Нана Квамэ Аброква буюу NANA“Darkmаn” нь 1990-ээд оны олон гайхалтай дурсамжийг өгүүлсэн Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдартан билээ. Гэвч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, ээжийнх нь урлагаас боловсролыг илүүд үзэх эсэргүүцэл гээд өнөөдрийн дэлхийд танигдсан домогт одын амьдрал тухайн цаг үеүүдэд тийм ч дардан байсангүй.
Тэрээр 1969 оны 10-р сарын 5-нд Гана улсын нийслэл Акра хотод төрсөн. Эцэг эх нь түүнийг 10 настай байхад нь салж, тэрээр ээж, дүү нарын хамт Герман улс руу нүүснээр арьс өнгөөр ялгаварлах үзлийн хор хохирлыг өөрийн биеэр мэдэрч байв.
Гэсэн ч хөгжимтэй үнэнчээр нөхөрлөж, түүний төлөө авьяас чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан нь түүнд ирээдүйд од болон гялалзах шидэт түлхүүрийг атгуулсан юм.
Нанаг амжилтанд хүрэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хүний нэг бол продюсер Тони Котура. Тэрээр тухайн цаг үеийн хамгийн амжилттай байсан “Fun Factory” төсөлд ажилладаг байсан бөгөөд тэр үеийн хамгийн алдартай “Marky Mark”, “Backstreet Boys”, “N”Sync” зэрэг хамтлагуудын менежер, продюсерээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байв.
1997 онд Тони Котура өөрийн хамтрагч Бүйлэнт Арисийн хамт “Fun Factory”-ийг орхин, “Бояа Мюзик” продакшныг Нана-тай байгууллаж Нана-гийн анхны дебют альбомыг гаргасан бөгөөд мөн энэ цаг үеэс түүний бие төлөөлөгч, менежерээр ажиллаж эхэлжээ. Нанагийн хамгийн их амжилт олсон хит дуу нь 1997 онд Жан Ван Дэр Торн, Алекс Принц болон Мазаяатай хамтарсан “Ганцаардал” буюу “Lonely” дуу нь билээ.
Ингээд тун удахгүй Азид хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлж, 3-р сарын 1-нд “Remember the time” тоглолтоо хийх домогт дуучны 1998 оны 9-р сарын 19-нд Румын улсын “TELE Cablu”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Таны эцэг, эх салсны дараа ээж тань таныг дагуулан Герман руу нүүсэн. Та шинэ орчинд хэрхэн дасан зохицсон бэ?
-Би тэр үед Германаар ярьж чаддаггүй байсан нь бага зэрэг асуудал болж байсан. Миний Гана улс дахь найзууд ихэвчлэн Европ хүүхдүүд байсан болохоор надад орчинтойгоо зохицоход ямар нэгэн бэрхшээл байгаагүй. Гэвч сургуулийн хүүхдүүд намайг үргэлж хар арьстан гэж гадуурхдаг байсан. “Хөөе, чи бол манай сургуульд байх эрхгүй, энэ чиний байх ёстой газар биш” гэдэг үгсийг байнга сонсдог байлаа.
-Германы эв нэгдлийн холбоо энэ асуудалд хэрхэн ханддаг байсан бэ?
-Өнгөрсөн арваад жилийн турш ялгаварлан гадуурхахтай холбоотой олон том асуудал гарч байсан. Харин одоо бол өөр. Арьс өнгөөр гадуурхах үзэл өөрчлөгдөж, бид адилхан хүмүүс гэдгийг ойлгодог болж байна. Асуудлын гол нь үүнийг ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүст л байна гэж би боддог.
-Таны уран бүтээлүүд ихэвчлэн хүчирхийлэл, шудрага бус зүйлийн эсрэг утга санааг өгүүлсэн байдаг нь таны үзэж туулсан амьдралтай холбоотой болов уу?
-Эрх чөлөө, шударга ёс гэсэн хоёрхон үгээр л би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг хүсдэг. Одоо ч гэсэн дэлхий дахинд хүчирхийлэлд өртөж, хүчирхийлэл дунд амьдарч буй хэсэг цөөнгүй байна. Тиймээс хүмүүст өнгөрсөнд болсон бүхий л үнэнийг сануулах, тэдний бурангуй сэтгэхүйг өөрчилж зовж байгаа нэгэндээ туслах хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь миний зорилго. Тийм ч учраас би уран бүтээлүүддээ голчлон шударга ёс, эрх чөлөөний тухай өгүүлдэг.
-Гэхдээ та боксоор хичээллэдэг шүү дээ. Энэ чинь хүч хэрэглэсэн спорт биш гэж үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарим хүмүүс мэргэжлийн бокс болон каратэг зодоон, хүч хэрэглэдэг муу зүйл мэтээр мэдээллэдэг. Гэхдээ энэ бол ердөө л спорт шүү дээ. Миний хувьд эрүүл, эрч хүчтэй байх үүднээс боксоор хичээллэдэг. Мөн энэ спортоос би өөрийгөө ялан дийлэхэд суралцдаг.
-Та ямар төрлийн дуу хөгжим сонсож өссөн бэ?
-Тэр үеийн залуусын жишгээр Майкл Жексоныг маш их сонсдог байсан. Одоо ч гэсэн сонсох дуртай. Мөн Стиви Вондер, Жеймс Броун, Боб Марлей, Кисс, Эй Си Ди Си гэх мэтчилэн бүхий л урсгалын дуунуудыг сонсдог байлаа. Тэр үед анхнаасаа л өөрийгөө хөгжмийн хүн болно гэдэгт итгэлтэй байсан. Анх DJ болоод миний тавьсан дуунуудад хүмүүс бүжиглэж байхыг хараад үнэхээр их баярлаж билээ.
-Ээж тань таныг эмч эсвэл хуульч болгохыг хүсч байсан гэдэг. Та урлагийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ?
-Би багаасаа урлагт дуртай хүүхэд байсан. Би цэцэрлэгт байхдаа хаягдал лааз өшиглөж, теннисийн цохиураар тоглоход тэд яг л хөгжим мэт сонсогддог байсныг санаж байна. Тэр л үеэс би бүжиглэж, дуулах дуртай нэгэн болсон. Дараа нь манайх Герман улс руу нүүж ирэх үед үнэндээ надад хөгжмөөс өөр сайн найз байгаагүй. Энэ үед л би дуу хөгжимтэй нэгэн цул болж, сэтгэл зүрхээрээ холбогдож эхэлсэн.
Харин үүнийг ээж маань эрс эсэргүүцэж боловсрол хамгийн чухал гэсэн хатуу зарчимтай байлаа. Гэсэн ч би өөрийн хүсэл сонирхолдоо үнэнч байж, ажил хийж, олсон мөнгөө цуглуулан анхны хөгжмөө худалдан авч байсан. Нэгэнт ээжийн хатуу эсэргүүцэл байсан болохоор өрөөндөө нууцаар хөгжим сонсож, дуу бичих зэргээр өөрийгөө бага багаар хөгжүүлсээр байсан. Ингэснээрээ би амьдралаас маш том амжилт, бас ялалтаар шагнуулсан. Би ийм шийдвэр гаргасандаа огт харамсдаггүй.
-Хэрвээ та урлагийг сонгоогүй бол юу хийдэг, ямар хүн байх байсан бол?
-Би урлагт хайртай, би урлагаас өөр зүйл сонгохгүй байсан байх. Хааяа хэрвээ би ээжийнхээ үгээр явсан бол ямар байх байсан бол гэж боддог ч үнэндээ юу ч төсөөлөгддөггүй.
-Та Тони Коттураг анх хэдийнээс мэддэг болсон бэ? Түүнийг таны амьдралд чухал нөлөөтэй хүн гэдэгт эргэлзэхгүй байна...
-Тийм ээ. Би Тониг 1989 оноос хойш танина. Би тэр үед DJ, харин Тони “Fun Factory”-гийн удирдагч байсан. 1994 оны нэгэн сайхан орой тэр над руу залгаж альбомынхоо дуунууд дээр хамтарч ажиллах санал тавьж байсан юм. Би ч зөвшөөрч, бидний хамтын ажил эхэлсэн. Одоо эргээд харахад энэ оройн шийдвэр миний амьдралд маш том өөрчлөлт, амжилтыг авчирсан гайхалтай мөчүүд байжээ гэж эрхгүй бодогддог. Би тэр үеийг хэзээ ч мартахгүй байх.
-Танд өнгөрсөн үеийнхэнтэй хамтарч ажиллах боломж гарвал хэнийг сонгох вэ?
-Би Wyclef Jean-тай хамтарч ажиллахыг хүсдэг. Намайг хүмүүс “2рас”-тай зүйрлэдэг байсан. Гэхдээ бид их өөр хүмүүс. Би “2 рас”-ийг хүндэлдэг бас тэр хүнээр бахархдаг. Хүн хичнээн алдар, нэр хүндтэй байж болно. Гэхдээ нэг л дүрмээр явах ёстой гэж би боддог. Үргэлж өөрийнхөөрөө байж хэн байснаа битгий март. Өөрөөр хэлбэл миний гутлыг хэн ч өмсөөд явж чадна, харин миний тархийг хэн ч удирдаад явж чадахгүй гэсэн үг. Тийм учраас хүн бүхэн өөрийн гэсэн ухаантай байх ёстой.
-Та их нууцлаг, даруу хүн шиг санагддаг. Гэхдээ танд ч гэсэн ододын өвчнөөр өвчлөх үе гарч мэдэх юм?
-Би бол урлагийн чиглэлийн бизнесмэн хүн. Энэ салбарт ямар асуудлууд байдгийг би сайн мэднэ. Урлагийн алдартнууд хоёр нүүр гаргаж, хүн чанараа алдах тохиолдол их байдаг. Учир нь тэднийг олонд танигдаж эхлэх үед их өөр орчин, эрс тэс амьдрал угтаж авдаг. Тэд зурагчид, олон нийтийн анхаарлаас зугтах асуудалтай тулгарч эхэлнэ. Үүнийг тайлбарлахад амаргүй л дээ. Гэхдээ нэг л мэдэхэд их зан сууж, өөрийгөө хэн байснаа мартаж, нэг үгээр бол ододын өвчнөөр өвчилж эхэлдэг. Бид бүгд адил хүмүүс. Бид олны танил, мөнгөтэй, олон хит дуутай байлаа гээд жирийн хүмүүсээс илүү гараад байх зүйлгүй. Үүнийг ойлгохгүй байгаа хүмүүст та үнэхээр маш том асуудалтай тулгарчээ гэж хэлмээр байна. Би өөрийгөө мэддэг учраас өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаг. Үргэлж том зорилготой байж, хөдөлмөрлөж, түүндээ тэмүүлэлтэй байна гэдэг маш том аз жаргал, бас амжилт юм.
Сэтгэгдэл ( 0 )