Хөгжмийн зохиолч, дуучин, продюсер Б.Чинбат “Аса” циркт “Эзлэн...” тоглолтынхоо нээлтийг хийлээ. Тэрбээр энэхүү тоглолтоороо үзэгчдээ гурван өдөр хүлээж авах юм. Эхний өдрийн тоглолтоос харахад бүхий л номерыг шинэлэг болгохоор шийдсэн нь илт. Өөрөө ч тэгж хэлж байсан. Учир нь тухайн бүтээлээ өмнөхөөс нь илүү хийж байж санаагаа амраадаг зан нь илтгэж байгаа юм. Зрителийн гэрэл тайзны гэрлээр солигдоход тайзны араас өнгө өнгийн хувцсаар гоёсон олон уран бүтээлч гарч ирэх нь үзэгчдэд нүсэр тоглолт болох шинжтэйг тодотгоно. Тэд бол Улсын филармонийн оркестр, ДБЭТ-ын найрал дуучид, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдааны гран-при шагналт морин хуурч Д.Шинэцог, “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, ёочин Н.Шүрэнцэцэг, лимбэчин Г.Адъяадорж нарын үндэсний хөгжмийн нэрийг дэлхий дахинд сурталчилж яваа 90 гаруй шилдэг уран бүтээлч байлаа. Үзэгчид магадгүй Б.Чинбатыг тоглолтоо эхлэнгүүт хаан хөгжмийнхөө ард сууж сэтгэл огшоосон аялгуунуудаа тоглоно хэмээн бодож байсан биз. Тэгвэл тэрбээр үзэгчдээ жинхэнэ гайхшруулсан. Дэлгэцэнд өөрийнх нь хөгжмийг бичсэн “Аравт” кино эхлэхэд хөгжимчдийнхөө өмнө зогсч шидэт дохиураа дөнгөж өргөхөд тэр олон хөгжимчид ч эгшигч цэнхэр аязаа эгшиглүүлсэн юм. Аавын ухаан залгасан хүү амин ээждээ уул гэдэг дээ. Авьяаслаг удирдаач аав нь тэнгэрийн орныг зорьсон ч гэлээ Чинбаа “Би хүү нь мөн” гэдгээ улам илтгэх шиг дохино. Тэрбээр тус киноны хөгжмийг АНУ-д байхдаа бичсэн гэдэг. “Монгол фильм” студийн хамт олон болон найруулагч Д.Золбаяр санал тавихад нь “Эх орон, ээж, аавыгаа санаж байсан болохоор эртний домогт эрэлхэг Монгол баатруудынхаа тухай киноны хөгжмийг бичихдээ үнэхээр сайхан байсан. Цаанаа л сэтгэлд өөр ертөнц ороод ирсэн юм шиг болсон. Монголоороо омогших гэдэг тэр л байх. Тийм сайхан гэгээн сэтгэлээс минь төрсөн болохоор өнөөдөр үзэгчдийн маань сонсох дуртай хөгжим болж байгаа. Би энэ хөгжмийнхөө ноотыг оркестрт зориулан шинээр бичихийн тулд сар гаруй хугацаа зарцуулсан” гэлээ.
Түүний тоглолтод ямар ая эгшиглэх бол
Энэ асуулт бараг үзэгч бүрийн толгойд эргэлдэж байсан. Өнөө гайхалтай “Эргэн ёслохуй”, “Жалам хар” зэрэг бүтээлээ тоглоосой гэж бодно. Боломж гарвал өөрт нь “Тэр аялгуунуудаа тоглоорой” гээд хэлмээр санагдсан биз. Тэрбээр тоглолтынхоо хоёр дахь хэсэгт ятгачин Ч.Мөнх-Эрдэнийг тоглуулах байсан. Гэвч ятганых нь утас тасарсан байсан болохоор “Манай Мөөгий ийм л эмоцтой бүсгүй шүү. Түүнийг ятгаа янзалж байх үед энд суух уу” гээд төгөлдөр хуур луугаа заана. Үзэгчид ч тэр л агшныг нь хүлээж байсан болохоор шүгэлдэх нь шүгэлдэж, хашгиралдана. Тэрбээр “Энэ удаагийн номер төлөвлөгдөөгүй байсан. Гэхдээ та бүхнийхээ өмнө хэдхэн аялгуу нэмж тоглох гэж байгаадаа баяртай байна” гээд “Халуун элгэн нутаг”-ийг тоглож үзэгчидтэйгээ хамт дуулсан. Түүний дараа Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан”-ыг тоглолоо. Харин гуравдугаар хэсэгтээ үзэгчдийн өнөө хүсээд байсан “Жалам хар”, “Мөнхийн” цомогтоо багтаасан “Мөнхийн” зэрэг аялгуугаараа үзэгчдийнхээ сэтгэлийг баясгасан юм. Түүний дараа нэгэн шинэ уран бүтээл тоглосон нь “Ертөнцийн залбирал”. Үүнийгээ эх орныхоо газрыг сэндийлж, алт, эрдэнэсийг нь авч байгаа хүмүүсийг харж эмзэглэхдээ бичсэн гэдэг. Түүнчлэн аавыгаа бурхан болохоос өмнөхөн бичсэн “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” бүтээлээ тоглосон. Аав нь тэрхүү бүтээлийг нь сонсоод сайхан болж гэж хэлж чадахгүй болохоор эрхий хуруугаа гозойлгож илтгэсэн гэдэг. Тиймээс тэрбээр тэр аялгуугаа тоглохдоо “Аав минь тэнгэрийн оронд аялгуугаа тоглож байгаа. Харин би эндээс тэнгэрт байгаа бүх аавд зориулж тоглоё” хэмээв.
“Чинбаад өгөх юмыг нь өгөх хэрэгтэй”
Түүний тоглолтын тайзан дээр аавынх нь найз, ээжийнх нь эгч хоёр гарч ирж урмын үг хэлсэн. Аавынх нь найз “Би Чинбааг багаас нь мэднэ. Аавтай нь ойр дотно байсан болохоор тэднийхээр байнга орж гарна. Сайн уран бүтээлч хүний хүү сайн уран бүтээлч л байдаг юм байна. Би түүнд маш их итгэж байна. Цаашдаа ч биднийгээ өндөлзүүлсэн олон сайхан уран бүтээл хийх байх” гээд алд цэнхэр хадагтай, мөнгөн аягатай цагаан идээний дээж бариад “Энэ хүүд өгөх юмыг нь өгөх хэрэгтэй. Энд түүнтэй мэргэжил нэгт Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав нар сууж байна. Та нар цааш нь уламжилсан ч болно шүү” гээд тойруугаар “Ямар ч байсан гавьяат цол хүртэх хэмжээний уран бүтээл хийсэн” гэдгийг хэлсэн юм. Түүний дараа ээжийнх нь эгч Чинбааг багадаа ямар хүүхэд байсан, уран бүтээлд хэчнээн их хайртайг нь үзэгчдэд ярив.
Чинбаагаас дутуугүй Ч.Сарнай
Тэрбээр тоглолтын гуравдугаар үед хамтлагаа төлөөлж Э.Ганболортойгоо хамтарч цахилгаан төгөлдөр хуураар хэрхэн тоглодгоо үзэгчдэдээ гайхуулсан. Э.Ганболорын хувьд үе үе оргил хэсэгт нь хүч нэмэгдүүлсэн. Харин Ц.Сарнай уг хэсэгт тоглогдсон ая бүрт гар бие оролцсон юм. Эмоци ч ихтэй тэрбээр гэр бүлийнхээ хүний тоглолтыг өөрийнхөө авъяасаараа ийн чимсэн аж. Түүнээс тоглолтын дараа сэтгэгдлийг нь сонсоход “Үзэгчид энэ тоглолтыг хэрхэн хүлээж авах бол гэж бодохоос бага зэрэг сандарсан. Ямар сайндаа тоглолт эхлэхэд тайзны араас үзэгчдийн байдлыг ажигласан. Гэтэл бодож байснаас хэд дахин илүү хүлээн авч байна. Энд Чинбаагийн маань фенүүд цугласан нь илт харагдаж байна. Үзэгчид түүнийг удирдахаар хэр их бэлтгэл хийсэн бол. Удирддаг байсан юм болов уу гэж гайхаж болох. Чинбаа АНУ-д байхдаа удирдаж байсан. Тиймээс түүнд бэлтгэл байсан гэсэн үг. Э.Ганболор бид хоёр ч гэлээ хөгжим бүжигт төгөлдөр хуурын ангид сурч байсан болохоор суурь ч байна. Гэхдээ санасандаа хүртэл тоглож чадсангүй” гэсэн юм. Түүнээс “Чинбаад өгөх ёстой юмыг нь өг гэлээ. Гэр бүлийн тань хүн энэ цолыг авах хэмжээний бүтээл хийсэн болов уу” гэж асуухад “Чинбаа ямар нэгэн шагнал авахын тулд уран бүтээл хийдэггүй. Тэгээд ч цаг хугацаа бүх зүйлийг харуулна шүү дээ” гэсэн юм.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 1 )
chadvartai sain uran buteelch shuu Amjilt