УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гадаадад ажиллаад ирсэн байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.
- Таныг гадаадад ажиллаад ирсэн гэж дууллаа. Явсан газрын сониноос дуулгахгүй юу?
-Авлигын эсрэг парламентчдын ГОПАК гэсэн нэртэй олон улсын байгууллага гэж байдаг. Тэднийхээс зохион байгуулдаг 60 гаруй орны 500 орчим төлөөлөгч оролцсон Олон улсын хуралд анх удаа оролцоод ирлээ. Энэ хурлаар дэлхийн парламентчид нийлээд авлигын эсрэг тэмцэх хууль тогтоомжоо сайжруулдаг юм билээ. Өмнө нь манайхаас УИХ-ын гишүүд оролцож байсан юм байна. Тэгээд энэ олон улсын байгууллагын гишүүн орон болгонд салбараа байгуулдаг. Манайд тэр нь байгуулагдаагүй байсан учраас бид ярилцаад Авлигын эсрэг Монголын парламентчдын МОНПАК нэртэй бүлэг байгуулсан. Саяхан 2013 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Жишээлбэл авлига, аудит, бараа үйлчилгээ худалдан авалт, төсвийн хяналт шалгалтын тухай хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт оруулах асуудлууд байна. Засгийн газар Мөнгө угаахын эсрэг хууль боловсруулж байгаа юм билээ. Үүний ажлыг хэсэг орж ажиллана. Мөн парламентчдын ёс зүйн асуудал дээр анхаарч энэ тал дээр ямар ямар идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй вэ гэдэг дээр санал нэгдээд ажиллах гэж байна. Жишээлбэл, Төрийн бус байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд энэ чиглэл дээр юу хийж байна, компанийн түвшинд юу хийж байна, ОУ-ын байгууллагуудад ажиллах НҮБ-ын Авилгын эсрэг концевцийн хэрэгжилт нь ямар төвшинд байна гэх мэтийн авлигын эсрэг бодитой үйл ажиллагаа явуулахаар 15 гишүүнтэй бүлгэм байгууллаа. Бүлгэм бол нээлттэй.
-Намрын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулган хүртэл ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Юуны түрүүнд Эдийн засгийн байнгын хорооноос гурван хэсэг гараад хөдөө орон нутгаар явах юм билээ. Би Дархан, Эрдэнэтээр явж үйлдвэр объектуудтай танилцана. Мөн энэ хугацаанд Засгийн газрын шинэчлэлийн багцууд байгаа түүн дээр ажиллана. Миний цуглуулсан арван хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд байгаа тэр хуулиуд дээрээ мөн ажиллана.
-Аж үйлдвэрийн танхимаас энэ оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зарласан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нам дор түвшинд барьснаар зээлийн хүү буурна гэсэн. Танайх ямар замаар зэлийн хүүг бууруулах вэ?
-Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2013 оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зарласан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг инфляцийг нам дор түвшинд барьснаараар буурна гэж яриад байгаа юм. Энэ бол биш. Инфляцийг нам дор төвшинд барих нь сайн. Гэхдээ банкны секторт өрсөлдөөн өрнөхгүй, зээлийн үйл ажиллагаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг оруулж өрсөлдөөн өрнүүлэхгүйгээр зээлийн хүү буурахгүй. Тийм учраас энэ талаас бодож зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлого нь инфляцийг онилох биш, эдийн засгийн өсөлтийг онилох хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг онилно гэдэг нь зүгээр эдийн засгийн өсөлт биш эдийн засгийн оролцоотой өсөлт юм. Эдийн засгийн оролцоотой гэдэг нь жижиг дунд бичил бизнесийн орчинг дэмжих санхүүгийн орчин үүсгэх юм.
Санхүүгийн орчин үүсгэж өгөхийн тулд санхүүгийн секторт реформ хийх ёстой.
-Санхүүгийн секторын реформууд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр орсон байгаа байх аа?
- Тэр нь зөвхөн үнэт цаасны тухай хууль биш. Энд хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан даатгал гэх мэтийн маш олон зүйлүүд байгаа. Одоогийн байдлаар Монголын санхүүгийн секторын 95 хувийг зөвхөн банкууд. Тэгэхээр энэ 95 хувийг багасгаад бусад санхүүгийн секторуудын орон зайг нэмэгдүүлж өрсөлдөөн үүсгэж байж зээл авагч, үйлчлүүлэгч сонголттой байж зээлийн хүү бууруулах орчин бүрдэнэ. Тийм учраас энэ тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сан энэ бүхний чинь хууль эрхзүйн үндэс нь байхгүй. Хууль эрхзүйн үндсийг болгох хэрэгтэй байгаа юм. Энэ бол зөвхөн үнэт цаасны зах зээл биш. Үүнийг Монголбанк инфляцийг нам дор төвшинд барьснаар хийнэ гээд байгаа юм. Харин энэ талаас нь бодоогүй илүү өргөнөөр бодож зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил болгон зарласан.
-Тодруулга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Deadly accurate answer. You”ve hit the buslyele!