УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.
- УИХ болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах дөрвөн хуулийн төсөл яригдаж байгаа. Тэдгээр хуулийн төслүүд дээрх таны санал?
- УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэлээд олон хуулийн төсөл өргөн баригдаж хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Анхны хэлэлцүүлгийн шатанд хэд хэдэн хуулийн төсөл явж байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төсөл. Уг хуулийн төслийн гол санаа нь “УИХ-ын гишүүд тэгш эрхтэй байх ёстой. Тиймээс нэг байнгын хороонд харьяалагдах гишүүний тоог 17-21 болгож нэмэгдүүлье. Ингэснээр МАН-ын нэг гишүүн гурван байнгын хороонд зэрэг харьяалагдах боломжтой болно” гэж үзэж байгаа. Мөн М.Зоригт нарын гишүүд “Тухайн бүлэг нэг жилийн хугацаанд наймаас доошгүй удаа гишүүдийнхээ ирцийг 50 хувьд хүрээгүй тохиолдолд тухайн бүлгийг татан буулгах” агуулга бүхий хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Түүнчлэн Ш.Түвдэндорж гишүүний долоо хоногийн баасан гаригийн 11.00 цагт тодорхой хугацаанд саналаа өгч байхаар тусгасан хуулийн төсөл, С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн хэлэлцэж байгаа асуудлаар санал хураахдаа гишүүд саналаа хурууны хээгээр өгдөг болох агуулга бүхий нийт дөрвөн хуулийн төсөл явж байгаа. Эдгээрийн хуулийн төслийн хэлэлцэх эсэх шийдэгдсэн боловч цааш явахдаа амаргүй байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан манай байнгын хорооноос Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг УИХ-ын чуулганы завсарлаагааны хугацаанд эдгээр хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцаж, нэгтгэж хаврын чуулган эхэлмэгц хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажиллаж байна. Эдгээр нь хоорондоо холбоотой, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулахтай холбоотой учраас намын бүлгүүд зөвшилцөж шийдэх учиртай. Тиймээс чуулган завсарлах хугацаанд ажлын хэсэг намын бүлгүүд, гишүүдтэй ярилцаж, зөвшилцөх байх. Хэрэв зөвшилцөж чадвал асуудалгүй. Бүлгийг татан буулгахтай холбоотой заалт одоогийн мөрдөж буй УИХ-ын тухай хуульд бий. Дөрвөн нөхцөлөөр татан буулгана гэсэн байгаа. Үндсэн хуульд намын бүлэгтэй холбоотой шууд биш дам хэлбэрээр орсон нэг заалт бий. “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүлэг тус бүрээс нэг нэг УИХ-ын дэд дарга сонгогдоно” гэсэн заалт байгаа юм. Тэгэхээр УИХ-ын дэд даргатай холбоотой бүлэг гэсэн ойлголт явж байгаа юм.
- Гишүүд зарим хуулийн төслийг хэтэрхий “амьгүй” хууль болно гэж шүүмжилж байгаа. Таны хувьд тэдгээр хуулийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?
- УИХ-ын гишүүдэд хэдийгээр хэлэх үг нь чөлөөтэй хууль тогтоох үйл ажиллагаанд өөрийн итгэл үнэмшилээрээ оролцох бүрэн эрх бий боловч тухайн эрхийг нь хангах зохион байгуулалт тодорхой байх ёстой. Ингэж байж эрхээ хэрэгжүүлнэ. Түүнээс бүх зүйл чөлөөтэй гэдэг утгаар замбараагүй байвал хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт хангагдахгүй. Үүнээс шалтгаалж хүндрэл үүснэ. Тиймээс уг асуудал дээр хэтэрхий механик байдлаар асуудалд хандаж байна гэдэгтэй санал нийлэхгүй. Харин ч зохион байгуулалтын хэлбэрт оруулж байна. Тиймээс үүнийг тэр өнцгөөс тайлбарлах нь юу л бол гэж бодож байна.
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Уг ажлын хэсэг ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа вэ?
- Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, оруулахгүй гэдэг яриа нийгэмд байдаг. Энэ асуудлаа шийдэхгүй байж яриад байна гэдэг зохисгүй. Тиймээс энэ ярианд тодорхой хариу өгөх үүднээс УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах юм. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахалж байгаа. Ажлын хэсгийн гол үүрэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж, иргэдээс санал авсны үндсэн дээр тодорхой дүгнэлт гаргах юм. Хаврын ээлжилт чуулганы хугацаанд багтаж дүгнэлтээ УИХ-д танилцуулах ёстой. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барина.
- УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг хүчин болоод олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Та үүнд хэрхэн ханддаг вэ?
- УИХ гэдэг олон ургалч үзлийг эрхэмлэсэн тухайн хэлэлцэж батлах хуулийг олон талаас нь ярьж, сайн мууг нь шүүдэг газар. Тиймээс сөрөг хүчин, олон нийтээс ирж буй санал, шүүмжлэлд эмзэглэх зүйлгүй. Мэдээж сөрөг хүчнээс үндэслэлтэй, ажил хэрэгт хэрэг болох санал, шүүмжлэл ирвэл бид түүнийг ажилдаа тусгаж, засч сайжруулаад явах ёстой. Харин сөрөг хүчин улстөрийн үүднээс аливаа зүйлийг гуйвуулж, зөвийг буруу болгож шүүмжилбэл бид үүнийг ойлгож, ялгаж салгахтайгаа байгаа. Санал, шүүмжлэл байх ёстой зүйл. Харин олон нийтийн саналд нухацтай хандах учиртай. Олон түмэн гэдэг бол толь юм. Энэ толинд УИХ яаж харагдаж байна гэдгийг байнга харах ёстой. Толинд УИХ-ын үйл ажиллагаа сайн нь сайнаараа, муу нь муугаараа тус ч харагдаж байгаа. Үүн дээр бид нухацтай хандаж, үйл ажиллагаагаа сайжруулах ёстой.
- Засаг солигдох бүрт дарга, цэргийг нь сольдог тогтолцоог та хэрхэн дүгнэж байна вэ?
- Бид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцохдоо тодорхой зорилт тавьж хөтөлбөрөө дэвшүүлдэг. Сонгуулийн үр дүнд бий болсон УИХ, Засгийн газар, ИТХ сонгогчдын өмнө сонгуулийн үед дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төрийн албанд зохих хэмжээний өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, тодорхойлсон зорилгоо хэрэгжүүлэх арга зам нь төрийн албаны зохих өөрчлөлт, шинэчлэл байх ёстой. Ингэж байж шинэлэг сэтгэлгээтэй шинэ баг зорилтыг хэрэгжүүлэхээс биш хуучин баг хэрэгжүүлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл төрийн албаны шинэчлэл, өөрчлөлт гэдэг харьцангуй ойлголт. Түүнээс хуучин байсан зүйлийг ямар ч нам гарч ирсэн хэвээр үлдээх тухай асуудал биш. Хуулийн дагуу өөрчлөлт, шинэчлэл хийгдэх ёстой. Төрийн албаны гол зарчим бол төрийн албаны үйлчилгээг жигд, шуурхай, шударга хүргэдэг ажилтныг аль болох тогтвортой ажиллуулах юм. Цаашид Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа эдгээр зүйлийг бодолцох хэрэгтэй. Төрийн албан хаагчийн тухай хууль гээд тусдаа хууль гаргасан ч болно. Хуучин хүн бүр төрийн алба руу зүтгэдэг байсны учир нь тодорхой халамжийн бодлогод байсан. Гэтэл улстөрийн нам нь чадвар, тухайн ажлын байранд тохирох эсэх нь хамаагүй өөрийн хүнээ авчираад тавьчихдаг. Энэ байдлыг хуучин практик, туршлага төрийн албанд оруулсан. Үүнийг эргээд эрх зүйн, практик талаас нь засах үйл ажиллагаа амар биш байна. Өөрчилж, сайжруулаад явъя гэхээр дандаа улстөр хийгээд байна. Хууль эрх зүйн үүднээс энэ байдлыг шинэчлэх шаардлага бий.
- Төрийн албыг улстөрөөс ангид байлгахын тулд мерит тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Ер нь энэ тогтолцоо нь манай улсын төрийн албанд хэр нийцтэй юм бол?
- Мерит тогтолцоо нь олон улсад тогтсон загвар юм билээ. Тэр дундаа Канадын туршлагыг манайхан төрийн албандаа нэвтрүүлж байгаа. Төрийн албаны тухай хууль анх 1994 онд батлагдаж 2002, 2008 өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлтөөр хуульд мерит тогтолцооны зарим элементүүд тусгагдсан. Одоо шинээр боловсруулах хуулийн төсөлд мерит тогтолцооны зарчим, шалгуурыг иж бүрэн тусгах шаардлага бий. Энэ тал дээр Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-аас судалж байгаа. Бусад улсууд төрийн жинхэнэ албанд сонгон шалгаруулахдаа эхнээсээ шударга шалгаруулж тохирох хүнийг нь тавиад илүү тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлдэг. Зарим улсууд тодорхой хугацаанд төрийн албан хаагчийг өөрчилдөг. Учир нь нэг албанд урт удаан хугацааны турш ажиллахаар идэвх нь суларч, шинийг эрэлхийлэхээ болих тал байдаг юм байна. Тэгэхээр эдгээрээс аль нь монголын нөхцөлд тохирох юм гэдгийг судалж, шинжлэх ухааны үндэстэй хандаж байж л хуулиа сайжруулах хэрэгтэй. Ерөнхийдөө мерит тогтолцоо бол олон улсад туршигдсан зарчим. Үүн дээр тулгуурлах боломжтой.
- Цаг гарган ярилцлга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )