АБГБ-ын байнгын хорооны хуралдааны тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.11.20/ хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлого, хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай асуудлаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонслоо. Энэ удаагийн мэдээллээр гадаад орнуудад явуулж байгаа консулын үйл ажиллагаа, хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд туслах сангийн үйл ажиллагаа, эрхзүйн орчныг сайжруулах талаар тодорхой мэдээллийг гишүүдэд өглөө. Монгол Улс 19 улстай эрхзүйн туслалцааны, дөрвөн улстай гэмт этгээд харилцан шилжүүлэх гэрээтэй. Түүнчлэн БНСУ-тай визийн нөхцлийг хөнгөвчлөх гэрээ байгуулсан бол хамгийн сүүлд Хятад Улстай ялтан солилцох гэрээ байгуулаад байгаа ажээ. 40 орчим улсад дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энгийн паспортоор 16 орон руу, дипломат паспортоор 31 оронд визгүй зорчиж байгаа юм байна. Хилийн чанад дахь иргэдэд туслах сангийн шугамаар 2009-2011 онд нийтдээ 360 сая төгрөгийг зарцуулсан гэсэн тоог Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн. Туслах сангийн мөнгийг гадаад оронд нас барсан иргэдийн шарил, чандрыг Монголд авчрах, осолд өртсөн, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд туслах чиглэлээр зарцуулах зориулалттай ч энэ мөнгө төдийлөн хүрэлцдэггүй хэмээн сайд хэлсэн. Гадаад орнууд дахь консулын газраас иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах, консулын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа гэж тэрбээр мэдээлсэн.

Сайдын хийсэн товч мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Оюун, “Хилийн чанадад буй иргэдэд туслах сан байгуулагдаад дөрвөн жил болж байгаа. Ирэх жил энэ санд 230 сая төгрөг төвлөрөх ёстой. Энэ мөнгө ирж буй хүсэлт, хэрэгцээтэй хэр дүйж байгаа вэ” хэмээн асуусан.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарын хариулснаар, Өнөөгийн байдлаар тус сангийн төсөвт 175.3 сая төгрөг байгаа аж. Одоогоор гурван ч улсад амиа алдсан иргэний шарилыг авчрах хүсэлт ирээд байгаа юм байна. Нэг шарил тээвэрлэн авчрахад доод тал нь найман сая төгрөг байдаг бөгөөд туслах сангаас тусламж авахаар ирүүлж буй нийт 10 хүсэлтийн 2-3-ийг нь л шийдвэрлэж чадаж буй юм байна. Гадаад оронд хүндээр өвчилсний улмаас эмчилгээний зардалгүй болсон гэх мэт хүсэлт ирдэг хэдий ч эмчилгээнд шаардагдах мөнгөний багахан хувийг л өгөх боломж байдаг гэж тэрбээр хэлсэн.

Сүүлийн үед гадаад оронд хар тамхи тээвэрлэх гэмт хэрэгт монгол иргэд олноороо холбогдох болсон асуудал олон гишүүдийн анхаарлыг татаж байсан. Филипин, Малайзаас хар тамхи тээвэрлэдэг зам бий болсон тухай ч зарим нь дурдсан. Гадаад оронд иргэдээ гэмт хэргээс хамгаалах талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй эсэхийг тэд илүүтэй сонирхож байлаа.

Манай улсын 138 иргэн гадаадад ял эдэлж байгаагийн 26 нь хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шийтгэгджээ. Тэдний 15 нь хятадад, 2 нь ОХУ-д, 2 нь Казахстанд, 7 нь Хонконгт ял эдэлж байгаа ажээ. 7 эмэгтэй, 17 эрэгтэй хар тамхины хэргээр шийтгэгдсэн бол цаазын ялтай 5, хугацаагүй ялтай 1 хүн байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө.

Хар тамхийг голдуу Малайзаас тээвэрлэдэг зам бий болсон бөгөөд манай иргэд тус улсад визгүй зорчдог нь үүнд нөлөөлдөг гэж албаны хүмүүс хэллээ. Энэ асуудлаар хоёр талын ЭСЯ-ны зөвлөлдөх уулзалтыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ улс руу визтэй зорчдог болгох талын асуудал ч яригдаж магадгүй юм байна.

УИХ-ын гишүүн С.Амаржаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтэй хэчнээн иргэн байгааг сонирхож байсан. Түүнчлэн Казахстан дахь консулын албыг бэхжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулсан юм.

Монгол Улсын харьяатаас гарах иргэдийн талаарх мэдээлэл Ерөнхийлөгчийн Тамгын газарт байдаг юм байна. Гадаад харилцааны сайд Л.Болд, “Ганц Казахстан дахь консулын албыг бэхжүүлэх бус хэд хэдэн газарт консулын албаны ачаалал их байгаа. Саяхан Стамбул руу шууд нислэгтэй болсон. Нааш цааш зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Түүнчлэн 40 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байгаа БНСУ-ын хувьд ганц Сөүлд консулын газар ажиллуулахад учир дутагдалтай байгаа. Асуудлыг судлан холбогдох бичиг баримтыг боловсруулж байна” гэж хариулсан.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтлоо.

Үүний дараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Өмнө нь хэд хэдэн гишүүд ийм хуулийн төсөл өргөн мэдүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байжээ. Тэгвэл энэ удаад төсөл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж иржээ. Төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийсний дараа гишүүд зарим зүйл дээр тогтон ярилцсан юм. Тухайлбал, тэсэрч, дэлбэрэх бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг нэг газар нь олгодог ч хяналт тавих үүрэг нь өөр газарт байдаг. Үүнээс болоод хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байдаг гэж М.Батчимэг нарын гишүүд хэлж байлаа. Д.Ганхуяг сайд болон яамны ажлын хэсгийнхний тайлбарласнаар, шинэ хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөл олгон хяналтыг өөрөө хариуцан хийхээр тусгажээ. Мэргэжлийн зөвлөлийг Уул уурхайн яам толгойлон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, олон нийтийн байгууллагын төлөөлөл багтах юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд, тэсэрч, дэлбэрэх бодис ашигладаг үйлдвэрлэл бол талх, гутлын үйлдвэртэй адил биш болохоор гадаадын хөрөнгө оруулалт, хувь хэмжээний талаар ч бодолцох хэрэгтэй хэмээн хэлсэн. Уул уурхайн тэсэлгээ, байшин дэлбэлэх хоёр адил зүйл. Хэдийгээр энхийн зорилготойгоор ашиглана гэж заасан ч агшин зуурт дэлбэрэх аюултай. Тийм онцлогтой бизнес учраас хуулийн төслийг нэлээн сайн хэлэлцэх учиртай.

Тэсэрч, дэлбэрэх бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн лицензийг хурааж, өндөр даатгалтай байлгах гэх мэт зохицуулалтыг хийх хэрэгтэй хэмээн хэлсэн. Гишүүд ийн хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top