Нийслэлийн төсвийг 109 тэрбум байхаар баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулснаар хэчнээн төгрөг төсөвлөгдсөн талаар өнөөдөр НИТХ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хуулиар төсвийн орлогыг нэмэгдүүлж, Улсын төсвөөс Нийслэлд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 11 тэрбум 243,1 сая төгрөгөөр бууруулж, 109 тэрбум 136,9 сая төгрөг байхаар баталжээ. Тэгвэл Нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 17 тэрбум 702,1 сая төгрөгөөр, үүнээс хотын орлогыг 11 тэрбум 37,1 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хотын урсгал зардлын хэмнэгдэж буй зардлыг 8 тэрбум 104,5 сая төгрөгөөр бууруулж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан 12 тэрбум 293,0 сая төгрөгийн зардлыг хугацаа хойшлуулж, хэрэгжүүлэх төсвийн төслийг боловсруулсан бөгөөд Улаанбаатар хотын батлагдсан төсвийн хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй орлого зарлагынхаа тал дээр зуун хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү мэдээллээ.

Мөн энэ үеэр "Улаанбаатар таймс" ба "Улаанбаатар" хэвлэх үйлдвэрийн 978 сая төгрөгийн өрийн талаар, уг байрыг хувьчлалын асуудал буруу явагдсан гэдэг үндэслэлээр гэрээг хуулийн дагуу цуцалсан бөгөөд орлого талдаа дуудлага худалдаанд оруулан өрийг нь дарахаар тусгасан гэв. Хурлын явцад олон санал асуулгыг хөндөж ярьснаас хамгийн гол нь их мөнгөний цаана хийгдэж байгаа ажлын чанар, тухайн ажлыг буруу замаар оруулсан ашиг сонирхлын зөрчил бүхий асуудал, хээл хахууль байдаг учраас хийгдэж буй ажлын үр дүнг тоо баримттай үүх түүхтэй нь танилцуулж байхыг анхааруулсан юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар хуралд оролцож Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний талаар зарим нэг дүгнэлтийг хэлсэн юм. Тэдний хэлснээр уг цогц арга хэмжээ хэрэгжсэнээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон ЕБС-ийн сурагчид зам тээврийн осолд өртөх нөхцлийг бууруулсан. Хөдөлгөөний зохион байгуулалт сайжирснаар уулзвар төв замуудаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо буурч, нийтийн тээврийн тоо хурд нэмэгдэж, зорчигчдын тоо өсч цогц арга хэмжээний үр дүнд  20 хувиар сайжирсан гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top