Ерөнхий сайд захирамж гаргасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох юм уу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Уг ажлын хэсгийнхэн баялаг бүтээгчдэд таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэнэ дээ.
Тодруулбал, тусгай зөвшөөрөл буюу лиценз олгодог олон шат дамжлага, хүнд суртлыг цэгцэлж, нэг цэгийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх ажлыг хийж байгаа тухайгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ярьжээ. Цаашдаа тусгай зөвшөөрөл лицензийн асуудал эрхэлсэн хараат бус байгууллага байгуулж, түүгээр энэ асуудлыг шийдүүлдэг болох юм. Дараа нь лиценз зөвшөөрлийг зөвхөн онлайнаар олгодог журамд шилжих бөгөөд бүх лиценз кодтой болно. Улмаар тусгай зөвшөөрөл давхцах, мөнгө нэмж авах зэрэг асуудал үүсэхээ болино гэдгийг ажлын хэсгийнхэн ярив.

Сэтгэгдэл ( 0 )