Д.Балдан-Очир: Сонгуулиар намайг дэмжихгүй байхыг намаас сануулсан гэсэн

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

“Тал засаагүй яриа” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир уригдлаа.

-  УИХ-ын сонгуулиас хойш сураг алдарсан ховор хүний нэг бол та. Сүүлийн үед ямар ажил эрхэлж байна?

-Их хурлын сонгууль болдгоороо болоод өнгөрсөн. Үр дүн нь надад  сайн биш туссан. Ингээд  чөлөөт иргэн боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд сэнтэглэж, ар талынхаа ажлыг нэлээд орхигдуулж зогсонги байдалд оруулсан  шиг байна. Аминдаа төр, түмний төлөө зүтгэсэн хийсвэр талын сэтгэлгээгээр амьдраад байсан юм уу. Уг нь төрийн ажлаа ч, хувийн асуудлаа ч амжуулаад жаахан сэргэлэн цовоо байх ёстой байсан юм билээ.  Гэтэл би тэр талд жаахан дутмаг байсан болов уу. Одоо хувийн амьдрал, аж ахуйгаа  өөд татах ажилтай сууна. Мөн  Монголын малчдын нэгдсэн холбоо ТББ байгуулсан. Сонгуулиас хойш ажил, амьдралаа яаж авч явах вэ, төрд түшилцэж  байхдаа хийж, оролцож байсан  ажлууд, бодлого чиглэлийг өдгөө жирийн иргэний хувьд  төр түмэндээ хэрхэн хүргэх вэ. Түүний хэрэгжилтийг хэрхэн идэвхитэй зохион байгуулж төр, засагтаа туслах вэ. Цөөхөн монголчууд нэг юм болохоор л хагарч бутраад, сонгуульд өвдөг шороодвол уйлагнаж нэг нэгийгээ шүүмжилдэг байж таарахгүй. Үүнээс өөр  барилаар байх ёстой гэж бодож, мөн өөрийн чадахыг  хийж бүтээе гэсэн зорилго тавьсан.  

-УИХ-д  мал ярьдаг  Р.Раш, Р.Буд, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир нарын цөөхөн  гишүүн байсан. 2012 оны сонгуулиар нэг нь ч  үлдсэнгүй. Ямар шалтгаан байна?  

-Өнгөрсөн дөрвөн жилд би зорилготой, төлөвлөсөн зүйлтэй УИХ-д орж ирсэн.  Анх 1990 оны  ардчилсан сонгуульд оролцож АИХ-ын депутат болсон. Анхны байнгын ажиллагаатай парламент, Бага хурлын гишүүн болж өнөөдрийн та бидний амьдарч буй  хүн төрөлхтөний  оновчтой хөгжлийн хувилбараар явах хууль эрхзүйн суурийг тэртээ 20-иод жилийн өмнө тавилцсан хүний нэг. Дунд нь эрдэм номын мөр хөөж, жижиг бизнес эрхэлж байгаад эргээд 2008 онд УИХ-д орж ирсэн. Ингэхдээ ард түмнээсээ захиа даагавартай, өөрийн гэсэн бодолтой байсан. Нэг зүйлийг хэлэхэд манайхан шинэ зүйл харахаараа магтаж, хуучнаа муулдаг өрөөсгөл зантай. Энэ цөөн хүн амтай улсын зовлон шиг байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд анзаарч байхад хөдөөгийн тухай ярьсан хүнийг хоцрогдсон, хуучинсаг  сэтгэлгээтэй гэж үздэг. Ялангуяа мал, малчин хүний тухай ярьж, тэр талаар сэдэв хөндсөн  хүнийг хуучинсаг, хуучин нийгмийн үлдэгдэл гэдэг. Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл, иргэншлийн тухай ярьсан хүнийг нийгэм бүхэлдээ социализмын үеийн жалга, довны үзэлтэн, тийм сэтгэлгээтэй нөхөр гэж үзэж энэ нөхөр хөгжил, дэвшилд чөдөр болно гэж үздэг  ухвар мөчид ойлголт  амь бөхтэй байна. Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын гишүүн, сайд дарга нараас эхлээд  сар шинийн баяраар, гадаадын элч төлөөлөгч ирэх үед  л мал сүргийн тухай санах ,дурсах төдий байхаас биш ажил хэргийн чанартай бусад асуудал, хөгжлийн ирээдүйн чиг хандлага, эдийн засгийн олон тулгуурт байдлын тухай ярихад хөдөөгийн хөгжил, мал, малчдын асуудлыг ярихаас ихээхэн цэрвэдэг. Учир нь нийгэмд хуучин социализмын үеийн сум нэгдлийн дарга шиг байдлаар үнэлэгдэх вий, тэгвэл цаашид ахиж дэвших, олон нийтээс дэмжлэг авах, ялангуяа сонгуульд оноо цуглуулахад муу гэж үздэг байсан. Ийм үед би 2007 оноос УИХ-д дэвшихээр нутаг орноороо явж байхдаа “Монгол мал” хөтөлбөрийг   Завхан аймгаас хэрэгжүүлсэн. Одоо энэ хот бараадсан нүүдэл, ажилгүйдэл,  ядуурал, утаа  хөдөө рүүгээ бодлого хэрэгжүүлээгүйнх шүү дээ. Малаа барж, амьжиргааны өртөггүй болсон хүмүүс өөр яах юм, хотоо л бараадна. Хүний эрх чөлөө, ардчилал бол шинэ нийгмийг байгуулахад эхэлж ярих ёстой асуудал мөн ч монголчуудыг  өнө эртнээс  нуруундаа тээж ирсэн нүүдлийн мал аж ахуй гэх том эдийн засаг  нэг хэсэг хаягдсан. Би үүнийг л олж харсан жижиг эх оронч байгаа  юм. Түүнээсээ болж их ч хоч нэр зүүсэн. Сонгуулиар манайхан дууны цомог, ганц шил архи, хэдэн чихэр тараадаг бол би  сайн үүдрийн эцэг мал өгч малыг нь чанаржуулъя гэж явсан.

-“Монгол мал” хөтөлбөрийн автор нь таныг гэдгийг монголчууд андахгүй. Гэхдээ намын нөхөд чинь мэддэггүй юм биш үү. Д.Оюунхорол гишүүн сонгуулийн сурталчилгаа  хийж иргэдтэй уулзахдаа таньтай тохой нийлүүлэн сууж байснаа босч ирээд “Монгол мал” хөтөлбөрийг Т.Бадамжунай сайд хийсэн” гэж мэдэгдэж байсан? 

-Сонгууль гэдэг халуурч, хадуурах юм. Сонгуулийн  шинэчилсэн хууль ч  ихээхэн хуудуутай болсны  сөрөг тал тэр байх.  Нэг намын гишүүд бие биеэ элдвээр хэлж дайраад. Тухайн үед Д.Оюунхорол зэрэгцэж сууж байгаад “Монгол мал” хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн сайд хийсэн”  гэж  хэлсэн. Би Их хуралд ороогүй байхдаа “Монгол мал” хөтөлбөрийг төрсөн нутгаасаа эхлүүлснийг Завханы ард түмэн мэднэ. Тэгэхээр энд би юу бодсон гэхээр  Сонгуулийн хуулийг цаашид засах ёстой. Намаар нь талцуулаад зогсохгүй, нам дотор нь хагалж эвдрэлцүүлсэн хууль болсон. Нэг намыхан дотроо үзэлцээд зогсохгүй сөрөг намынхантай  хүч үзээд, эсвэл хоорондоо сүлбэлдээд байгаа нь гутамшиг гэж бодож байгаа.  “Монгол мал” хөтөлбөрийг хэн санаачилсан нь гол биш,  ирэх дөрвөн жилд дан ганц Завханы ард түмэн таван хошуу мал маллаж амьдрах биш, нийт малчдынхаа асуудалд төр, засаг анхаараасай гэж бодож байна. Өнөөдөр  уурхай хөгжиж  буй найман аймгаас бусад нь цэвэр мал аж ахуйд түшиглэн хөгжиж байна шүү дээ.

-Д.Оюунхорол гишүүнийг тэгж хэлэхэд та босоод тайлбар хийж болоогүй юм уу. Дуугүй суугаад байхаар хөдөөгийнхөн “Д.Балдан-Очир юу ч хэлж чадахгүй байна. Үнэн юм байна”  гэж ойлгосон байх гэж тухайн үед  телевизийн мэдээг харж байхад бодогдсон?

-“Монгол мал” хөтөлбөрийг  санаачилж хэрэгжүүлснийг минь бүгд мэдэж байхад тайлбар хэлэх илүүц байх. Тэгээд ч би Д.Оюунхоролыг тэгж хэлнэ гэж санаагүй учраас их гайхсан.

-Түүнээс гадна таны сонгуулийн сурталчилгаанд ажилласан хүмүүс урваж, эсрэг талаасаа  таван сая төгрөг авчихаад орхиод алга болцгоосон  гэж дуулсан. Тэр үед та шоконд орсон уу?

-Сүүлийн хэд хоног сурталчилгаанд чинь ажиллаж өгнө гэсэн тохьтой хүмүүс гэнэт алга болсон. Ялангуяа сүүлийн хэдхэн хоногт хөдөө сумаар уулзалт хийж яваад нэг газар амарч дугхийгээд сэртэл гэнэт тэнд байсан хүмүүс, машинууд алга болсон байсан. Гайхаад асуутал эсрэг талынхан  мөнгө тараагаад пижигнэж яваа дуулдсан. Миний сурталчилгаанд ажиллаж  байсан хүмүүс эсрэг талд таван сая төгрөгөөр худалдагдаад орхиод явчихсан. Тэр тухай сонсоод хана налаад өөрийн эрхгүй таг унтчихаж билээ. Тийм юм сонссон хүн тэгдэг юм байна лээ. Сүүлд нь тэр хүмүүс надаас зугтаж байснаа зарим нь ирж уучлал  гуйж байсан. Ер нь тэгээд өнгөрсөн сонгуулиар  санал хураахын өмнөхөн манай намынхан дотор “Наад Балдан-Очир чинь намын даргын эсрэг “Эсэргүү” хүн. Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн. Гаргаж болохгүй. Нөгөө намтайгаа блок болж ажиллаад гар” гэсэн юм битүү явчихсан байсан юм билээ.

- Оюутолгойн гэрээг шүүмжилснээр багагүй эрсдэл хүлээжээ дээ?

-Намын даргадаа  намын шинэчлэлийн асуудлаар  захидал бичсэн дөрвөн гишүүний нэг нь би. Ингээд намынхнаасаа  “Эсэргүү” нэр авсан. Сүхбаатарын талбайд баахан залуус цуглан бидний зургийг шатаан сор залж, бөмбөр нүдээд бөөн юм болсон. Тухайн үед ахмад гишүүд надад “Ноёнтой сөргөөцөлдвөл толгойгүй” гэж хэлж байсан. Энэ хэл ам арай гэж дарагдтал Оюутолгойн гэрээ  гэж хөгийн юм орж ирэхээр нь шүүмжлээд дахиад ад үзэгдсэн. Ганц заалттай хуулиар батлах гэж орж ирсэн гэрээг эсэргүүцэхгүй яах юм. Ер нь бол Оюутолгойн гэрээг анхнаас нь шүүмжилсэн зарчмын асуудал ярьсан хүн нь би. Эцэст нь “Эсэргүү” байснаараа би намын даргын зуултад орж, эцэст нь УИХ-д нэр дэвших эрхээ хасуулсан. Удирдах зөвлөл дээр миний нэр унасан юм шүү дээ.

-Ш.Сайхансамбуу гуай “Д.Балдан-Очир архи тарааж хор найруулаад нэр дэвшсэн” гэж ярьсан байсан?

-Намын даргын эсрэг байдаг гээд миний нэрийг Удирдах зөвлөл дээр хассан юм. Тэгээд Бага хурлаар хэлэлцүүлэхэд миний нэрийг Р.Раш нарын ахмад гишүүд дэвшүүлж олонхи дэмжсэн юм билээ. Би тэр үед уначихсан юм чинь гээд сэтгэл жаахан тиймхэн зуу татчихсан жаахан халамцуу гэртээ харьсан байсан. Гэтэл чиний тухай ярьж байна, хурдан ир гэж дуудсан. Ингээд хуралд явж очсон. Ийм л юм болсон.

-“Монгол мал” хөтөлбөр гэснээс тухайн үед таныг Хуц-Очир, Ухна-Очир, Мал-Очир гээд амтай болгон  янз бүрээр хочилж байсан. Та ичиж,  уур чинь  хүрч байв  уу?

-Эхэндээ төрийн ордны хонгилоор явахад сэтгүүлчид жиг жуг гэлцэн дооглоод байсан. Нэг мэдсэн хуц тараадаг Хуц-Очир гээд нэрлэчихсэн. Би ичээгүй. Парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг 40-50 сэтгүүлч төрийн ордноор орж гарч байдаг. Олонхи нь залуус. Сахилгагүйтэж байгаа биз гэж бодсон. Хажуугаар нь зөрөхөөр нөгөө Ухна-Очир нь мөн үү гээд л. Сүүлдээ хөтөлбөр батлагдах үед Мал-Очир нэр авчихсан байсан. Хөтөлбөр батлуулах гэж нэлээд юм болсон. Олон хүний хөлс хүч, оюун санаа орсон. Хаврын чуулганы завсарлагаар 18 аймагт хэлэлцүүлж, хуулийн дагуу өргөн барихад 55 гишүүн гарын үсэг зурсан. Уг санаа нь минийх боловч УИХ –д суудалтай хоёр том нам хоёулаа өндөр түвшинд дэмжсэн. Д.Дэмбэрэл  дарга  тэр үед намайг дуудаад “55 гишүүн гарын үсэг зурчихаад Их хурлаар хэлэлцүүлнэ гэж юу байдаг юм”  гэж байсан. Ийм практик Их хурлын түүхэнд ховор байснаас тэгсэн байх. Ингээд заримыг нь хасч 34 болгосон юм. Миний зорьж явсан зүйл ингэж  бүтсэн. Монгол төрийн хойморт мартагдсан, монгол хүн, эх орны хувь заяатай холбоотой энэ  том сэдэв  бол манайхны ярих дуртай тусгаар тогтнолын баталгаа жинхэнээсээ мөн байхгүй юу. “Монгол мал” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах  бодлого баримт бичиг  хоёулаа 2021 он хүртэл арван жилийн хугацаатай хэрэгжинэ. Санхүүгийн эх үүсвэр нь баталгаатай. Жил болгоны төсөвт улсын нэгдсэн төсвийн гурав хуваасны нэгтэй тэнцэх хөрөнгийг санхүүжилтэд гаргахаар заасан. Шинэчлэн найруулсан улсын төсвийн тухай хуульд ч давхар орсон байгаа. Үүний араас ч бид олон зүйлийг хийсэн. Биржийн  тухай хууль байна. Гурван УИХ дамжсан хуулийн төслийг нэлээд нухаж ажлын хэсэг ахалж ажилласан. Болж өгвөл асуудалд цогцоор хандаж, эрхзүйн баримт бичгүүдийг гаргачих юмсан гэж зүтгэсэн. Өнөөдөр малчдын эрх ашгийг хамгаалах, малчны хөгжлийг хамгаалах, хоёр нарны хооронд хөдөлмөр хамгаалал нь нормчлогдоогүй, ямар ч  стандарчлал байхгүй  хөдөөгийн хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой, тэднийг дэмжих  Монголын малчдын нэгдсэн холбоо ТББ байгууллаа. Үүний цаана “Монгол мал” хөтөлбөрөө, малчдын талаар төрөөс баримтлах бодлогын  баримт бичиг, төрөөс явуулж буй бодлогыг малчидтайгаа хамтран зохион байгуулалтад оруулж, төр улсынхаа хөгжил дэвшилд нэмэр болох, жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах   зорилго тавьж байна.

-МАН-ынхан өнөөдрийг хүртэл сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь нууц биш. Тэр дотор тань шиг зорилго тавьж яваа хүн цөөхөн байх шиг?

-Хүн  заавал Их хурлын гишүүний сэнтийд сууж байж сэтгэл ханамж авдаг, тайвшралыг олдог юм биш. Чөлөөт ардчилсан нийгэмд  хаана ч ажиллаж, алдар нэр олж болно. Өөрөө хичээж чадвал заавал сайд дарга хийж явбал сайн явна гэж харагддаг хуучин сэтгэлгээ алга болсон.  Сонгуульд унасан гэж гоншгоноод, дараа даагаа нэхнэ гээд явах утгагүй. Энэ агуу том нутагт хийх ажил их байна шүү дээ.

-Шинэчлэлийн Засгийн газрын тухайд та юу хэлэх вэ. Ажлын эхлэл, алдаа оноог хэрхэн дүгнэж байна?

-Шинэ засгийн ажлыг дэмжиж байгаа. Шийдэж болох олон асуудлыг гишүүдтэйгээ ярьж, хэрэгжүүлж байна. хөгжлийн яамаа байгуулж, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн стратегийг тодорхойлж шинэлэг зүйлүүд хийж байна. Дээр нь өмнөх засгийн хийж хэрэгжүүлж байсан ажлыг  үргэлжүүлж байгаад сэтгэл ханамжтай байгаа. Мэдээж дүн тавих бол болоогүй шүү дээ. Байгуулагдаад дөнгөж зургаахан сар болж байхад муу гэж хэлэх учир  дутагдалтай. Гараа бол зөв байна. Бариа хүртэл зай бий.

-Эдийн засгийн талаар хэрэгжүүлж буй бодлогын тухайд юу хэлэх вэ?

-Дунд болон урт хугацааны хөгжлийг хангая гэж байгааг дэмжиж байгаа. Яагаад гэвэл бид зөвхөн маргаашаа  харсан шүү дээ. 2-3 жилийн дараа улс орны эдийн засгийг ийм хэмжээнд аваачина гэсэн томъёолол байгаагүй. Зарим тохиолдолд нэг гол дээр гурван гүүр барьсан тохиолдол ч бий. Тэр болгонд төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө, гадаад дотоодын зээл тусламж урссан. Тэгвэл өнөөдөр мөнгөний бодлогоо тодорхойлж байна. Бид 20 жил Дэлхийн банкны аманд багтаж явсан. Тэгээд зах зээлд шилжсэн. Хатуу мөнгөний бодлогоор барьчихаар   айлаар бол яахаа алдсан ядуу биш ч өсөх дэвжих тал руугаа маш хэцүү байх нь ойлгомжтой  шүү дээ.

-1.5 тэрбумын бондод хүмүүс тийм ч ам сайтай байхгүй байгаа шүү дээ?

-Тэр мөнгийг олж ирсэн нь сайн. Харин сүүлийн үед мөнгөтэй байхаар нэг хэцүү, байхгүй бол бүр хэцүү гэгч болоод  байх шиг. Бондын асуудал зөв. Эцэстээ имфляцтай Төвбанкны хүүгээр  тэмцэхгүй шүү дээ.

-Өдөрт 270 сая төгрөгийн өрөнд орж эцэстээ бас нэг “Их өр” тэвэрч үлдэнэ гээд байгаа нь  цуурхал гэж үү?

-Би Улсын Бага хурал, УИХ-д ажиллаж байхдаа хөдөө аж ахуйн салбарын зэрэгцээ банк санхүүгийн салбарт ач холбогдол өгч ажиллаж ирсэн. Монголын эдийн засаг хөгжил султай хүүхэд шиг байсан. Монголчуудад хийж бүтээх хүсэл эрмэлзлэл байдаг, гэтэл мөнгө нь байдаггүй. Хүний нутагт зарим нь боолын хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл одоо мөнгөтэй боллоо. Хүмүүс өдөрт нэг цэцэрлэг барих мөнгөөр шатаад байна, хүүний өрөнд яваад байна гээд байгаа. Шүүмжлэгчид юу гэж хэлж байна гэхээр төслөө боловсруулаагүй, зураг төсөл нь хийгдээгүй байхад бөөхөн мөнгө орж ирээд мордохын хазгай болоо гэх юм. Гэтэл огт тийм биш. 1.5 тэрбум ам.долларыг өнгөрсөн арванхоёрдугаар сард оруулж ирсэн. Монголбанкны валютын нөөц 2.5-3 тэрбум ам.доллартай байдаг. Түүнд Монголбанк менежмент хийдэг. Гурван тэрбум ам.долларын гуравны нэгийг олон улсын хамгийн эрсдэл багатай банкинд байршуулдаг. Гуравны нэгийг нь дэлхийн зах зээлд өдөр тутам өсч буй алт аваад байршуулах жишээтэй. Эрсдлээ бүс нутгаар авч үзэж бодно. Ийм маягаар хуваарилалт хийдэг учраас манай  санхүүгийн орчин сайн байгаа.

-Хүмүүсийн айдсыг яаж арилгах вэ?

-Бондын асуудлаар нөхцөл байдал ямар байгаа талаар Монголбанкны удирдлагууд улирал тутам мэдээлдэг байвал хүмүүс айхгүй. Тухайлбал, алт болгож бөайршуулснаас олсон ашиг, арилжааны банкуудад хадгалуулж нэмэгдэл болгосон эх үүсвэр, тэр зээлээр бий болгосон худалдаа, бизнесийн үр ашгийн дэргэд юу ч биш. Тэр болгоныг  дэлгэрэнгүй мэдээлэх хэрэгтэй.

-Одоо таны байгуулсан ТББ-ын тухай яриандаа  эргэж оръё. 21 аймагт салбараа байгуулж амжсан уу?

-Байгуулж байгаа. 330 суманд нэгжээ байгуулна. Бид малчны эрх ашгийг хамгаална, тэднйи хөгжлийг хангана. Хөдөөгийн хөгжлийн цөм энэ. Ингэснээрээ нүүдлийн агуу том соёл, мал аж ахуй эрхэлдэг малчид өөрсдөө хөгжсөн байх учиртай. Малчинд ч, дарга нарт асуудал байна шүү дээ. Малчин гэж ядарсан хүн, малгүй болчихоор нь хэдэн хонь, гурил өгдөг. Төвийнхөн нь малчдыг залхуу өвөл болохоор малаа бараад биднээс нэхдэг. Тэгсэн атлаа махныхаа үнийг буулгадаггүй муу хүмүүс гээд байдаг. Энэ сэтгэлгээг халах хэрэгтэй. Малчид эвлэлдэн нэгдэж өөрдсийгөө хөгжүүлж авч явах цаг ирсэн.

-Сүүлийн үед малчдад нүүрлэсэн аюулыг яах вэ. Уул уурхайнхан  гол усыг нь хашаад авчихсан, мал бэлчих газаргүй боллоо. Нүүдлийн соёо иргэншил ингээд устах уу, авч үлдэх бол ямар хэлбэрээр хадгалах вэ?

-Төр бодлогоо тодорхойлох ёстой. Уул уурхайн салбарт урт болон дунд хугацаанд баримтлах бодлогоо гаргах хэрэгтэй. Гэтэл ийм зүйл алга. Ашигт малтмалын хэл ам таталсан ганц хуультай. Тэр нь эмх замбараагүй байдал үүсгээд байна. Мэдээж бид уламжлалт соёл, эдийн засгийн тулгуур мал сүргээ аварч үлдэх ёстой. Түүний тулд өнөөгийн байдлаас үзэхэд уул уурхайг зогсоох боломж бий. Аймаг бүрт нүүрсний уурхай байна уу гэвэл байна. Хоёр сая хүрэхгүй  монголчууд газар нутгаа бүгдийг сэндийчээд байлгүй амьдрах боломжтой.

Ч.Үл-Олдох

 

 

 

 

 

                                                                   -

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top