Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн жагсаалт батлах тухай хуулиар нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан хоёр төрлийн баримт бичгийг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Тодруулбал, ‘‘Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар, мөн “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг байнга нууцлахаар хамааруулсан байдгийг жагсаалтаас гаргахаар тогтлоо.
Биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээ, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамруулах шаардлагагүй. Учир нь иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсаны, сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсэний, овог, нэр өөрчилсөний, нас барсаны, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, иргэний оршин суугаа газрын бүртгэлтэй холбогдох мэдээлэл төрийн нууц биш бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээ биш юм. Иймд иргэний бүртгэл, мэдээллийн эх нотлох баримтыг терөөс нууцлах биш, харин төрийн тусгай хамгаалалтад байнга байлгаж, найдвартай, бат бөх нөхцөлд хадгалах нь зүйтэй байна. Онцгой обьектынх нь хувьд уг сан хадгалагдаж байгаа Үндэсний дата төвийг Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйлийн жагсаалтад оруулсан билээ. Харин цаашид санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу Засгийн газар баталж мөрдүүлэх шаардлагатай.
Түүнчлэн, хот төлөвлөлт, зам, гүүр, орон сууц, ойн сан, усны нөөц болон уул уурхайн орд газруудын төлөвлөлт, ашиглалтад шаардлагатай 1:500-гаас 1:100000-ны нарийвчлалтай масштабын байр зүйн зургуудыг төрийн нууцын зэрэглэлд хамааруулсан нь бүтээн байгуулалт эрчимжиж буй энэ цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, шинээр баригдах төмөр зам болон уул уурхайн орд газруудын дагуу хот төлөвлөх, суурьшлын бүс бий болгох, авто зам, аж үйлдвэрийн цогцолбор барих, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц бий болгох гэх мэт бүтээн байгуулалтын ажилд 1:500-гаас 1:100000, үүнээс ч илүү нарийвчлалтай байр зүйн зургуудыг ашиглах зайлшгүй шаардлага бий болсон.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар баримт бичиг, мэдээллийг нийтийн эрх ашгийн үүднээс тодорхой зохицуулалтын хүрээнд ашиглах, эргэлтэд оруулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хууль хоорондын зөрчил, хийдэл арилах юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )