Мөсөн зочид буудал Jukkasjärvi нь Шведийн хамгийн хойд хэсгийн Кируна тосгонд байрладаг. Шведийн вант улсын хамгийн хойд талд орших, газар нутгийн хувьд хамгийн томд ордог Норрботен мужын төв хот Кируна нь эх нутгийг маань санагдуулам хүйтэн сэрүүн цаг агаар нь сайхан байдгийн хажуугаар, өвөлдөө нар үзэхгүй мөнхийн харанхуй, зундаа шөнө үзэхгүй мөнхийн гэрэл гэгээтэй. Арктикийн шугамаас хойш орших энэ хотод жуулчдын сонирхлыг татах гоц гойд юм нэн элбэг. Дэлхийн соронзон орны нөлөөллөөр үүсэх туйлын туяаны онцгой сэтгэл татам үзүүлбэр тэнгэрт наадах нь, мөнхийн харанхуй, эсвэл мөнхийн өдөр ноёлсон мэт байдал нь, цаатан айлын өвөрмөц ахуй соёл нь энэ нутагт гадаад дотоодын жуулчлалыг эртнээс татсаар иржээ. Сүүлийн жилүүдэд Кирунагийн хажууд байгуулагдсан Мөсөн зочид буудал нь өвлийн аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн дэлхийн бас нэгэн шинэ гайхамшиг болоод тогтохгүй, адилхан цаг агаартай олон оронд үлгэрлэн авч хэрэгжүүлж эхэлсэн шинэ бүтээл, шинэ бизнес болжээ.
Мөсөн зочид буудлын онцлог нь жилийн 4 улиралд ажиллах хүчин чадалтай. Зуны улиралд тусгайлан байгуулсан хөргөгч төхөөрөмж бүхий томоохон павилионд багасгасан хэлбэрээрээ байрладаг энэ буудалд гоёмсог мөсөн өрөө тасалгаануудаас гадна, мөсөн баар, мөсөн кинотеатр, тэр ч бүү хэл мөсөн саун ч энд бий. Мөсөн өрөөндөө зузаан дулаан аяны хөнжилд унтаад өглөө сэрэхэд тань мөсөн аяганд халуун кофе уух боломжоор хангагдсан байгаа. Үүний хажуугаар мөсөн тавганд хоолоо идэх нь хэзээ хэзээгүй хайлчих вий гэсэн хөгжилтэй бодлыг дагуулна. Та энэ зочид буудалд хонохоор бол 139.000 GBP ($ 227,000 ) зарцуулах хэрэгтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )