МАН-ын мөхөл ба Ерөнхийлөгчийн сонгууль

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Өрсөлдөгчид хэн бэ?
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуулийн ир орж өгөхгүй байна” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил МАН-ын унхиагүй байдлаас болоод иргэдийн хүсэн хүлээж байсан улстөрийн мэтгэлцээний талбар болж чадаагүй гэсэн үг. Чухамдаа МАН-ын унхиагүй байдлаас болоод Ц.Элбэгдорж сонгуулийн кампанит ажлынхаа амыг чадлаараа татаж байгаа бөгөөд “давчих вий” гэсэн айдастай болчихсон байна. Нэг тал хэт идэвхгүй байхад нөгөө тал хэтэрхий эрчимтэй ажиллавал өөрөө өөрийгөө унагах гээдбайдаг тал бий. Өнөөдөртөө шуудхан хэлэхэд “Элбэгдоржийн гол өрсөлдөгч нь Элбэгдорж” өөрөө болчихоод байгаа юм. Харин Б.Бат-Эрдэнийн гол өрсөлдөгч нь Н.Удвал болчихлоо. Асуудлын эцсийн дүнг таамаглавал бараг ирц хүрэхгүй байх вий гэсэн ганцхан айдас л Ц.Элбэгдоржид байна. 1993 онд сонгогчдын ирц бараг 93,7 хувь байснаа сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуульд 73,5 хувь болж бүхэл 20 хувиар буурсан нь ийм зовнил төрүүлж байна. Сонгогчдын тавны нэг шүү дээ. 
Сонгууль бол зөвхөн нэр дэвшигчийг “рекламдаж зарах” үйл ажиллагаа биш юм. Гэтэл сонгууль яг л ийм юм болчихлоо. Том биетэй, монгол цустай, цэвэр цусны энэ тэр бол банхар нохойд ч байдаг “давуу тал”. Тэрний хажууд “хэлмэгдүүлэлтийг зогсоох, даргаа суллуулах нь” хамаагүй илүү улстөрийн шинжтэй акц. Цаад утгаараа бол шоронд байгаа, байхгүй хоёр Ерөнхийлөгчийн улс төрийн өрөг шүү дээ. Хэрэв зөв таниулж чадвал Гитлерийг хорьсонтой зүйрлэдэггүй юм гэхэд Нельсон Манделаг хорьсонтой ч зүйрлэчихэж болохоор улстөрийн явууртай суурь акц юм.
Чухамдаа Н.Удвалын ард Н.Энхбаяр байгаа гэсэн том фон л Н.Удвалыг өндөрт өргөх ба сонгогчид Н.Удвалыг бус Н.Энхбаярыг Б.Бат-Эрдэнэтэй зүйрлээд эхэлбэл МАН-д үхлийн цохилт болно. Ингээд харвал бараг дөрвөн нэр дэвшигч байх шиг байна, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ.
Сонгуулиар намууд ойрын болон хэтийн зорилго тавьдаг. Ойрын зорилго нь мэдээж нэр дэвшигчээ ялуулах, хэтийн зорилго нь намыг болон институцийг бэхжүүлэх, улстөрийн орон зайгаа тэлэх. Хэрэв Б.Бат-Эрдэнэ ба түүний нам энэ мэтээр сонгуулийн кампаниа үргэлжүүлбэл МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай ойролцоо үр дүн үзүүлж мэдэхээр байна. Намын унхиагүй байдал, кампанит ажлын урагшгүйгээс урам хугарсан МАН-ын дэмжигчид саналаа тэгэхээс тэг гэж Н.Удвалд өгвөл ийм л юм болно. Ойрын зорилгоо ингэж алдвал алсдаа МАН-ын орон зайг МАХН дүүргэх, дэмжигчид бөөнөөрөө МАХН руу ханарах хандлага гарцаагүй бий болно.
Ийм сургамжийг гаднаас ч, бүр холоос ч хайгаад хэрэггүй. Ердөө 2005 оны сонгуулиар М.Энхсайханы эсрэг нам нь ажиллаж, кампанит ажлыг нь гацаахад л Бүгд Найрамдах намын Б.Жаргалсайхан 13,9%, “Эх орон” намын нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11,4%-ийн санал авч байсан ба Ерөнхий сайд байсан, хамгийн шинэчлэгч имижтэй М.Энхсайхан 20 хувь хүрч чадаагүй билээ. Тэгэхэд АН-ын электораль хатуу суурь л 20 хувиас давчихсан байсан үе шүү дээ. М.Энхсайханыг унагаснаараа АН хожоогүй бөгөөд намын суурь дэмжигчдээ задласнаараа уналтад орж, 2008 онд ялах боломжоо алдаж байсан юм. Тэр сонгуулийн үеэр Н.Энхбаяр М.Энхсайханаас илүү Б.Жаргалсайханаас болгоомжилж сонгуулийг төгсгөж байсан түүхтэй.
Яг энэ түүх өнөөдөр давтагдаж болзошгүй байгаа ба МАН сонгуульд ялах биш, МАХН-д яаж саналаа алдахгүй байх вэ? гэдгээ л бодож суух болсон байна. МАН-ын алдаа бүр нь МАХН-ын нэр дэвшигчид шимэгдэх болжээ. Н.Энхбаяр туршлагатай ухаалаг улстөрч учраас Н.Удвал ялахгүй ч Н.Бат-Эрдэнээс дутахгүй санал авснаараа 2016 онд нам нь МАН-тай эн зэрэгцэх рейтингтэй орох ёстой гэж бодож байна. Амжилт хэт их байвал МАН үндсэндээ устаж, тэр орон зайг нь МАХН дүүргэх ч боломжтой юм. Чухамдаа яг өнөөдөр МАН-ыг улстөрийн тавцангаас арчих хүсэл АН-д бус “Шударга ёс” эвсэлд байгаа юм.
Сонгуулийн дүн нурууг үзвэл Н.Удвал Б.Бат-Эрдэнэтэй ойролцоо санал авснаараа МАХН-ын хамгийн даруухан сонголт, МАН-ын хамгийн “хүчирхэг” сонголтоос ч илүү гэдгийг харуулж чадна. Н.Удвалаас илүү санал авах боломжтой Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Д.Цолмон цаана нь бий гэж сонгогчид бодох бол МАН-д Ө.Энхтүвшингээс өөр хэн байгаа гэж?

Аваргын дэвэлт
Саяхан ШӨХТГ-аас NBC телевизэд сануулга өгөв. “Эвийг эрхэмлэнэ” гэсэн МАн-ын нэр дэвшигчийн уриаг “Эдийг эрхэмлэнэ” гэж санаатайгаар мушгин гуйвууллаа гэж. Хэрэв сонгууль өрсөлдөөнтэй болж байсан бол МАН үүгээр томоохон шуугиан хийх байсан биз, гэтэл үнэндээ энэ бол урианы сонголтын алдаа юм. Улстөрийн технологид ядаж ийм мушгилтаас зугтаж уриагаа сонгох ёстой шүү дээ. Энэ бол NBC-ийн хэл санаатай санаандгүй халтирснаас илүүтэй МАН-ын пиарчдын хөгийн алдаа л байхгүй юу. Ийм алдааг маш хөнгөхөөн өлгөж авна, тэр ч байтугай О.Магнай Б.Бат-Эрдэнийг өрөвдөн өшиглөж байна. Яагаад гэвэл ШӨХТГ-ын авсан шударга арга хэмжээнээс болоод “эдийг эрхэмлэгч” нэр Б.Бат-Эрдэнэд наалдчихлаа.
Б.Бат-Эрдэнийг сонгуулахын тулд МАН “мөлхөх”-өөр шийджээ. Гэвч сонгуулийн 30 хоногт улс даяар мөлхөж амждаггүй л байхгүй юу. Тэр байтугай нэг тойрогт ч мөлхөж амжихгүй. 45 хоногт бол арай илүү боломжтой. Гэтэл сонгуулийн хугацааг богиносгосоор байтал МАН-ын улстөрийн технологичид мөлхөх тактик сонгож байгаа нь нэр дэвшигчээ шуудхан л алж байгаа хэрэг. Өнөө нэр дэвшигч нь сагсчин Шаравжамц шиг л гоолиг болоод ирэхээс өөр ямар үр дүн байна аа? Ядаж Н.Удвал ингэж явсан бол аятайхан эмэгтэй болох нигууртай учраас хувь талаасаа их үр дүнтэй.
Хүн амын 55 хувь нь амьдарч байгаа Улаанбаатарыг шууд хаячихаад 1,566 сая хавтгай дөрвөлжин киломерт нутгаар тэнэж, ертөнцийн сүүлийн нүүдэлчид ч байж магадгүй 170 мянган малчин өрхтэй уулзахаар ганцхан нэр дэвшигч давхиж явна гээд бодоод үз дээ. Ямар Израйлд сонгууль хийж байгаа биш дээ? Хөөрхий аварга ч дэвээд л, дэвээд л.
МАН сонгуульд орохын өмнө тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг хэвлэлийн нарийн бичгийн даргаа сольжээ. Өмнө нь байсан Т.Гантулга бол хазахаас бусдыг хийчих ядаж л олон нийттэй харилцах чиглэлээр ном гарын авлагатай нөхөр. Гэтэл гэв гэнэт заалнаас нэр дэвшсэн Б.Оюунчимэг хэвлэлийг гартаа авав. Одоо бол тактик ойлгомжтой, аваргыг орон даяар хэсүүлж, уулзалтын сурвалжилгыг бүх телевизүүдээр цацаад л байна. Нэг долоо хоног сонирхолтой, хоёр дахь долоо хоногоос улиг болно. Халз мэтгэлцээн дээр нэр дэвшигч нь мэдээгээр хавтгай цацсан мессежээ давтан ярина, тэгээд сүүлийн долоо хоногт “аварга капут”. Германаар дуусаа гэсэн үг.
Ядаж байхад төвөөс орон нутаг дахь сонгуулийн ухуулагчдад “нэр дэвшигчээ таниул” гэсэн удирдамж очжээ. Цаадуул нь “Юуг нь таниулах вэ? Аваргыг бүгдээрээ л таниж байна билээ” гээд сууцгааж байх юм гэнэ.
Аварга бүх нутгаар давхиж явах зуур нөгөөдүүл нь тактикийн алдаан дээр нь тоглож байна гэнэ. Аварга очингуут нэр хүнд нь ямар нэг хэмжээгээр өсөх ба түүнийг ажиглаж байгаад өндөр өсөлттэй газар нь араас нь дагаж “баллуурдаж” байна. Аварга буцах аргагүй, монгол газар уужим учраас чигээрээ л зүтгээд байхаас аргагүй. Харин өнөөдүүл нь мань хүнээр судалгаагаа хийлгэж байхгүй юу. Санхүүгийн байгаа жаахан нөөцөө “Петровисийн” бензинд өгөөд дуусаж байгаа бололтой МАН-ынхан.
Одоо бол яах нь ойлгомжтой, орон нутгаас судалгаа авч нэгтгээд ялагдах нь тодорхой болмогц Элбэгдоржийн эсрэг хар пиар эхлүүлнэ. Ингэхдээ хариу өгөх боломж олгохгүйн тулд сонгуулийн хугацааны сүүлийн хоногт л сумаа тавина. Өмхий хүрэн эцсийн аргаа хэрэглэж өмхийгөө цацдаг шиг. Мэдээж үүнийг нэр дэвшигч хүсэхгүй ч штаб зохион байгуулж л таарна. Эцсийн дүндээ аваргын нэр хүнд л сэвтээд дуусна. Сонгуулийн хугацаа гуравны нэгээр богиносчихоод байхад уламжлалт тактикаар зүтгэх нь МАН ерөөсөө сонгуулийн кампанит ажлаа ч зөв төлөвлөж, зохион байгуулж, шинэчлэх чадваргүй болсонтой холбоотой. Сонгуулийн кампани зохион байгуулах нь байтугай сонгуулийн бараа цөөхөн харсан хүмүүсээр төлөвлөгөө гаргуулахаар ингэж л алж байгаа юм даа.
Одоо ч бараг эцсийн дүн харагдаж байна. Сонгогчдын ирц 57-60 орчим хувьтай байна. Ц.Элбэгдорж 53-54 хувийн санал авна. Үлдсэнийг нь нөгөө хоёр хувааж авна.

МАН-ын ирээдүй МАХН
Өсөж яваа залуу, хөгширч байгаа хижээл хоёрын хооронд ганцхан ялгаа бий. МАХН өсөж байна, МАН уруудаж байна. Өнөөдөр МАХН бага санал авсан ч ирээдүйд хоёр нугарч тусаа өгнө, харин МАН-ын алдсан санал бүр нь ирээдүйд хоёр нугарч гай болно. Энэ сонгуулийн дараа МАН-ын хатуу суурь МАХН-ын зүг хүчтэй савж гулсах төлөвтэй болсон байна. Унхиагүй нэр хүндээ алдсан удирдагчид, урьдын муу нэр, уруудан доройтож буй МАН-аас живж буй хөлгөөс хүмүүс зугтахын адил үй олноороо зугтах ба тэдний очих нөөц буудал бол гарцаагүй МАХН болж таарах юм.
Явж явж энэ Ерөнхийлөгчийн сонгуулиас хамгийн их хожиж гарах нь МАХН л байж таарах гээд байна. МҮАН-д ийм боломж байсан боловч Ц.Элбэгдоржийг дэмжихийн тулд нэр дэвшүүлсэнгүй. Тиймээс МАХН тэр оронзайг нь дүүргэхээр болжээ.
Савалгаа ихтэй сонгуулийн үеэр гуравдагч оролцогч л хамгийн их ашиг хүртдэг. Энэ хэрээр ирэх сонгуульд МАН ба МАХН-ын байр солигдох урьдач нөхцлийг энэ сонгуулиар тавьж байгаа юм. Яг үнэндээ бол Н.Энхбаярыг АН-ынхан биш МАН-ынхан, Ерөнхийлөгч биш Засгийн газар барьж хорьсон бөгөөд хууль зүйн утгаараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэргүүтэй бизнес лобби бүлэгт энэ боломж бий, тодруулбал гүйцэтгэх бүх эрх мэдэл Засгийн газраас өөр хаана ч хадгалагддаггүй. Ингэх шалтгаан нь яг ийм ирээдүйг хүсээгүйд л байсан юм. Гэвч нэгэнт эхэлсэн үйл явц яаж ч хорьж зогсоох гээд болдоггүйд л хамаг учир байна.
Чухам иймээс “МАХН-МАН-МАХН” гэсэн ирээдүйн улстөрийн хувилбар бий. Б.Бат-Эрдэнэ аварга хэрэв намаас нь дэвшүүлэхгүй бол МАХН-аас дэвших боломж бий гэж хэлж байсан тэр үг л энэ хувилбарын гол гогцоо болж байгаа юм. МАН-аас нэр сольсныг эсэргүүцэж гарахыг завдаж байсан 2008-2012 оны элснийхэн гэгддэг 14 УИХ-ын гишүүний нэг нь Б.Бат-Эрдэнэ бөгөөд нөөц хувилбартай улстөрийн тоглолтоороо намаасаа нэр дэвших эрх авсан нь цаашид жишиг болон тогтох юм. Хэрэв нэр татах боломжтой байсан бол хэлэлцээрт орж магадгүй Б.Бат-Эрдэнэ нэрээ татсан тохиолдолд ялалт “зүүний” хүчнийхэнд очих магадлал ч байсан билээ. Б.Бат-Эрдэнэ аварга ялагдсаныхаа дараа ямар хөдөлгөөн хийхээс МАН-ын хувь заяа хамаарахдаа тулж байна. Одоо бол “МАХН-МАХН” блокийн жинлүүрийн туухай хаашаа хэлбийх нь сонгуулийн дараахь аваргын алхамаас харагдана.
МАХН 2016 оны сонгуульд АН-тай эн тэнцүү өрсөлдөх боломж байгаагаас бус өнөөгийн сонгуулийн явцыг харвал МАН улстөрийн голлох хүчний байр сууринаас аажим гулсан холдож буй дүр зураг л харагдаад байгаа юм.
Эцэстээ Лениний музей мөхсөн Тарбозавр батаарын ясыг бус мөхсөн МАН-ын дурсгалыг хадгалсан түүхийн музей болох янзтай. Аль 1996 онд М.Энхсайхан МАХН-ыг унагахын тулд Лениний музейг улсын мэдэлд авах оролдлого хийж байсныг Н.Энхбаяр таслан зогсоож намаа буцаан сэргээсэн тэр түүхийн давтамж энэ удаа л тохиож байгаа мэт санагдаж байна. Яагаад гэвэл МАН сонгуулийн ялагдлын дараа дагаж босох лидергүй болсон байна. Харин МАХН-д бол олон лидер байгаа хамгийн том нь шоронд хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаяр юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(183.177.99.86) 2013 оны 06 сарын 10

MAN ene udaa bol ylnaa

0  |  0
n(183.177.99.86) 2013 оны 06 сарын 10

AN MAHN 2 garahgui bolohooroo ingej MAN-iin ner devshigch ruu dairch bna da udval elbegee 2-iin ner hund odor ireh tusam unaj bgaa da ene udaa bol baterdene gishuun ylnaa yagaad gevel ene AN-iin sonduuli bolohoor gem zemgui negniig barij horidog ner devshigchee albaar unagah gesen 2 hunii ywuulga bgaa yum da

0  |  0
zochin(203.91.117.4) 2013 оны 06 сарын 10

MAN-iig tatan buulgahguigeer Mongol tsaash hol ybahgui.hurdan shiideh heregtei.

0  |  0
zochin(122.201.18.153) 2013 оны 06 сарын 10

man sunutugei buun ulsyn khurunguur bayajisan durakuudyg shorond ni khataakh kheregtei

0  |  0
Зочин(203.91.119.100) 2013 оны 06 сарын 10

Зөв дүгнэлт байна.МАН-ынхан мөхвөл зохино.Энхбаяры

0  |  0
зочин(203.194.114.206) 2013 оны 06 сарын 10

Удвал хүн амын хамгийн ядарч яваа хэсгийн амьдралтай танилцаж байгаа нь масст таалагдаж байна амжилт хүсье

0  |  0
Top