Б.Мөнгөнсүх: Мэтгэлцвэл багаар ажиллаж, няцааж, сонсож, шийдвэр гаргаж сурдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 18

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Хөгжлийн мэтгэлцээн” ТББ-ын гишүүн Б.Мөнгөнсүх, Г.Батзаяа, Д.Буяндэлгэр нар мэдээлэл хийлээ. Тэд анх 1998 оноос аливаа асуудлаар мэтгэлцэж эхэлсэн бөгөөд өдгөө “Хөгжлийн мэтгэлцээн” төрийн бус байгууллага байгуулаад байгаа юм. Мэтгэлцээн гэдэг бол маргалдаж хэлэлцэхдээ бус асуудлыг хэлэлцэж, няцааж, үр дүнд хүрдэг байх ёстойг онцолж байсан юм. Парламентийн түвшинд мэтгэлцээн хэрүүлийн шинж чанартай, үр дүнд хүрдэггүйг ажиглаад буй төрийн бус байгууллагынхан хот, орон нутгийн түвшинд сурагч, оюутан залуусын дунд мэтгэлцээн зохион байгуулж, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлээд байгаа юм байна. Ингээд тус ТББ-ын гишүүн Б.Мөнгөнсүхтэй ярилцлаа.

-Өнөөдөр хэвлэлийн бага хурлаар юу хэлэхийг хүсэв?

-Юуны түрүүнд “Хөгжлийн мэтгэлцээн“ ТББ нь ямар нэгэн нам, эвслийн захиалгаар энэхүү хурлыг хийгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хамгийн гол нь манай улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахад асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэж,  зөв баримттайгаар илэрхийлж сурах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга замд суралцах шаардлагатай байна. Амьдралд өдөр тутамд хүндрэл бэрхшээлтэй асуудлуудаар мэтгэлцэх, харилцан ярилцах шаардлага маш ихээр гарч ирдэг. Харамсалтай нь энэ арга зүй манай нийгэмд дутагдалтай байна. 1998 оноос манай улсад мэтгэлцээний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Карл Поперийн мэтгэлцээн буюу парламентийн мэтгэлцээнээр оюутан, залуучууд, сурагчид өнөөдрийг хүртэл мэтгэлцсээр байгаа. Одоо нийгэм улстөрийн хүрээнд мэтгэлцдэг энэ арга зүйг бид түгээн дэлгэрүүлэхийг хүсч байгаа. Бие биенийгээ халз мэтгэлцээнд дуудах, мэтгэлцэх сонирхолтой хүмүүс, мэтгэлцэх гээд арга зүйгээ мэдэхгүй хүмүүс бидэнд хандвал бид мэтгэлцээнийг зохион байгуулж өгөх, хамтарч ажиллах арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгөхөд бэлэн байна.

-Мэтгэлцэх ямар ямар арга зүй байдаг юм бэ?

-Дэлхий дээр маш олон мэтгэлцээний төрлүүд байгаа боловч хэдхэн төрлийг түлхүү яриад байна. Алдарт философич  Карл Попперийн үндэслэсэн мэтгэлцээн байдаг. Мэтгэлцээн өөрөө их өгөөжтэй байх ёстой. Сурагчид мэтгэлцвэл илүү их багаар ажиллах чадвартай болж, няцааж, хүнийг сонсож сурдаг. Оюутнуудын мэтгэлцээн гэхэд парламентийн гишүүний дүрд хувилж шийдвэр гаргах түвшинд өөрсдөө орж, тоглож шийдвэр гаргаж сурдаг. Линколинд үндэслэсэн мэтгэлцээн бол 1858 онд анх алдарт ерөнхийлөгч Линколин Дуглас нар мэтгэлцсэнээр энэ арга зүй үүссэн. Асуудлыг бүрэн цогц уялдаа холбоотой бүхий л талаас нь ярих боломжийг олгодог давуу талтай мэтгэлцээн. Мэтгэлцээн гэдэг бол зөвхөн ээлжлээд асуултад хариулах биш хамгийн гол нь тухайн шийдэх гээд байгаа асуудлаа бүрэн цогц тал талаас нь ярьж, няцааж шижир алтыг нь тунгаахад хамгийн гол үр дүн байдаг.

-Танай ТББ дээрх арга зүйг хэрэгжүүлэхэд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-1998 оноос хойш бид нар өөрсдөө мэтгэлцэж байгаа. Сүүлийн 5-6 жилд мэтгэлцээнийг сурталчлах дээр ажиллаж байгаа. Сайн дураараа бид мэтгэлцэж, найз нөхдөөрөө нийлээд энэ ажлыг хийж байна. Тухайлбал JCI гээд байгууллага байдаг шүү дээ. Тэднийх залуучуудын “leader sheap” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэднийх сүүлийн зургаан жил мэтгэлцээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлээд, шүүж байгаа. Мөн аймаг орон нутаг, дүүргүүдэд арван жилийнхэн болон оюутан залуучуудад үүнийг түгээх таниулах олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах ажлыг хийгээд байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top