Н.Алтанхуяг Цэцийн дээр ”мордчихгүй” бол асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

МАН-ын гишүүн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд өгч шүүлгэхээр болжээ. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцээр шүүлгэх болсны учир нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг түр томилсонтой холбоотой.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшиж Төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдсан нэр дэвшигч Л.Ганболдыг томилохоос татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд нь хуулийн дагуу нэр дэвшиж, бүх асуудал нь ном журмын дагуу явсан гэж МАН-ын гишүүн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар үзэж байгаа юм.

Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдыг Засаг даргаар томилохоос татгалзсан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд халдсан төдийгүй Үндсэн хуульд заасан “Хууль дээдлэх” зарчмыг Ерөнхий сайд өөрөө алдагдуулж байна гэж үзэж байгаа аж.

МАН-ын гишүүн Ш.Раднаасэд, П.Ганзориг нарын гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгасан бөгөөд энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 27-нд болно.

Орон нутгийн сонгууль болсноос хойш хэдэн сарын нүүр үзэж байгаа хэдий ч өнөөдөр таван аймаг Засаг даргагүй байгаа. Гэсэн ч аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн цоо шинэхэн статусыг Шинэчлэлийн Засгийн газар бий болгож өөрийн хүмүүсээ томилчихсон байгаа.

Уг нь шат шатны албан тушаалыг эрхэндээ оруулсан АН-ын тухайд аймгийн Засаг даргын асуудлыг төвөггүйхэн шийдэж төрийн ажлыг төвхнүүлж баймаар юм. Гэтэл Шинэчлэлийн гэх сүржин тодотголтой Засгийн газар гацааны Засгийн газар болон хувирч асуудлын араар нуугдаж байна.

Хамгийн наад зах нь Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудал. Эл асуудлыг Ерөнхий сайд тодорхой шалтгаангүйгээр хойшлуулаад байгаа нь хөвсгөлчүүдэд таалагдахгүй байгаа гэнэ. 

Тус аймгийн ИТХ хурал дөрвөн удаа хуралдаж, гурван удаа Засаг даргаа сонгож нэрийг нь явуулсан ч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуулийн 60.3 дахь заалт болон Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг зөрчөөд байгаа учрааас ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Гэхдээ дээрээ хөх тэнгэрээс өөр зүйл байх ёсгүй хэмээн тунхагладаг Үндсэн хуулийн Цэцийн дээр Ерөнхий сайд маань гараад “суучихгүй” бол асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт Хөвсгөлчүүд итгэж суугаа гэнэ.

Н.Молор

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.97.177.67) 2014 оны 06 сарын 22

Shiver me timbers, them”s some great inafimotron.

0  |  0
Top