Өнөөдөр ээждээ хайртай гэдгээ заавал хэлээрэй

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Хорвоо дэлхийн бүх хүн чамайг үзэн ядаж байсан ч чиний талд мөнхөд зогсох нэг хүн бий. Тэр бол чиний ээж. Тийм болохоор ээжийнхээ дэргэд байгаа бүх хүн хамгийн азтай. Оройтож ажлаасаа очиход чинь хоолыг чинь халааж, цайг чинь чанаж, “Битгий хүлээгээрэй, унтаж байгаарай” гэхэд зөрүүдэлсэндээ биш үрдээ сэтгэл зовнисондоо хөлийн чимээ чагнан суудаг дундрашгүй сэтгэлтэй өгөөмөр хүн бол ганцхан ээж.

Алс хол байгаа ч цайныхаа дээжийг үрийнхээ төлөө өргөж, ерөөлийн үгээ дайж, нүдээ чилтэл хүлээж суудаг  хүн бол бас л таны ээж. Тэгвэл та хамгийн сүүлд ээжийгээ хэзээ баярлуулж, ээждээ хэзээ үнсүүлсэн бэ.  Хоёр нарны хооронд завгүй амьдралын хэмнэлд автагдаад анзаарч, санах ч сөхөөгүй байна уу. “Хүн ээжийгээ дэргэд нь байхад мөнхийн юм шиг санаж, аашилдаг. Гэхдээ нэг л өдөр бурхны оронд залрах хатуу жамтайг санаарай. Тиймээс ээжтэй нь ээжийгээ амьдад нь хайрлаж, ээж нь бурхны оронд заларсан бол хором бүр ачийг нь санаж, сүсэглэж явах хэрэгтэй” хэмээн яруу найрагч П.Бадарч гуай ээжийнхээ талаар ярихдаа нулимс дуслуулан хэлсэн байдаг.

Тиймээс ижийдээ очоогүй нь өнөөдөртөө багтаад очиж, хамт байгаа  нь аагтай сайхан  цай чанаж өгч, “Ээжээ би тандаа хайртай”  гэж амжиж хэлээрэй. Амжиж үнсүүлээрэй. Бараа сураг нь харагддагүй  "ховрын хүн"  таныг ээж тань цайгаа чанан, эрхээ эргүүлж, үүдэн хоймроо бараадан хүлээж суугаа. Санчигт  нь хяруу унасан ээжийнхээ магнайг тэнийлгэж, амжиж очоорой. Очих завдал болдоггүй юмаа гэхэд утсаар ч болов ярьж, мэндийг нь мэдэж баярлуулаарай.

Б.Лхагвасүрэнгийн  "Ижийтэйгээ байхад би баян байсан"  шүлгийн хэсгээс  танд зориулъя.

Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Б.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu