Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнуудад зохих хэмжээнд тэмдэглэдэг байхаар зөвлөмж гаргажээ.


Яагаад заавал 3 сарын 20 гэж? Яагаад гэвэл энэ үед өдөр шөнө тэнцдэг өдөр билээ. Бараг дэлхийн бүх газар энэ үед өдөр шөнөтэй тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн билэгдэл болох юм гэж тооцоолсон байна. Харин манай улсад 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг билээ.


2012 онд НҮБ 3 сарын 20-ны өдрийг аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасай гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор Олон улсын аз жаргалын өдөр (International Day of Happiness) болгон тунхаглажээ.

НҮБ түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг эдийн засгын хөгжил тэгш, бүх нийтийг хамарсан байх ёстой гэдэгт хандуулахыг оролдож байгаа билээ. Үүний үр дүнд улс орнуудын ядуурлын төвшин буурч, эдийн засгын өсөлт тогтвортой болох ажээ.


Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижигхэн уулын орон болох Бутанаас (Bhutan) гарсан нь их сонирхолтой юм. Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний  аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index)  бол энэ улс хамгийн сайн нь юм.


Нийт улсын жаргалын коэффициент гэдэг энэхүү ойлголтыг мөн Бутаны 4 дэх ван анх санаачлан дэлгэрүүлжээ. Түүнчлэн хүмүүсийн аж амьдралын болон дэлхийн янз бүрийн орнуудын хүрээлэн байгаа орчны байдлыг тодорхойлохын тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индекс (Happy Planet Index) гарган баталжээ.


Философи, ёс суртахуун, сэтгэл судлал, мөн шажны номлол зэрэг шинжлэх ухаанууд аз жаргал хэмээх үзэгдлийг судалдаг бөгөөд физиологчид аз жаргалыг “аз жаргалын гормон“ хэмээгддэг эндорфин, серотонин, дофамин зэрэг гормонуудтай нарийн холбон судалдаг байна.


Мянга мянган жилийн турш аз жаргалын тухай ойлголт яруу найрагчид, зураачид, хөгжимчид, жүжигчдын бүтээлд өргөн орон зайг эзэлсээр ирсэн билээ. Мэдээж хэрэг, баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж  яваа хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй Аз жаргалтай заавал учрах болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top