин сэтгэлийнхээ үгийг ярих гэсэн юм. Би хүмүүст дандаа сэтгэлээсээ ярьдаг шүү дээ” гэснийхээ дараа “Оросын нэгэн элэглэгч залуу олон олон оронд тоглолт хийсэн. Анх удаа тоглохдоо хүмүүс инээхгүй байж мэднэ гэж бодоод үзэгчдийнхээ дунд инээд муутай нэлээд хэдэн хүн суулгасан гэдэг. Түүнээс хойш түүний тоглолт үзэгчээр дүүрэн сайхан болдог болсон гэдэг. Гэхдээ би түүн шиг энд тийм хүн авч ирээгүй. Тэглээ ч та нар надад алга ташчих л даа. Тоглолт эхлэх гэж байна” гээд үзэгчдээс алга ташилт гуйв. Түүний тоглолтын агуулга нь дандаа хэн нэгнийг цаашлуулах. Эсвэл аль нэг олны танил эрхэмд тохиолдсон зүйлсийг ярьж инээлгэнэ. Хэрвээ тэр дуугаараа тоглолт хийсэн бол үзэгчид хэрхэн хүлээж авах нь таашгүй. Хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтарч олон уран бүтээл хийсэн болохоор тун удахгүй болох Балхаагийн тоглолтод дуулагдах дуунаас нэлээд сонгогдох биз. Тэгэхээр тэр хоёрын тоглолт адилхан болох нь ойлгомжтой. Тиймээс тэрбээр манай улсад яг ийм жанрын тоглолт дутагдаж байгааг гярхай харсан нь том ухаан зарсных биз ээ.
Түүний тоглолтод уншигдсан зүйлээс жишээ болговол юм өөр болсныг ингэж тайлбарлаж байна. “1991 онд нэгэн компанийн захирал өвгөн амралтын газар амарч гэнэ. Нарлаад сууж байтал нэг залуухан бүсгүй ойролцоох сандал дээр сууж. Өвгөн хүүхнийг өдөх маягтай “Чиний нэр хэн билээ хө” гэхэд нь өнөө хүүхэн “Цэцэгээ” гэхэд нь өвгөн “Цэцэгний нэртэй моньд байна. Чи тэр залуус шиг бөмбөг энэ тэр хөөхгүй юу” гэсэнд өнөөх нь “Би чаддаггүй юм аа” гэж. Үүнд нь өвгөн дахин хариу барьж “Оройны бүжигт орж байна уу. Би хааяа ордог юм” гэж. Энэ мэтчилэн зүйл ярьж сууснаа “Орой манай өрөөнд ороод ирээрэй” гээд явж. Орой болоход хүүхэн хэлсэн ёсоор очиход өвгөн “Хоёулаа хөзөр тоглоё. Би жаахан уйдаад” гээд хөзрөө хувааж эхэлж. Тоглоом дөнгөж эхэлж байхад өвгөн түүний гарсан хөзрийг дарах байсан ч бариад л байж. Эцэст нь мэдээж хожигдоно. Үүнийхээ дараа “Чи их зальтай хүүхэн юм. Энэ рүүгээ хийгээгүй биз” гээд энгэрийг нь тэмтэрнэ. Тэр алхам нь түүний зорилго биелэхэд хүргэж өглөөний нарыг хамт угтсан аж. Тэгвэл өнөөдөр залуус мөнгөнд дуртай хүүхнийг урхидахдаа хажууд нь баян хүн болж жүжиглэдэг гэнэ. Тэгэхээр хүүхнүүд өөрийн эрхгүй өвөрт нь шургадаг гэнэ” гэв. Мөн дээхнэ дуучин С.Сэрчмаа Монгол “Бөхийн өргөө”-нд болж буй тоглолтод оролцохоор такситай явж байжээ. Дуугүй явах дургүй жолооч “Бөхийн өргөө явж яах гэж байгаа юм гэж асуухад нь С.Сэрчмаа “Тоглолтод дуулах гэж байгаа юм. Намайг Сэрчмаа гэдэг” гэж. Гэтэл өнөөх жолооч өөр рүү нь харснаа “Сэрчмаа гэдэг дуучин сонсоогүй л юм байна” гээд хүрэх газарт буулгажээ. Тэр үгэнд нь жаахан уурласан дуучин бүсгүй “Удахгүй мэдэх болно оо” гээд хаалгыг нь тас саваад гарчээ” гэх мэтчилэн зүйлсээр үзэгчдийг инээлгэв. Гэхдээ нэг зүйл сонин санагдсан нь үзэгчид түүний ярьсан бүсэлхийнээс доошхи сэдвийг их дуулгавартай хүлээж авч байсан. Аж байдлын болон хэн нэгнийг энгийнээр шоглоход барагтай л алга ташихгүй. Тэгсэн хэрнээ хоёрдугаар сувгийн сэдэвтэй шогчлолд алгаа хорстол ташина. Хүмүүс ийм сэдэвтэй ярианд нээрээ л тийм дуртай юмсан уу.
Гүрээ энэхүү тоглолтоо гурван жил хэртэй мөрөөдөж хийлээ гэсэн. Гэхдээ дэлхийн сонгодог зохиол болон өөрийн улсын түүхэн сэдэвтэй номноос ишлэл авч зохиосон гэнэ билээ. Түүнчлэн “Ийм төрлийн тоглолт манай улсад ховор учир Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамыг маш сайн гүйцэтгэх байх” хэмээсэн. Нэмж хэлэхэд тэрбээр ОХУ-ын жүжигчин, нэрт элэглэгч Михайл Задарновын санааг ашигласнаа нуугаагүй юм.
У.БАЯРСАЙХАН
Сэтгэгдэл ( 0 )